УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар тогтоолын төслийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулж, гишүүдийн асуулт, хариултыг явуулснаар түр завсарласан.
Үдээс хойших хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Б.Пүрэвдорж, Ц.Цэрэнпунцаг, Ж.Батжаргал, Н.Ганибал, Б.Баттөмөр, О.Цогтгэрэл нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Т.Доржханд, Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг нар төслийг дэмжсэн, дэмжээгүй талаараа санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Доржханд, Энэ удаа мөнгөний бодлогоо урдаа тавьж, төсвөө дагалдуулах бодлогын сонголт хийх ёстойг тодотгохын зэрэгцээ ирэх оны төсвийг хумьж, мөнгөний бодлогоо чангаруулах шаардлагатай гэсэн саналыг хэлсэн. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлд инфляцийг нэг оронтой тоонд оруулж, эдийн засгийг өсөлттэй гарна гэж төсөөлсөн байна. Гэхдээ танилцуулгаас харахад эдийн засгийн бодит салбарын өсөлт харагдахгүй байгаа тул энэ асуудалд анхаарах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн. Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг мөнгөний бодлогын хүрээнд бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд итгэлцлийн зээл шиг тодорхой санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд анхаарч, энэ асуудалд бодлогын түвшинд ажиллахыг хүссэн.
Ингээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.