Төрийн өмчит компаниудыг хувьчилъя

Төрийн өмчит компаниудыг хувьчилъя

Манай улсад одоогоор төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн тоо 100 давчихсан. Бүхэл бүтэн улсын төр өөртөө өмчтэй байж болох нь мэдээж. Тэрхүү өмчийг нь харж хамгаалан нэгдсэн байдлаар менежмент хийдэг газар бол Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /ТӨБЗГ/. Гэтэл тус газрын дарга Ц.Ням-Осор “Өнгөрсөн онд төрийн өмчит 100 гаруй аж ахуйн нэгжээс 37 нь алдагдалтай ажиллалаа.

Тиймээс ТӨБЗГ-аас эдгээр төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлуудад хамгийн түрүүнд алдагдалгүй ажиллуул гэдэг үүрэг даалгавар өгсөн. Чадахгүй бол ажлаасаа огцор. Үгүй бол, удаа дараа алдагдалтай ажиллаж буй төрийн өмчит компаниудыг хувьчлах болно” гэдэг сануулгыг өнгөрсөн хавар өгч л байсан. Аминдаа, дураараа дарга нараа айлгаж байгаа нь тэр биз. Харин одоо зуны амралт зугаалга эхэлж, сонгуулийн дуулиан шуугианд энэ ажил дарагдаж, дарга захирлууд айх завгүй, тоох янзгүй явж байх шиг байна.  

Гэхдээ ард түмний нүд сохор, чих дүлий, толгой дүйнгэ биш. Харин ард түмнийг тийм байгаасай гэж хүсдэг улстөрчид байхыг үгүйсгэхгүй. Учир нь хоёр том намын аль  сонгуульд ялсан нь төрийн өмчин дээр ээлжлэн сандаалж, ганц нэгээс бусдыг нь алдагдалтай ажиллуулаад сурчихсан.

Тэгсэн хэр нь хамгийн багадаа 5-6 сая төгрөг, томоохон компанийн захирлууд бол дунджаар 25 сая төгрөгийн цалин урамшуулал авч байгаа, хүүхдээ компанийн мөнгөөр гадаадад сургаж байсныг ард түмэн мартаагүй. Сонгуульд хүчин зүтгэсний шагнал, ялсан намын хишиг нь төрийн өмчит компаниудын дарга, захирлын зөөлөн суудал болсон нь нууц биш болжээ, одоо. Ийм учраас л төр муу менежер байхаас аргагүй.

Дөрвөн жилийн “нас”-тай шинэ дарга морилохдоо өөрийн багтайгаа ирж, өмнөх хүмүүсийнхээ хийж байсан ажлыг ёстой нэг самарч өгнө. Ингээд судалж суралцах гэж эхний хоёр жилийг урсгаж, сурч судалсан арга, технологио нутагшуулах гэсээр байтал дараагийн хоёр жил нь шурдхийгээд өнгөрдөг. Эцэст нь, ард түмний тавих дүн ойлгомжтой. “Тэд юу ч хийгээгүй юм чинь дараагийн хүнийг нь сонгоод үзье” гэдэг горьдлого, цөхрөл. Үр дүн нь яг адилхан. Тэрбум, тэрбумын алдагдалтай ажилласан тайлангаа зөөлөн тухтай суудлын хамт дараагийн хүндээ хүлээлгэж өгчихөөд өөрөө юу ч болоогүй юм шиг хувийн бизнес хөөж, эвсэл улстөрийн сонгуульд нэрээ дэвшүүлж, дээшээ цойлдог жишиг тогтоод байна.

Уг нь МИАТ, Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгой, Хөгжлийн банк, Хөрөнгийн бирж, ДЦС-ууд, “Оргил” рашаан сувилал гээд бас ч гэж улсдаа томоохонд тооцогдох мэргэжлийн байгууллагууд одоохондоо төрийн мэдэлд байгаа. Гэхдээ заримдаа төрөөс төрдөг тэрбумтнуудын үүр орноо засдаг өндөр дэнж нь болчихдог. Товчоор хэлбэл намын санхүүжилт, улсьтөрчдийн халаасыг түнтийлгэхээс өөр шид алга. Ер нь ч дэлхийн жишиг ярих дуртай манайханд хэлэхэд бусад улс оронд төрийн компани гэж байна уу, үгүй юу судлаад үз дээ.  Байпаггүй, бүр гайхах болов уу.

Ер нь манайд болохгүй байгаа бүхэн энэ олон ТӨХК нэртэй “саалийн үнээ”-нээс болж байгаа нь тодорхой байна. Тиймээс төрийн өмчит компани, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг хувьчилья. Гэхдээ 1990 оны цэнхэр, ягаан тасалбар шиг гоомойтолгүй, жинхэнэ утгаар нь хувьчилсан шиг хувьчилж олон нийтийн өмчит компани болгочихвол компанийн засаглал, хяналт, хариуцлагын тогтолцоо нь өндөрсөх ч юм билүү. Олон гэдэг оломгүй далай гэдэг сэн. Ингэснээр ард түмэн өмчтэй болж, хөрөнгийн бирж ч утгаараа ажмллах бус уу.

Уг нь эрх бүхий байгууллагаас нь төрийн өмчит бүх аж ахуйн нэгжийн сүүлийн гурван жилийн санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж, чухам юунаас болж жил дараалан алдагдал хүлээгээд байгаагийн учир шалтгааныг тогтоосон байдаг. Ингээд төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг сайжруулснаар ашгийг нэмэгдүүлж чадна гэж үзээд УИХ-аас 2015 онд 70 дугаар тогтоолыг гаргажээ.

Энэхүү тогтоолоор “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийг баталсан юм. Энэ нь эдийн засгийн хүндрэлтэй үед цагаа олсон шийдвэр байлаа. Уг тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт”-ыг Засгийн газраас баталжээ.

Харин одоо ТӨБЗГ энэхүү жагсаалтын биелэлтийг дүгнэж, хэрэгжээгүй асуудлуудыг цаашид хэрхэх талаар Засгийн газраас чиглэл аван ажиллаж буй аж. Үндсэн чиглэлийг 2017-2018 онд хэрэгжүүлэхдээ төрийн болон төрийн өмчит таван байгууллагыг бүрэн хувьчлах, найман байгууллагын төрийн эзэмшлийн хувийг бууруулах, зургаан байгууллагад бүтцийн өөрчлөлт хийхээр тусгасан байна. Өөрөөр хэлбэл, “дарагдсан” 70 дугаар тогтоолоо ширээнийхээ нүднээс гаргаж, хэрэгжүүлж биелүүлэх ажлаа хийж эхэлнэ байгаа.

Ингэж байж л төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын муу засаглалыг аварч, муухай удирдлагуудаас нь салгана. Үр дүнд нь тэрбум, тэрбумын алдагдалтай хэр нь ажилласаар л байдаг улсын үйлдвэрийн газрууд, төрийн өмчит компаниуд эмх цэгцэндоо орж, жинхэнэ бизнесийн зарчмаараа буюу “тоглоомын дүрэм”-ээрээ ажиллана. Тиймээс төр муу менежер гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрч, төрийн өмчит компаниудаа хурдан хувьчлахыг шаардаж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.