АН-ын гишүүд бид энэ байдлыг хараад зүгээр суух эрхгүй болжээ

 АН-ын гишүүд бид энэ байдлыг хараад зүгээр суух эрхгүй болжээ

УИХ-ын сонгуулийн дүн гарч, АН ялагдал хүлээсэн. Үүнтэй холбогдуулан АН-ын залуучууд мэдэгдэл гаргаснаа танилцууллаа. Уг мэдэгдэлдээ "УИХ-ын сонгуулийн дүнгээр АН УИХ-д 11 суудал авч, хоёр сонгууль дараалан үнэмлэхүй ялагдал хүлээлээ. Энэ нь АН-ыг олон жилийн турш дэмжиж, ардчилалд итгэж ирсэн олон нийтийн итгэлийг алдсан хариуцлагагүй үйл явдал боллоо.

АН-ын гишүүд бид энэ байдлыг хараад зүгээр суух эрхгүй болжээ. Намыг ялагдалд хүргэсэн одоогийн удирдлага дүрмийн дагуу хариуцлага хүлээж шинэчилсэн зохион байгуулалтыг шуурхай хийж чадах эсэх, дотоод ардчиллыг гишүүдийн оролцоотой хангаж чадах эсэх эргэлзээтэй юм.

Иймд цаашдын өрнөлд хяналт тавих, шинэчлэлийг сууриар нь зөв зохион байгуулах нь намын төдийгүй Монголын ардчилалд чухал ач холбогдолтой гэж бид үзэн АН-ын дотоод ардчиллыг хангуулах түр хороог байгуулснаа үүгээр зарлаж байна. Түр хороо нь АН-ын Үндсэн дүрмийн 3.10.2.1-т заасны дагуу АН-ын дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга 2020 оны зургаадугаар сарын 24-ны орой огцорсныг ажлын тав хоног буюу долоодугаар сарын 1-нд багтаан албажуулах ажлыг АН-ын Үндсэн дүрмийн хороо хэрэгжүүлж чадах эсэхийг хянана. Мөн АН-ын Үндсэн дүрмийн 3.10.1.2-т заасны дагуу намын Үндэсний бодлогын хороог 15 хоногийн дотор хуралдуулахыг шаардаж байна.

Түр хорооны зохицуулагчдыг АН-ын Үндэсний бодлогын хорооны есөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулав" гэжээ. АН-ын гишүүн 100 гаруй залуучууд хуралдаж энэхүү түр хороог байгуулсан байна. Түр хорооноос гаргасан мэдэгдэлтэй холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат байр сууриа илэрхийллээ. Тэрээр "АН 2016 онд ард түмнээсээ "Шинэчлэгдээд ир" гэсэн даалгавар авсан. Харин энэ удаагийн сонгуулиар "Та нар шинэчлэгдэж чадаагүй байна" гээд дүнгээ тавилаа.

Монголын ард түмэн өнөөдөр МАН-ын байгаа байдалд сэтгэл хангалуун байгаа учраас сонгосон юм биш. ЖДҮ, концесс, 60 тэрбум, хар жагсаалт, бусад янз бүрийн хэргүүдийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Харин АН үүнийг нь сөрж зогсох сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Дээрээс нь дотоод ардчилалгүй байна. Тиймээс бид намаа эрс шинэчлэх ёстой. Дүрмийн дагуу явдаг, дүрэмтэй намыг бий болгох нь чухал. Ах нар гэж ярьдаг өмнөх хүмүүсийн дүрэмгүй аашилдаг явдалд цэг тавъя" гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.