Нийслэлийн ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийг С.Зориг агсны хэрэгт яллагдагчаар татсаныг эсэргүүцэж, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Амарсанаа, С.Батчулуун, МУГЖ Д.Сосорбарам тэргүүтэй Ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд хэвлэлийн бага хурал хийлээ. Коммунист угшилтай МАН-ынхан Засгийн эрхэнд гарах бүртээ энэ хэргийг улс төрийн бусармаг зорилгоор ашиглаж байна гэдгийг тэд хэлэв. Мөн “Монголын төлөө бид хэрэлддэг байсан. Харин хувийн асуудал ерөөсөө байгаагүй. Ажил тарвал хүний ёсоор тэврэлдэж, жаргал зовлонгоо хуваалцаад явдаг байсан.
Тухайн үед Э.Бат-Үүл, С.Зориг нар хоорондоо эв түнжин муутай мэтээр ярьж байгаа үлгэрт итгэж болохгүй” гэв. МУГЖ Д.Сосорбарам “Ингэж хүнийг гүтгэж болдог юм байна. Тэр гүжирдлэгээ биелүүлдэг юм байна. Хүчээр хүнд хэрэг ял тулгаж, ажлаа бүтээдэг араншин тогтчихсон юм байна. Анзаарч байхад комунистууд төрийн толгойд гарахаараа л ийм юм хийдэг. 2000 онд ч хийж байсан. Одоо энэ жил хийж байна. Энэ үйлдлийг нь таслан зогсоох цаг болжээ.
Бид жинхэнэ хүний эрхийг дээдэлсэн нийгэм байгуулж, хараахан амжаагүй юм байна. Тиймээс энэ хуулийн тогтолцоонд шинэчлэл даруй хийхгүй бол болохгүй. Учир нь хууль бусаар хүнд ханддаг. Хууль зөрчиж, нэг үйлдэл дээр хоёр дахин хачин арга хэмжээ авдаг болчихсон байна. Хууль нь болохоор нөгөө хуучин аргаараа ямар ч гэм зэмгүй хүнийг гүтгэж, хориод, нэр төрийг нь гутаачихаад, тулгаж ял хүлээлгэдэг.
Тулгаж ял хүлээлгэснээс болоод үе удмаараа хүмүүсийн нэр төр хохирдог. Ийм бусармаг үйл явдалтай би хэзээ ч эвлэрэхгүй. Бид бүгд хүний эрхийн төлөө 1990 онд л ухас хийсэн хүмүүс. Эргээд бодож байхад 1996-2000 оны хооронд хүмүүс овоо эрх дархаа эдэлж байсан юм байна. Түүнээс хойш хүний эрх бүр бүрхэг болсон. Тиймээс одоо шинэ сэргэгээр хандаж, энэ бугширсан байдлаас ангижрах хувьсгал хийх цаг нь болжээ. Ялангуяа хууль хяналтын байгууллагынхан чадамж, сэтгэлгээ муутай хуучин арга барилаараа байна.
Б.Булганыг яаж тамласан гэдгийг бид таашгүй. Тамлаж байгаад “Чи тэрийг зүйгээр л заачих. Тэгээд л чи сайхан амьдарна” гэсэн олхиогүй арга барилаар ажиллаж байна. Тиймээс би ийм байдалтай нийцэхгүй. Энэ өдрөөс хойш дуугүй байхгүй. Энэ бүхнийг ардчилал, эрх чөлөөг авч ирсний, Улаанбаатар хотыг дөрөвхөн жилийн дотор өнгөтэй өөдтэй болгосны төлөө Э.Бат-Үүлийг шагнаж байгаа шагнал гэж ойлгох уу. Энэ үйл явдлыг өнөөдөр төрж барьж байгаа нөхдүүд буюу УИХ, Засгийн газар нь мэдээгүй байна гэж байхгүй.
Харин “Өө телевиз үзэж мэдлээ” гээд хэнэггүй царайлаад сууж байгаа байх гэж би бодож байна. Өнөөдөр мэдэгдэл гаргаж байна. Миний хувьд хууль хяналтын байгууллагынханд мэдэгдлээс гадна шаардлага хүргүүлнэ. Нэн ялангуяа Монгол Улсын ардчилал буюу хүний эрхийг хамгаална гэж ярьж гарч ирсэн, ярьдаг, хэрэгжүүлэх гэж зүтгэдэг Ерөнхийлөгчид бид хандана. Бүр хатуу шаардлага хүргүүлнэ. Ардчиллыг бид цуг эхлүүлсэн. Тиймээс ардчиллыг дэмждэг, өөрийнхөө эрх ашгийг дээдэлдэг хүн бүр өөртөө үнэ цэнийг өгч үнэний төлөө яваач гэж уриалмаар байна. Миний эсрэг хэдэн зуун хүн байсан ч үнэний төлөө гав ганцаараа зогсоход ч бэлэн.
Ардчиллыг бий болгосон хүмүүсийг гүтгэж эхэлж байгаа нь ардчиллыг байхгүй болгох гэсэн санаа. С.Зоригийн аллагад дөрөөлж 2000 онд том ялалт байгуулж 72 хүн их хуралд сууж байсан. Үүний цаана юу харагдаад байна гэхээр хамт зүтгэж явсан нөхрийг нь аллагын хэрэгт хутгаж хаяаад, энгийн иргэд рүү буу шагайж байна гэж л харагдаж байна. Тиймээс иргэд рүүгээ буу шагайлгахгүй ээ. Намайг галзуу, солиотой, өвчтэй гээд юу ч гэж хэлсэн бай хамаагүй. Би хэнээс ч айхгүй. Энэ толгой мөрөн дээрээ байгаа цагт энэ үйл хэргээ хэзээ ч зогсоохгүй. Би амьд байгаа шүү гэдгийг хэлье” гэлээ.
Харин АН-ын анхдагч гишүүн С.Батчулуун “С.Зоригийн хэрэг С.Зоригийн хэрэг биш боллоо. Уг нь бид энэ хэргийг илрэх байх гэж их хүлээсэн. Гэтэл одоо С.Зориг ч, хэргийг илрүүлэх нь ч гол асуудал биш болчихжээ. Харин С.Зоригийн хэрэг гэдэг маань улс төрийн хамгийн хар үйлсийг бүтээхэд ашигладаг хэрэглүүр болчихлоо.
Ийм зүйл рүү ард түмнийг мансууруулаад, дагуулаад оруулчихлаа. Өөрөөр хэлбэл, одоо энэ хүмүүст С.Зориг чухал биш. Харин С.Зоригийн хэргээр хэнийг алах вэ гэдэг нь чухал болсон байна. Бид үүнийг тэвчиж чадахгүй. Тэр хүн ийм зүйлийн эсрэг байсан учир хөнөөгдсөн. Би С.Зориг, Э.Бат-Үүл хоёртой найман жил ажиллаж байлаа. Тиймээс ч хувийн өс хонзон байгаагүй гэдгийг гэрчилж чадна. Хэрвээ бид нэг хөдөлвөл яг л 1990 оных шиг ээ хөдлөх болно.
Учир нь нэг үйл хэргийн төлөө зүтгэж явсан бидний нөхдийн нэгийг нь хутгалж алсан. Харин одоо нөгөөг нь амьдаар нь сүг сүнс болгох гэж байгаа бол хамт олноор нь алаарай. Ардчиллыг дэмждэг мянга мянган хүмүүсийг аваачиж, шоронд хатааж алаарай гэж хэлмээр байна” гэв.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.