Оффшорчдод өгсөн өршөөлийн хугацаа дууслаа, одоо хэрхэх вэ

Оффшорчдод өгсөн өршөөлийн хугацаа дууслаа, одоо хэрхэх вэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн даруйдаа хэд хэдэн зарлиг, нөгөөтэйгүүр тушаал гаргасан байдаг. Тэдгээрийн нэг нь гадаадын оффшор бүсэд хөрөнгө эзэмшиж буй улстөрчид болон бизнес эрхлэгчдийг нуусан мөнгөө эх орондоо оруулж ирэн, эдийн засгийн эргэлтэд оруулах, ингэсэн тохиолдолд өршөөлд хамруулж ямар нэг хуулийн хариуцлага хүлээхгүйгээр асуудлыг шийднэ хэмээн амлаж улмаар 49 хоногийн хугацаа өгсөн билээ.

Тэгвэл оффшор бүсэд данстай улстөрчдөд боломж олгосон 49 хоногийн хугацаа өнөөдөр дуусгавар болж байна. Энэ хугацаанд ямар ч улстөрч болон бизнес эрхлэгчид дансаа хааж, мөнгөө эх орондоо оруулж ирэх оролдлого хийгээгүй гэдгийг АТГ-аас мэдээлжээ. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон нийтэд задалсан мэдээгээр Монгол Улсын 49 иргэн, аж ахуйн нэгж компани оффшор бүсэд данс эзэмшдэг гэдэг нь тодорхой болсон.

Долоон компани гадны нэр дээр бүртгэлтэй байсан бол 42 нь Монгол Улсын иргэний эзэмшилд байдаг гэсэн тоон мэдээг танилцуулж байлаа. Тэр дундаа нөлөө бүхий улстөрчдийн төлөөлөл болон тэдгээрийн ар гэр, ах дүү амраг садны хамааралтай 23 иргэн, аж ахуйн нэгжийн данс байгааг зарлаж байлаа. Тэгвэл эдгээр хүмүүсээс нэг нь ч Ерөнхийлөгчийн сануулгыг ажил хэрэг болгох талаар гараа хөдөлгөсөнгүй. Харин ч үл тоож, оффшор бүсэд данстай байхыг чухалчилсан хэрэг болов. Энэ тохиолдолд Ерөнхийлөгч ямар шийдвэр гаргах нь сонирхолтой байгаа юм.

Ерөнхийлөгч хөрөнгөө ил болгож, Монголын банкинд шилжүүлэхгүй бол “оффшорчид”-ыг илчилж, хариуцлага хүлээлгэх санал гаргасан. Тэгэхээр ажил хэрэг болгохын тулд өнөөдрөөс эхлэн оффшорчидтой тууштай тэмцэж, төр төмөр нүүрээ харуулах эсэхийг хүлээх л үлдлээ. Оффшор бүсэд данс эзэмшиж буй Монгол Улсын иргэдээс олны танил улстөрчдийг нэрлэвэл УИХ-ын гишүүн Сү.Батболд, гишүүн асан С.Баярцогт, НИТХ-ын дарга Ц.Сандуй, Ерөнхий сайд асан С.Баяр нарын нэрс дуулдаж буй юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.