СЕХ: Нөхөн сонгуулийн саналд 100 хувь хяналтын тооллого хийнэ

СЕХ: Нөхөн сонгуулийн саналд 100 хувь хяналтын тооллого хийнэ

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт энэ сарын 10-нд болох нөхөн сонгуулийн саналд 100 хувь хяналтын тооллого хийнэ гэдгийг СЕХ-ноос мэдээлэв.

Нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийг Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар баталсан бөгөөд бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт 89, 28 дугаар тойрогт 59 хэсгийн хороо байгуулаад байгаа аж. Мөн сонгуулийн үеэр коронавирусний халдвараас сэргийлэх талаар УОК болон бусад байгууллагын шийдвэр, зөвлөмжийг хэрэгжүүлэхээр эрүүл мэндийн болон цагдаа, онцгой байдлын 1930 гаруй албан хаагч ажиллаж байна.

Нөхөн сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, санал тоолох төхөөрөмжийг шалган турших, баталгаажуулах ажлыг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв, Тагнуулын ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хамтарсан Ажлын баг зохион байгуулсан. Уг ажилд нөхөн сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигчдийн томилсон ажиглагчид нээлттэй оролцлоо. 

Нөхөн сонгуулийн санал хураалтын дүн, сонгуулийн ирцийн мэдээг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олон нийтэд шууд дамжуулах бэлтгэлийг хангажээ.

Энэ удаагийн нөхөн сонгуульд Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хороо (7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо)-ны сонгогчид оролцож, саналаа өгнө. Одоогоор цар тахлын улмаас гэрээр  болон эмнэлэгт эмчлүүлж байгаа, тусгаарлалтад байгаа 2774 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлт гаргаад байгаа юм. Тэдний саналыг маргааш буюу энэ сарын 9-ний 9.00-20.00 цагт авахаар төлөвлөжээ.

Дээрх хоёр тойрогт 8 нам, 1 эвслийн 14 нэр дэвшигч, хоёр бие даан нэр дэвшигч бүртгүүлэн сурталчилгаагаа явуулж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.