Цэнгээний газрын цагаар оролдохоос өөр хийх ажил алга уу

Цэнгээний газрын цагаар оролдохоос өөр хийх ажил алга уу
Нийслэлийн Засаг дарга С.Батболдоос энэ асуултыг асуумаар байна. Өнөөдөр Улаанбаатар хотод цэнгээний газрын цагийг нааш цааш нь болгохоос өөр хийх ажил мундахгүй л их баймаар юм. Яг үнэндээ хотын шинэ дарга С.Батболд ажлаа авснаас хойш дорвитой ажил юу хийв. Ажлын өрөөгөө тохижуулахад улсын мөнгө үрлээ гэх хэрүүлд л хутгалдлаа. Дээрээс нь өмнөх хотын удирдлагуудын хийж, хэрэгжүүлсэн зүйлсийг өөрчлөхөд анхаарлаа.
 
Дамбадаржаа, Дэнжийн 1000 орчмыг хотын дэд төв болгоно ч гэх шиг. Уг нь өмнөх удирдлагууд Ханын материал орчмыг дэд төв болгож, тэнд нийслэлийн шинэ захиргааны барилгыг барина гэж байсан. Үүнийг өөрчилж, Дэнжийн 1000 гэж өөрчилдөг нь ямар ч учиртай юм. Гэх мэтээр бусдын хийснийг баллуурдаж, өөрчлөх л ажил хийж байна. Баар, цэнгээний газар, пабын хаах цагийг наашлуулах талаар албан ёсоор ч биш, твиттер хуудсаараа дамжуулж мэдэгдэл гаргаадахав. Улаанбаатарын баар, цэнгээний газрууд үүрийн 04:00 цаг хүртэл ажиллаж байгаа нь хотын даргад гай болоод байгаа бололтой юм. Хэрвээ үнэхээр ийм шийдвэр гаргахаар шийдсэн бол ганц хоёр зөвлөгөө өгөх гэсэн юм, хотын дарга аа.
 
Манайхаас өөр улс оронд баар, цэнгээний газрууд нь 24 цагийн турш ажилладаг юм билээ. Мэдээж мань мэтийг бодвол хотын дарга гадаадын олон улс руу явж, галуу шувууны мах идсэн хүн тэр зэргийг мэддэг л байлгүй дээ. Гэтэл манайд яаж байна, бүх л зүйлийг хаана, хорино, цагдана. Дэлгүүр тэдэн цагт хаах ёстой, баар тэд хүртэл ажиллана гээд л. Манай улсад 24 цагийн дэлгүүр ч байхгүй. Буудал, зарим эмийн сан зэрэг тоотой хэдэн газар л 24 цагаар ажилладаг байх. Харин ашгүй хотын өмнөх удирдлагууд баар, цэнгээний газрыг 04:00 цаг хүртэл ажилладаг болгож, олон эерэг үр дагавартай шийдэл болгосон. Харамсалтай нь энэ шийдвэр одоогийн хотын даргын дургүйг хүргэжээ, янз нь.  Баар, цэнгээний газар  04:00 цаг хүртэл ажилласнаар олон сөрөг зүйлийг бууруулсан.  Ахуйн хүрээний архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, авлига хээл хахууль, шагийн архи гээд л.
 
Энэ бүхэнтэй уялдаад маш олон эерэг хандлага гарч байсан. Зарим хүмүүс гэмт хэргийн тоо тэдэн хувиар буурсан. Тийм ч үзүүлэлт ингэж буурсан гээд янз бүрийн тоо бичээд байна. Тэрийг нь яг нарийн мэдэхгүй байна, хотын даргад бол олж мэдэхэд юухан байх вэ дээ. Тэр тоо баримтыг нь олж аваад, хараад эргэцүүлэн бодож шийднэ байгаа. Баар, цэнгээний газрын ажиллах цагийг 00:00 болгосноор сөрөг үр дагавар маш их гарна. Юуны өмнө ахуйн хүрээний архидалт нэмэгдэнэ.
 
00:00 цаг хүртэл баар саванд суучихаад, халуурсан нөхөд гэртээ харьж архидана. Эсвэл буудалд орно. Ингээд л зодоон цохион хийнэ. Цаашлаад гэмт хэрэг гарах нөхцөл бүрэлдэнэ. Гэртээ архидвал гэр бүлийн хүчирхийлэл, агсам согтуу тавих, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах байдал нэмэгдээд л явчихна. Хүссэн хүсээгүй нэмэгдэх үзүүлэлт. Бааранд бол яах вэ дээ, харуул хамгаалалттай учраас дураар нь зодолдуулаад байхгүй. Дээрээс нь цагдаа нарын халаасыг түнтийлгэх нэг арга бол баар, пабын ажиллах цагийг боомилох. Манайхан л болсон хойно хаалгаа түгжиж байгаад архи, шар айргаа зардаг. Хүмүүс ч энэ тэрүүгээр явж байхаар гээд гуйж байгаад л суудаг. Үүнийг нь цагдаа нар андахгүй шүү дээ. 
 
Эсвэл авлига авч, хэдэн төгрөг халааслаад ажиллуулдаг шүү дээ. Нөгөө талаар дэлгүүрүүдийг нь хорьж, цагддаг. Дээрээс нь баар, цэнгээний газрууд эрт хаахаар архи шагладаг нөхдүүд борооны дараах мөөг шиг л олширно биз дээ. Нэг хэсэг шагийн архи зардаг хүмүүс маш их байсан. Харин паб, цэнгээний газрууд 04:00 цаг хүртэл ажилладаг болсноос хойш шагийн архины наймаачид гэж байхгүй болсон.  Архи шаглагчидтай тэмцэх гэж илүү ажил хийдгээ ч болио биз дээ, цагдаа нар.
 
 Гэх мэт давуу талууд маш олон байна. Энэ бүхнийг хотын дарга анзаарахгүй байгаа бололтой юм. Анзаарсан ч өмнөх удирдлагуудтай зөрж л байвал болоо гэсэн байдлаар хандаад байгаа юм биш биз дээ. Бусад улсуудад 24 цагаар баар, ресторан, дэлгүүр ажиллаж болоод байхад манайд л болохгүй байв гэж. Аливаа зүйлийг хорих, цагдах тусам гарах муу үр дагавар, далд бизнесүүд нэмэгддэг. Харин нээлттэй байх тусам муу үр дагавар нь багасдаг гэдэг нь угаасаа амьдрал дээр батлагдсан. Тийм болохоор хотын дарга баар, цэнгээний газрын цагийг наашлуулах асуудлаа дахин сайн судалсан дээр дээ. Үнэндээ хотод үүнээс өөр хийх ажил маш их байгааг ч анхаарчихад гэмгүй байх.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.