А.Ганбаатар: Намынхаа байраар орж чадахгүй явна

А.Ганбаатар: Намынхаа байраар орж чадахгүй явна

Төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр арилжихыг завдсан хэрэгт холбогдоод байгаа МАН-ын гишүүн, “Шинэ Монгол Хаадууд” группын захирал А.Ганбаатар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд анх удаа хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд мэдээлэл өгөв.Тэрээр “Би бол МАН төрийн албан тушаалыг зарж борлуулан 60 тэрбум төгрөг босгох гэсэн асуудалд холбогдоод байгаа А.Ганбаатар гэж хүн байна” хэмээн өөрийгөө танилцуулахаас яриагаа эхэлсэн юм. Тэрээр 60 тэрбумын асуудал бол улс төрийн зорилгоор сонгууль дөхөхөд гаргаж тавьдаг Г.Доржзодов гэдэг хүний хийсэн эвлүүлэг хэмээгээд “Миний бие Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйн зөвлөхөөр ажилладаг. Жил гаруйн хугацаанд хууль хяналтын байгууллагад тайлбар мэдүүлэг өгсөн. Дээрх газруудаас хэрэг шалгаж байх үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандах хэрэггүй гэсэн учраас мэдээлэл өгөх боломжгүй байлаа. Харин одоо энэ байдал хэрээс хэтэрсэн учраас өнөөдөр бодит байдлыг хэлэхээс өөр аргагүй болж байна” гэв.

Ингээд Г.Доржзодов өөрийнхөө хийсэн санхүүгийн схемийг бидэнд санал болгож надтай хэд хэдэн удаа уулзсан. “Та дарга нартаа танилцуулаад, зөвөөр ойлгуулаад өгөөч.  Энэ схем ОХУ-д хэрэглэгддэг. 2012 онд АН хэрэглэсэн. 2016 онд хүчтэй сонгууль болно. Танай нам үүнийг ашиглабал ялах магадлал өндөр” гэж байсан юм. Гэтэл одоо өөрийнхөө хийсэн юмыг биднийг хийсэн болгоод олон удаагийн уулзалтын бичлэгийг нийлүүлээд эвлүүлэг хийсэн байна. Санхүүгийн схемийг надад олон удаа танилцуулсан мөртлөө одоо надад тийм мэдлэг чадвар байхгүй гэж яриад байгаа. Үнэндээ Г.Доржзодов татварын ерөнхий газарт даргаар газар хэлтэст нь ажиллаж байсан. Нэр дэвшигчийн зөвлөхөөр ажиллаж, намд тодорхой албан тушаал хашиж байсан юм билээ. Надад CV нь бий. Г.Доржзодов үнэхээр шударга хүн юм бол уулзалтад оролцсон бүх хүмүүсийн бичлэгийг гаргаж ирэх хэрэгтэй. Гэтэл Г.Доржзодовын өөрийнх нь дуу хоолой яагаад байдаггүй юм бэ хэмээсэн юм.

Харин ямар нэгэн уулзалт болсон эсэх талаар “Шинэ Монгол Хаадууд” группын дөрөвдүгээр давхар уулзалт болсон нь үнэн. Гэхдээ тэр хурал уулзалтад МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуй нар байгаагүй. Нийслэлийн МАН 2016 оны сонгуульд хэрхэн оролцох талаарх төлөвлөгөөг ярихад Шадар сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар байсан. Гэтэл эдгээр хүмүүс яагаад өнөөг хүртэл дуугарахгүй, үнэн бодит мэдээллийг өгөхгүй байгаа юм бэ. Би олон жил нөхөрлөсөн Ц.Сандуйтайгаа өнөөдрийг хүртэл уулзаагүй. Намынхаа байраар ч орж чадахгүй явна хэмээн “гомдоллов”. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.