М.Энхболд: Ээлжит бус чуулганаар мөрийн хөтөлбөр, сонгуулийн төсвийг зайлшгүй хэлэлцэх учиртай

М.Энхболд: Ээлжит бус чуулганаар мөрийн хөтөлбөр, сонгуулийн төсвийг зайлшгүй хэлэлцэх учиртай
Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт ирэх дөрвөн жилд Засгийн газраас баримтлах бодлого, чиглэлийн талаар нэгдсэн ойлголт өгөх сургалт семинар өчигдөр Төрийн ордонд эхэллээ. Сургалт семинарыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нээж, сургалт семинарын үйл ажиллагаанд Засаг дарга нарыг амжилттай оролцохыг хүслээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцэд Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрыг байгуулсан. 
 
Энэ газрын ажилтнууд нутгийн удирдлагын чиглэлээр бүхий л асуудлыг хариуцаж, орон нутгийн удирдлагуудтай байнга холбоотой ажиллана гэдгийг тэрбээр тэмдэглэлээ. Тус газраас зохион байгуулж буй энэ арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд оролцож, өөрсдийн эрхэлсэн салбар, хүрээний асуудлаар 2016-2020 онд баримтлах бодлого, зорилтын талаар орон нутгийн удирдлагуудад мэдээлэл өгч, ярилцах юм. Мөн зарим хууль тогтоомж, эрх зүйн орчны талаар салбарын эрдэмтэн судлаачид хичээл заана.
 
Харин өнөөдөр 14:00 цагаас аймаг, нийслэлийн Засаг дарга нар Монгол Улсын Ерөнхий сайдтай байгуулах батламжид гарын үсэг зурах юм. Энэхүү батламжаар Засаг дарга нар Ерөнхий сайдын өмнө тодорхой үүрэг хүлээж, түүнийгээ батламжлах болно.Мөн Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцэхэд оролцож, саналаа хэлж, Монгол Улсын 2016 оны төсөвт хийх тодотголын талаар танилцуулга сонсч, улс орны төсөв, санхүүгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл авах юм. 
 
“Орон нутгийн удирдлага өөрт олгогдоогүй эрх хэмжээг бий болгосон”
 
УИХ-ын дарга М.Энхболд ирэх дөрвөн жилд Засгийн газраас баримтлах бодлого, чиглэлийн талаар нэгдсэн ойлголт өгөх сургалт, семинарт оролцож буй аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай уулзлаа. Тэрбээр уулзалтын эхэнд эдийн засаг, нийгмийн хувьд амаргүй цаг үед ажиллах гэж байгааг онцолсон. Түүнчлэн “Долоо дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан УИХ-ын Анхдугаар чуулган зорилтоо амжилттай хэрэгжүүлээд өндөрлөсөн. Улсын баяр наадам, АСЕМ зэрэг олон чухал арга хэмжээ давхацсан ч Анхдугаар чуулганаар харьцангуй богино хугацаанд Засгийн газрыг эмхлэн байгуулж, УИХ Байнгын хороод, дэд хороодоо байгуулан, УИХ-ын дэргэдэх зарим байгууллагын удирдлагыг томилсон” гэв. 
 
УИХ-ын дарга М.Энхболд, энэ долоо хоногийн сүүлээр УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан, тодорхой асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж буйг уулзалтын үеэр мэдээлсэн. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар 2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталж, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн үеэр ашиглах техник, хэрэгслийн талаар, сонгуулийн төсөв, зардлын талаар зайлшгүй хэлэлцэх учиртай гэж хэлэв. Тэрбээр “Өмнөх УИХ-аар хэлэлцэх ёстой байсан, хуулийн хугацаатай асуудлуудыг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгдсэн тайлан, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018, 2019 оны төсвийн төсөөлөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлууд багтаж байгаа. Мөн Батлан хамгаалах салбарын үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн хуулийн төсөл, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байгаа. 
 
Өнгөрсөн дөрвөн жилд орон нутгийн удирдлага өөрт олгогдоогүй эрх хэмжээг бий болгон хууль зөрчсөн шийдвэр олныг гаргасан. Энэ асуудлыг онцгой анхаарч, хуульд нийцүүлэн засч залруулаарай” хэмээн аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт үүрэг болголоо. Ийнхүү орон нутгийн удирдлага эрх мэдлээ хэтрүүлэн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг шахаж дарамталснаас үүдэн гадны хөрөнгө оруулагчид буцах явдал гарч байсныг анхааруулсан. Энэ үеэр хууль зөрчсөн явдлыг засч залруулахын зэрэгцээ, иргэд хохирсон, эрх ашиг нь зөрчигдсөн байдалд хяналт тавьж, санхүүгийн хяналт шалгалтыг ч зайлшгүй хийх шаардлагатай хэмээлээ. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд орон нутгийн удирдлага санаачилга гаргаж, хэмнэлт хийж ажиллах хэрэгтэй гээд УИХ хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах болно гэж хэлсэн. 
 
Онцгойлон анхаарч ажиллах салбарын тухайд тэрбээр “Боловсрол, эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарч ажиллаарай. Орон нутагт энэ салбарыг удирдаж байгаа удирдлагуудын хүрээнд хариуцлагагүй байдал гарч байгаа. Энэ хоёр салбарт эдийн засгийн хүртээмж хүнд байгаагийн зэрэгцээ хүний хариуцлагагүйгээс болж ажил доголдож байгаа зүйл байгаа гэдгийг хэлмээр байна. Өдөр тутмын үйл ажиллагааны чиглэлийг өгч, үйл ажиллагаанд нь ойрхон байдгийн хувьд та бүгдийн анхаарлын төвд энэ хоёр салбар байж таарна. Хоёр, гурван хоногийн дараагаас сургууль, цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл эхэлнэ. Улаанбаатар хотод эхэлсэн. Энэ талаар хотын удирдлагуудтай ярилцсан. Наад зах нь бүртгэдэг хүнд суртлыг нь багасгаж, байгаа нөөц боломжийнхоо хүрээнд бүртгэж аваад олон түмнийг бухимдуулахгүй энэ хоёр салбарын үйл ажиллагааг авч явах шаардлага зүй ёсоор тавигдаж байна” гэлээ. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.