Тусгаар тогтнол, эх орон, шударга ёс гэх үгийг урд хаалганыхаа дээд хэсэгт сийлсэн Монгол Ардын хувьсгалт намын байр хөл хөдөлгөөн ихтэй. Гадна давчуу зайг нь “Eagle”, “TV9” зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын машинууд дүүргэж, намын байрны орох хаалганы орчимд цагаан цамцаар ижилссэн 10 орчим хүн сууж харагдана.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, хамгийн бага санал авах хоёр дахь санал хураалтад оролцох боломжгүй болсон МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар тэнд хэвлэлийн бага хурал зарласан юм.
Хурал хоёр давхарт болох байв. Гэхдээ тэндэхийн уур амьсгал нэг л өвөрмөц. Хурлын танхимын хамгийн урд хэсэгт тусгайлан зассан ширээн дээр телевизийн микрофон, сонин, сайтын сэтгүүлчдын дуу хураагуур, гар утас байх бөгөөд ард нь тавьсан сандалд нэр дэвшигч С.Ганбаатар болон МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын хүмүүс сууж, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл зогссон харагдав. Тэд бүгд цагаан срокчин цамц өмсчээ.
Харин залны хэсэгт гурван эгнээ сандал байрлуулсан байх бөгөөд МАХН-ын үнэнч дэмжигчид, ухуулга сурталчилгаанд оролцогчид нь сууж, танхимыг зайгүй болтол нь дүүргэсэн байв. Нэг эгнээнд хамгийн багадаа 50 хүн сууж байсан гэж тооцвол 150 хүн лав байсан байх. Ерөөс тэнд цугласан хүн бүр л цагаан цамц өмсчээ. Гагцхүү сэтгүүлч нар л өөр өнгийн хувцастай дэгсдүүлж хэлбэл, сүрэг хунгийн дунд орсон аятай ялгарч байсан юм.
Болж буй үйл явдлыг сурвалжлахаар ирсэн сэтгүүлчид гурван эгнээнд хуваагдан суусан намын гишүүдийн өмнө хана налж, зарим нь үзэг, дэвтэрээ барин зогсч, ямар нэг зүйл тэмдэглэх бөгөөд 20 орчим дүрс бичлэгийн камерын ард зураглаачид нь зогсоно. Зарим сэтгүүлчид гар утсаараа шууд бичлэг хийж байгаа нь ч харагдав. Дунд сургуулийн багахан биеийн тамирын заал шиг давчуухан танхимын дөрөв хуваасны гуравтай тэнцэх зайд 150 орчим хүн суусан болоод ч тэр үү тэнд байгаа бүхий л хүний магнайд хөлс бурзайж, ахимаг насныхан үе үехэн шанхыг нь даган урсах хөлсөө шуугаараа шувтарч байлаа. Хүүхэд байхдаа дэггүйтэн толгойдоо гялгар уут углахад амьсгал давчддаг шиг тийм л орчинд хэвлэлийн бага хурал эхэллээ.
Хурлын эхэнд нэр дэвшигч С.Ганбаатар саналыг МАНАН хэрхэн луйвардсан талаар ярьж, “Сонгуулийн хамгийн сайн тал нь хулгайчдын хулгай хийх арга ил боллоо. Саяны сонгуульд ямар нэгэн булхай байгаа эсэхийг мэдэхийн тулд дахин санал хураалт явуулах ёстой. СЕХ эрх баригчдын гар хөл болсон. Маргаантай байгаа хэсгүүдэд дахин санал хураалт явуулахыг шаардаж байна. Хэрэв СЕХ хоёр дахь шатны сонголт явуулахаар улайран зүтгэвэл шударга байдлыг хүсэгчид иргэд аль ч нэр дэвшигчийг дэмжихгүй. Саналын хуудсыг цагаан хэвээр нь уншуулахыг уриалж байна. Сонгуульд сайн хүн оролцохгүй бол муу хүмүүс оролцож биднийг зовоосоор байх болно. Хар харыг хараар зайлуулдаг юм.
Цагаан сонгуулийн хувьсгалыг эхлүүлэхийг уриалж байна. Ингэвэл Монголын улс төрд үүр цайна” хэмээн хашгичих шахам чанга дуугаар хэлэв. Харин түүнийг үзэж суугаа намын гишүүд уухайлан хашгирч, “үү үү үү” гэж орилон алга нижгэнүүлэн таших нь тэр. Тэр дунд “Зөв өө, үнэн” гэж орилох хүмүүс ч байлаа.
Ингэж л намын байрны танхимд хүрэлцэн ирсэн хүмүүс цагаан цамцаар жигдэрсэн учир тайлагдлаа. Нэр дэвшигчийн хэлж буйгаар тэд сонгуульд С.Ганбаатарын төлөө саналаа өгсөн иргэдийг дахин сонгуульд оролцохдоо цагаан хуудас уншуулахыг уриалах үүднээс зориуд зохион байгуулалттайгаар цагаан өнгийн цамцаар жигдрэн хүрэлцэн ирсэн нь энэ аж. Тэр үед нэгэн телевизийн сэтгүүлч гар өргөн асуулт асуух гэсэн боловч, өнөөх орилон хашгирч, алга нижгэнүүлэн таших чимээ сэтгүүлчийн үгийг давж, хэнд ч сонсогдсонгүй. Эцэстээ өнөөх чимээ алсарч, сая нэг хүмүүс алгаа ташиж дууссаны дараа сэтгүүлч “Та цагаан сонгууль гэж уриалж байна. Хэрэв энэ дахин санал хураалт хүчингүй болсон тохиолдолд дахин сонгууль болж, МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байсан. Та үүнд тайлбар өгөөч” гэж асуулаа.
Гэтэл өнөөх сандалд тухалсан намын дэмжигчдийн нэг “энэ сэтгүүлч захиалгаар асууж байна” хэмээв. Харин С.Ганбаатар “МАХН-ын Н.Энхбаяр энэ сонгуульд аль хэдийнээ ялчихсан. Үүнийг тэвчиж чадахгүй төрийн хулгайч нар СЕХ дээр урьдчилсан сонгууль явуулж хассан. Дахин сонгууль болвол МАХН-ын удирдлагууд нэр дэвшигчээ тодруулна” гэж хариулсны дараа дэмжигчид мөн л уухайлан хашгирч, алгаа нижигнүүлсээр. Энэ мэтчилэн дэмжигчид, танхимыг бөгс эргэх зайгүй болтол нь дүүргэсэн намын дэмжигчдийн алга таших, уухайлан хашгирах чимээ МАХН-аас зарласан хэвлэлийн бага хурлыг үнэн хэрэгтээ микрофон, камер, сэтгүүлчтэй намын бага хурал болгож орхив. Тийнхүү нэгэн нэр дэвшигчийн хэвлэлийн хурлыг сурвалжлаад дараагийн үйл явдал руу яарах агшинд өнөөх хашгирах алга таших чимээ танхимд хадсаар ард үлдлээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.