МАН-ын Засгийн газар жоомоо биш гэрээ шатаачихлаа

МАН-ын Засгийн газар жоомоо биш гэрээ шатаачихлаа

МАН-ын байгуулсан “мэргэжлийн” гэх тодотгол зүүсэн Засгийн газар байгуулагдсанаас хойшхи нэг сарын хугацаанд олон ч дуулиан дагуулсан мэдэгдэл хийж, тэр хэрээр олны анхаарлыг татах шийдвэр гаргаж байна. Өөрөөр хэлбэл, олны анхаарал татаж л байвал болно гэсэн сэтгэхүйгээр тэд хандаж улсынхаа нэрийг ч үл тоомсорлож дотоод асуудлаа дэлгэж орхилоо.

Монгол Улсын төсөв улайж, валютын нөөц хомсдож цалингаа ч тавьж чадахгүйд хүрсэн тухай Сангийн сайдынх нь мэдэгдэл Монгол Улсын нэрээр олон улсын хөрөнгийн биржид арилжаалагдаж буй хувьцааны ханшид нөлөөлж, нөгөө талаар манай улсын нэр хүнд ч унаж эхэлсэн. Валютын нөөц хомс байгаа тухай Төв банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы мэдэгдлийн дараа олон улсын хөрөнгийн биржид арилжаалагдаж буй Чингис бондын өгөөж 5.42 хувиас 5.71 болж 5.4 хувиар муудсан бол Сангийн сайдын мэдэгдлийн дараа мөн л огцом муудсан тухай мэдээлэл олон улсын санхүүгийн хэвлэл мэдээллээр гарч эхэлсэн юм.

Жоомоо шатаах гээд гэрээ шатаахын үлгэрээр өмнөх намынхаа нэр хүндийг унагаж, өөрсдөө цэвэрхэн мултрахын төлөө хийсэн энэ үйлдэл нь улс орны хувь заяанд тийм ч өөдрөгөөр нөлөөлж чадсангүй.

Олон улсын валютын сан түүний энэ мэдэгдлийг сайшаасан ч эцсийн дүндээ энэ улсын хувь заяа тэдэнд сонин биш. Валютын зээл авах “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахыг байсхийгээд л сануулж ирсэн тэдэнд бид жоомоо шатаана уу, гэрээ шатаана уу гэдэг огт хамаагүй гэхэд хэтийдэхгүй. Энэ бүхний дараа Засгийн газар юу хийх бол гэдэг нь мэдээж олон ч хүний хүлээх сэдэв болж, эдийн засагчдын ч анхаарлыг зүй ёсоор татсан. Үнэхээр л төсөв улайж, улсын данс хоосорч цалингаа ч тавьж чадахгүйд хүрсэн бол Ж.Эрдэнэбатын Засгийн газар эндээс яаж гарах нь тун ч сонирхолтой байв.

Тэгвэл энэ Засгийн газрын гарц нь мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлж, олон мянган аж ахуйн нэгжийн хаалгыг бариулж, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн зээл авах эх үүсвэрийг хаах шийдвэр байжээ. Тодруулбал, Монголбанкны дэргэдэх Захирлуудын зөвлөл өчигдөр ээлжит хуралдаанаа хийж 10.5 хувьтай байсан бодлогын хүүг 4.5-аар нэмэгдүүлж 15 хувьд хүргэх шийдвэрийг гаргажээ. Хэдийгээр инфляцийг бага төвшинд хадгалж ирсэн ч ам.долларын төгрөгтэй харьцах ханш 7.9 хувиар суларсан учраас эдийн засгийн орчноо бэхжүүлэх, мөнгөний үнэ ханшийг нэмэгдүүлж, дэлхийд хамгийн сул мөнгөн тэмдэгтээр нэрлэгдээд байгаа монгол төгрөгийн ханшийг хамгаалах үүднээс энэхүү шийдвэрийг гаргахад хүрчээ.

Нэг талаас харвал энэ тун зөв шийдвэр байж мэдэх. Гэвч нөгөө талаас харвал зүүний чиглэлтэй, халамжийг зорилгоо болгодог МАН-ын тэргүүлсэн Засгийн газар хэтэрхий харгис шийдвэр гаргалаа гэж хэлж болно. Мөнгөний бодлогын хүү гэдэг нь төв банк арилжааны банкуудаас татан төвлөрүүлж байгаа хөрөнгөндөө жилд төлөх хүүгийн хэмжээг хэлдэг. Бодлогын хүү өндөр байснаар арилжааны банкуудын гадагшаа зээл гаргах сонирхол буурч, зээлийн хүүгийн хэмжээ нэмэгддэг. Ингэснээр олон мянган аж ахуйн нэгжүүдэд арилжааны банкууд үүд хаалгаа хааж, тэр хэрээр зах зээлээс аж ахуйн нэгжүүд арчигдахад хүрнэ. Сөрөг хүчин байсан өнгөрсөн дөрвөн жилд МАН-ынхан бодлогын хүү 13.5 хувь байгаа нь буруу, маш олон аж ахуйн нэгж дампуурлаа зарлалаа хэмээн эсэргүүцэж, олон ч гишүүд аж ахуйн нэгжүүдийн хувь тавилангийн төлөө санаа чилээж байгаагаа илэрхийлж байлаа. Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, өдгөө Сангийн сайдаар ажиллаж буй Б.Чойжилсүрэн нарын олон ч гишүүдийн амнаас аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж дампуурлаа, зээлийн хүүгээ бууруул, мөнгөний бодлогын хүү хэтэрхий чанга байна гэх үг гарч байсан нь хэвлэлийн хуудаснаа дурайж буй.

Гэтэл тэд эрх барьж эхлээд л өмөөрч байсан хэсэг бүлгийнхээ өр лүү өшиглөх шийдвэр гаргаж орхив. Хамгийн хачирхалтай нь Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдаар томилогдсон даруйдаа арилжааны банкуудад зээлийн хүүгээ бууруулах чиглэл өгч байлаа. Гэтэл өчигдөр гарсан энэ шийдвэрээр хүү буурах бус харин ч улам илүү нэмэгдэх нь тодорхой болж байна. Амьтай голтой төдий гэлдэрч буй ипотекийн найман хувийн зээл ч үндсэндээ зогсонги байдалд орно гэсэн үг. Арилжааны банкууд хэзээд эрсдэлтэй алхам хийхгүй.

Тиймдээ ч Төвбанкны гаргасан шийдвэрийг сөрж, Ерөнхий сайдын шийдвэрийн төлөө зээлийн хүүгээ бууруулж, эрсдэлтэй нөхцөлд зээл их хэмжээгээр гаргахгүй билээ. Тиймдээ ч төгрөгийн үнэ цэнээ хадгалах гэсэн Төвбанкны шийдвэр жоомыг биш гэрээ шатаах шийдвэр болон хувирчихлаа. Үүнийг ч мэргэжлийн эдийн засагчид дуу нэгтэй ярьж эхэлжээ. Өнгөрсөн нэг сарын хугацаанд Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын ам  ажил нь алд дэлэм зөрөөд байгаа нь хачирхалтай. Гаргасан шийдвэр бүхэн нь ч нөгөөтэйгөө зөрчилдөж байгаа учраас ар араасаа хийсэн энэ ноцтой мэдэгдэл өнөөдрийн эдийн засгийн бодит байдал уу, эсвэл дараагийн нүхээ ухах гэсэн улс төрийн шоу төдий юу гэдгийг ялгахад бэрх.

Төсвийн үрэлгэн зардлыг тэвчиж төрийн өмчит компаниудын дарга нарын цалинг хасч хэмнэлт хийх шийдвэр гаргасан атлаа дэд сайд гэх ямар ч хэрэггүй албан тушаалыг дахин бий болгож төсөвт дарамт учруулав. Зээлийн хүүг бууруулж, аж ахуйн нэгжүүдийг татвараас чөлөөлөх шийдвэр гаргасан атлаа бодлогын хүүг нэмэгдүүлж нөгөө гараараа тэдний хүзүүнд олс углаж орхив.

Энэ мэтээр нэг гараар хийснээ нөгөө гараараа устгаж буй Засгийн газар, Сангийн яам, Монголбанк ямар гэгчийн замыг сонгоод буйг хэлэхэд эрт байна. Энэ бүхний төгсгөлд улсаа тэр чигээр нь барьцаанд тавьж олон улсаас валют зээлж, өөрсдөө ямар ч шийдвэр гаргах эрхгүйгээр барьцаалагдах “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаас өөр арга алга хэмээн мэдэгдэл хийвэл гайхах зүйл үгүй болох нь ээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ