Ч.Содномцэрэн: Гадаадад амьдарч буй монголчууд долдугаар сарын 4-5-нд саналаа өгнө

Ч.Содномцэрэн: Гадаадад амьдарч буй монголчууд долдугаар сарын 4-5-нд саналаа өгнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаа дуусч буйтай холбоотойгоор дараагийн Ерөнхийлөгчийг тодруулах бүх нийтийн сонгууль энэ сарын 26-нд болсон. Сонгуульд эрх баригч МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, сөрөг хүчин АН-аас Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд асан Х.Баттулга, МАХН-аас УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нар нэр дэвшин өрсөлдсөн. Гэвч, нэр дэвшигчдийн хэн нь ч сонгогчдын талаас илүү хувийн санал авч чадаагүй учраас манай улсад түүхэндээ анх удаагаа шийдвэрлэх шатны санал хураалт явуулахаар болсон билээ. Хоёр дахь санал хураалтад МАН болон АН-ы нэр дэвшигч өрсөлдөх юм. СЕХ-ноос өмнө нь шийдвэрлэх шатны санал хураалтыг долдугаар сарын 9-нд товлосон ч, улс төрийн нам, холбоо, эвсэлүүд эсэргүүцэн хугацааг урагшлуулахыг шаардсан байдаг. Тэгвэл тус шаардлагыг СЕХ хэлэлцээд ирэх сарын 7-нд явуулахаар болсон байна. Энэ талаар СЕХ  хэвлэлийн хурал зарлан олон нийтэд мэдээллээ.  

Хоёр дахь шатны санал хураалттай холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү санал хураалтыг долдугаар сарын 4-нд, АН, Ардчилсан залуучуудын холбоо товыг урагшуулж, долдугаар сарын 6-ны өдөр явуулахыг шаардсан байдаг. Тэгвэл тэдгээр шаардлагыг СЕХ хэлэлцэн судлан үзсэний үндсэн дээр урагшлуулж, долдугаар сарын 7-нд явуулахаар товложээ.

Учир нь санал хуудас хэвлэх, хөдөө орон нутагт хүргэх, тоног төхөөрөмжөө бэлтгэхэд хугацаа шаардлагатай учраас хамгийн боломжит хувилбараар хугацааг товлосон гэдгээ СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн онцолсон юм.

Түүнчлэн, гадаад  улс оронд ажиллаж амьдарч буй монголчуудад саналын хуудсыг хүргэхэд оногдсон хугацаа хүрэлцэхгүйтэй холбоотойгоор санал хураалтыг долдугаар сарын 4-5-нд явуулахаар болжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.