Баггүй Бат-Үүл багадана

Баггүй Бат-Үүл багадана
Нэг. Гитлер хүүгийн явдал 
 
Ийм яриа явж байна гэнэ. Явах ч юу байхав, явуулж байгаа юм байна. “Бат-Үүлийгээ сонгож хотын дарга болгочихоод бусдыг МАН-даа өгье” гэж. 
 
За тэгээд өнөө нэг үлгэр шиг юм болох нь л дээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед фронтод бэлэг цуглуулж байхад болсон явдал гэж байгаа. Нэгэн хүдэр эр хоёр морь хөтөлж хэдэн хонь тууж ирээд “Ялж яваа баатарлаг улаан армид хоёр морь бэлэглэе. Харин тэр хэдэн хонийг ялагдаж, зүдэрч яваа хөөрхий Гитлер хүүд өгөх юм шүү” гэсэн гэдэг.
 
Харин шинэ цагийн Гитлер хүүгийн үлгэрээр бол нийслэлийн иргэд хотоо удирдан хөгжүүлж чадна гэдэгт нь итгэсэн нэг саналаа Бат-Үүлд өгөөд, үлдсэн 44 суудлыг нь “хөөрхий ялагдаж зүдэрч яваа МАН хүүд” өгөх юм байна. Дүнд нь АН нэг л суудалтай үлдэж, МАН үнэмлэхүй ялах учиртай ажгуу.
 
Хуучин арга ч биш л дээ. 2000 онд Архангай нутагтаа алдар хүндийн оройдоо явсан нэр дэвшигч Р.Гончиг­доржийг яг тийм ар­гаар унагасан юм. Тэр үед МАХН-ын­хан (Одоогийн МАН чинь тийм нэртэй байсан) “Нутгийн ах дүүс минь энэ Гончигдоржийгоо гамнаж байгаад хойтон ерөнхийлөгч болгох нь дээр гэж бид тохироод байгаа” хэмээн сурталчилсаар байгаад унагачихаж билээ.
 
МАН-ын пиар сайн. Тэд бүтэн зууны туршлагатай бөгөөд биднийг хүссэн болгондоо үнэмшүүлж, Чингис хааны хүртэл үндэстний дайсан гэж итгүүлж чадсан үзэл сурталчид.  Хэлсэн болгонд нь үнэмшдэг иргэд бүхий нийгмийг бүтээж чадсан улс гэхээр үнэхээр л аюумаар, биширмээр.
 
Харин өнөөдөр нийгэм нээлттэй болж ард түмэн итгэх, үл итгэх эрхтэй болсон нь “Гитлер хүүг”-ийн үлгэрийг шүүмжлэн хэлэлцэх боломж олгож байна.
 
Хоёр. Ганц Бат-Үүл ганцдана
 
Хэрвээ нийслэлд АН ялагдвал бид Бат-Үүлгүй болно. Үнэн хэрэгтээ ганц Бат-Үүл хэн ч биш. Юун хотын хүчирхэг удирдагч вэ, харин хурал дээр ганцаараа үглэсэн цагаан өвгөн л болно.  Ийшээ тиишээ хий янцгааж давхисан, адуугүй ганц азарга л үлдэнэ. Учир нь түүнийг сүргийн манлайгаараа томилдог сүрэг адууг нь та бид сонгоогүй учраас тэр. 
 
Манайхны зарим нь ерөнхийлөгчийг бүх ард түмэн сонгодог, харин Их хурлын гишүүнийг тойрог тойргоос сонгодог тогтолцоотай андуураад байна. Андуурах юу  байхав, андууруулаад байна. 
 
Олон түмээн, битгий ингэж андуур. Ард түмнийг андуу байгаасай, яг л  1990 оноос өмнөх үеийнх шигээ андууруулахад амархан байгаасай хэмээн мөрөөддөг улсын бахыг битгий ханга. Үл андуурагч, Үнэн учрыг ологч болж тэднийг сөр.
Үнэн хэрэгтээ хотын депутатууд хуралдаад сонгодог Нийслэл хотын дарга, Их хурлаас хамааралгүйгээр бүх ард түмнээс сонгогддог ерөнхийлөгч хоёр шал тусдаа. 
 
Хотын иргэдийн хуралд ялсан нам л хотын даргаа сонгодог. Хэрвээ МАН ялбал Бат-Үүлийн барааг дахиж харахгүй. МАН ялчихсан атлаа, ялагдсан намын даргыг хотын удирдагчаар томилно гэж байх уу. Хотын дарга байтугай, хэлтсийн дарга ч хийлгэхгүй. Ухаандаа, 1945 онд Германыг ялсан Сталин  бээр ялагдсан “хөөрхий Гитлер”-ийг үнэлэн үзэж Зөвлөлтийн удирдлагад оруулах байсан гэвэл үнэмших хүн гарах уу?
 
Бат-Үүл та нарт хэрэгтэй байгаа бол Бат-Үүлийн намыг л сонго. Бат-Үүлийн нам нь АН шүү. (Цаадуул чинь “Бат-Үүл бол манай МАН-ны дарга байгаа юм гэж хээв нэг залах улс шүү, мэдээтэй байгаарай).
 
Нийслэлд АН ялбал л Бат-Үүл ялна. Ахиад хотоо хөгжүүлнэ. Та АН-д дургүй байж болно, гэхдээ төрөлх хотдоо хайртай, нийслэлдээ сайхан амьдрах дуртай биз дээ. Хэрвээ тийм бол үзэн ядалтаа март, дургүйцлээ тэвч, би ч бас тэвчье, тэгэх үү?
Илүү сайхан юмны төлөө тэвчиж болох муухай юм гэж байдаг юм.
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.