Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Чимэдийн Хүрэлбаатар
Ч.Хүрэлбаатар нь 1968 онд Увс аймагт төрсөн. 1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр, 1998 онд Австралийн Сидней Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн.
Томилох үндэслэл:
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, аж ахуйн яамдын салбар дундын уялдаа холбоог нэгдсэн бодлогоор хангах, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоог бүрдүүлж, эдийн засгийг богино хугацаанд хоёр дахин тэлэх, улсын төсвийг тэгшитгэн хуваах зарчмаас татгалзаж, үр дүн, зураг төсөв, Техник эдийн засгийн үндэслэлд тулгуурласан хөгжлийн бодлогыг тодорхойлох зэрэг үндэслэлүүдийг харгалзан Эдийн засаг, хөгжлийн сайдыг Шадар сайдын түвшинд томилон ажиллуулах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Хүрэлбаатарын Булгантуяа
Х.Булгантуяа нь 1981 онд Архангай аймагт төрсөн. 1998 онд “Монгол Турк”-ийн хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын дунд сургууль, 2006 онд БНХАУ-ын “Хуажун” Шинжлэх ухаан технологийн их сургууль, эдийн засагч мэргэжлээр тус тус төгсөж, 2008 онд АНУ-ын Иелийн Их сургууль, эдийн засагч, олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистр хамгаалсан.
Томилох үндэслэл:
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн бодлогыг үндэсний түвшинд хэрэгжүүлж, боомтуудыг автозамаар холбох, олон улсын жишигт нийцүүлэн бүх боомтыг хөгжүүлэх, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ боомтуудын нүүрсний экспортыг эрчимтэй нэмэгдүүлж, 45-50 саяд хүргэх зорилтуудыг хэрэгжүүлж чадна хэмээн итгэж, Сангийн дэд сайдаар ажиллаж байсан туршлагыг нь харгалзан Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар томилон ажиллуулах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Цэрэнпилийн Даваасүрэн
Ц.Даваасүрэн нь 1964 онд Хөвсгөл аймагт төрсөн. 1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургууль, 1989 онд Зөвлөлт Холбоот Улсын Харьков хотын Политехникийн дээд сургууль, 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт Бизнесийн удирдлагийн менежер мэргэжлээр, 1998 ондЯпон улсын Сайтомогийн их сургууль Эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
Томилох үндэслэл:
Орхоны хөндий болон Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах, нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллын хэсэгчилсэн дэд бүтцийг шийдвэрлэж, гэр хорооллын асуудлыг шинэ шатанд гаргахад Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан болон улс төрийн туршлагыг харгалзан үзлээ.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Содномын Чинзориг
С.Чинзориг нь 1964 онд Өвөрхангай аймагт төрсөн. 1982 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын дунд сургууль, 1986 онд Монгол Улсын Их сургуулийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр, Отгонтэнгэр Их сургуулийг тус тус төгссөн.
Ажилласан байдал:
Томилох үндэслэл:
Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог Нийгмийн даатгалын багц хууль, Хуримтлалын нэгдсэн сан, Баялгийн сангийн хуультай уялдуулан шинэ түвшинд гаргаж, салбарын эрх зүйн цогц шинэчлэл хийх, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх оношилгоог эрчимжүүлэх, эрүүл мэндийн салбарт болон дэвшүүлсэн шинэчлэлүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлэх улс төрийн туршлагыг харгалзан үзлээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.