Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголын тайланг сонслоо

Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголын тайланг  сонслоо

Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголын тайланг хэлэлцсэн.

Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг танилцууллаа. 

Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын гишүүд болон сонсголд оролцогчдын гаргасан саналуудыг тоймлон авч үзвэл үндсэн 6 чиглэлээр саналууд гаргасныг онцлов.  

 

.Засгийн газраас байгуулсан “Нүүрсний хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг” буюу штабт ард түмний төлөөллийг оролцуулах, нүүрсний хулгайтай холбогдогч этгээдүүдийг зарлах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийг шалгах, шаардлагатай бол Улсын Их Хурлын гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах, нэг км төмөр замыг олон улсын жишгээс өндөр үнээр барьсан нь хулгай хийх нөхцөлийг бүрдүүлсэн болон төмөр замтай холбоотой үүсээд байгаа авлига, хээл хахуулийн гэмт хэргийг шалган тогтоох, оффтэйк гэрээнүүдийг ил болгоод зогсохгүй, ажил гүйцэтгэх, туслан гүйцэтгэх гэрээнүүдийг ил болгох, 2010 оноос хойших 1072 хувьцаа эзэмшигчдийн нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл, гүйцэтгэх удирдлагын хурлын бүх тэмдэглэл, тушаал, шийдвэр, худалдах, худалдан авах гэрээнүүдийн хуулбар зэргийг ил болгох талаар саналуудыг гаргасан.

2.Төрийн өндөр албан тушаалтнуудтай хариуцлага тооцох, улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, байгалийн баялгийг олон нийтийн хяналтад оруулах, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах хүрээнд Улсын Их Хурлаас Төрийн өндөр албан тушаалтнуудтай хариуцлага тооцох тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Эрдэс баялгийн ил тод байдлын тухай, Улс төрийн намын тухай бие даасан хуулиудыг батлах, Татварын тухай болон Сонгуулийн тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг олон нийтээр хэлэлцүүлэн шинэчлэх, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Засгийн газарт онцгой дэглэм тогтоосон хуулиудыг хүчингүй болгох саналуудыг гаргав.

3.Төрийн байгууллагуудын мэдээлэл өөр хоорондоо зөрүүтэй байгаад дүгнэлт хийж, Монголбанк, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам зэрэг холбогдох байгууллагуудаас тээвэрлэлттэй холбоотой статистик мэдээллийг үнэн зөвөөр гаргаж, нүүрсний үнийн зөрүүний асуудлыг тусад нь авч үзэж, нүүрсний хулгайд ямар нөлөөлөл үзүүлснийг судалж, дүгнэлт гаргах, ил тод болгох, оффтэйк гэрээг нууцад хамруулсан шийдвэр гаргасан болон бүртгэлгүй нүүрсийг улсын хилээр гаргасан этгээдийг олон нийтэд зарлах, хариуцлага тооцох, хуулийн байгууллага хяналт шалгалт хийхдээ хөндлөнгийн нөлөөнд автахгүй, улс төрөөс ангид хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх саналуудыг гаргажээ.

4.Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг олон нийтийн хяналтад оруулах хүрээнд төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд иргэдийг оруулах, ард түмэнд ногдол ашиг хуваарилах, төрийн өмчийн засаглалыг өөрчлөх, хяналтыг сайжруулах, олон нийтэд нээлттэй болгох, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн төрийн эзэмшлийн бүх хувьцааг иргэдэд үнэ төлбөргүй шилжүүлэх, жижиг, том Тавантолгой компанийг  нэгтгэж орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлж, тус сангийн хөрөнгийг нийт аймгуудад тэгш хуваарилах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д бүртгэлтэй байгаа “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийг “Монголын төмөр зам” ТӨХК-д шилжүүлэх, Тавантолгойн орд ашиглалтын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд түүхий нүүрсийг боловсруулж хилээр гаргах, Тавантолгойн орд газрыг хашаалж иргэдийн өмчийг хамгаалах, төмөр зам, цахилгаан эрчим хүчний бүтээн байгуулалтад анхаарах, Оюутолгойн орд ашиглалттай холбоотой Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих түр хороотой адил Тавантолгойн асуудлаар Түр хороог байгуулж, мэргэжлийн экспертүүдийг татан оролцуулж, үр дүнг Улсын Их Хуралд танилцуулах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хувийг маш хямд үнээр IPO хийн арилжаалах гэж байгаа бол түүнийг зогсоох зэрэг саналуудыг хэлсэн байна.

5.Ерөнхий хяналтын сонсголын зохион байгуулалт, хамрах хүрээ, сонсголын үр дүнг тайлагнах хүрээнд Улсын Их Хурлаас зохион байгуулж байгаа нийтийн эрх ашгийг хөндсөн томоохон асуудлаар ерөнхий хяналтын сонсголд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдыг заавал оролцуулдаг байх, зөвхөн нүүрсний асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулаад зогсохгүй цаашид нефть, зэс болон уул уурхайн салбарын бусад бүтээгдэхүүнээр, хил, гаалийн хяналтын асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах, сонсголоос гарсан үр дүнг Монгол Улсын Ерөнхийлөгч болон Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт хүргүүлдэг байх зэрэг санал гаргасан.

6.Төрийн байгууллын харилцан хяналт-тэнцлийг хангах хүрээнд Улсын Их Хурал нь Засгийн газартаа тавих хяналтаа сайжруулах, Шүүх, прокурорын байгууллагын томилгоог өөрчлөх, шинэчлэх, Улсын Их Хурлын гишүүдийн халдашгүй байдал, эрх мэдлийг бууруулах, ард түмний төлөөлөл сонгогдох эрх зүйн орчныг бүрдүүлэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх зэрэг саналуудыг гаргасан болно гэдгийг Улсын Их Хурлын гишүүн танилцуулгадаа дурдлаа.

Түүнчлэн тэрбээр танилцуулгадаа, Сонсголын үеэр холбогдох байгууллагын удирдлагуудын хийсэн мэдээлэл болон оролцогчдын гаргасан саналд үндэслэн сонсголын үр дүнг дараах байдлаар дүгнэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох нь зүйтэй гэж үзсэнийг тодотгов. Үүнд:

1.Энэхүү сонсголын үр дүнгээр Эдийн засгийн байнгын хороо болон Улсын Их Хурлаас “нүүрсний хулгай”-н асуудалтай холбогдуулан шийдвэр гаргах, цаашид ийм байдал гарах үүд хаалгыг хаах боломжийг бүрдүүлж, олон нийтийн хяналтыг бий болгож, анхаарлын төвд оруулж чадлаа. Цаашид баялгийн олборлолт, ашиглалт, экспортын асуудлыг төр, ард түмний хяналтад авах нь зүйтэй гэж үзэж байна. Шаардлагатай бол Улсын Их Хурал энэ асуудлаар холбогдох хууль тогтоомжийг нэн яаралтай дэгээр хэлэлцэж, Засгийн газар болон хуулийн байгууллагуудад бүхий л талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах нь зүйтэй.

2.Улсын Их Хурлаас байгуулагдсан Хилийн боомтын асуудлаар Хянан шалгах түр хороо хилийн боомтуудаар нүүрс экспортлох, тээвэрлэх, мэргэжлийн хяналт, хил, гааль зэрэг холбогдох төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, нүүрсний гаалийн бүрдүүлэлт, гэрээ, үнэ тариф зэрэг олон асуудлыг хянан шалгаж, олон нийтийн дунд үүсээд байгаа эргэлзээтэй олон мэдээллийг тодорхой болгох шаардлагатай гэж үзлээ.

3.Уул уурхайн салбарын бүтээгдэхүүний үнийг олон улсын жишигт хүргэж, хил залгаа улсын хилийн үнээр худалдах, олон нийтийн хяналтад оруулах зорилгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийг шуурхай баталж, цаашид Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэн баталж, энэ мэтээр улс орон, ард олноо, төсөв хөрөнгийг тонон дээрэмдэх хууль бус үйлдэлтэй Улсын Их Хурал ард түмнийхээ талд байж, хамтран тэмцэх шаардлагатай байна.

4.Монгол Улсын иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх хүрээнд 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд шинээр хувьцаа эзэмшүүлэх, иргэдийн эзэмшиж байгаа хувьцааны тоог нэмэгдүүлэх замаар иргэдийн эзэмших хувьцааны хувийг нэмэгдүүлэх, ногдол ашгийг хуваарилах асуудлыг судлан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

5.“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн засаглалыг сайжруулах хүрээнд компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүд, гүйцэтгэх удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгаруулах, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг нэн тэргүүнд хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй.

6.Цаашид төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон нийтийн нээлттэй хувьцаат компани болгож, иргэдийн оролцоо хяналтыг сайжруулах, Тавантолгой ордод үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас экспортод гаргах нүүрсийг “Монголын Хөрөнгийн бирж” ХК-аар дамжуулан ил тод нээлттэй худалдаалах зэрэг эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

7.”Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд хилийн боомтуудыг нэгдсэн удирдлагаар хангаж, боомт дагасан суурьшлын  бүсүүдийн дэд бүтэц, хөгжлийн асуудлыг шийдвэрлэх асуудлыг тусгасан  Боомтын тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх шаардлагатай байна.

8.Хууль, хяналтын байгууллагуудад шалгагдаж байгаа “нүүрсний хулгай”-тай холбоотой гэмт хэргүүдийн мөрдөн байцаах ажиллагааг хугацаа алдахгүй яаралтай шийдвэрлэх, олон нийтэд зарлах, Монгол Улсын Их Хурлын 2022 оны 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэлийг шалган тогтоох” үүрэг бүхий хянан шалгах түр хорооны үйл ажиллагааг эрчимжүүлж, цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар сонсголд гэрч, хэргийн холбогдогчдыг оролцуулан хууль, хяналтын байгууллагаас нүүрсний хэрэгтэй холбогдуулан явуулж байгаа мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах шаардлагатай байна гэж танилцуулгад дурдсан байв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Ш.Адьшаа,  Б.Пүрэвдорж, Н.Ганибал, Г.Тэмүүлэн Ц.Идэрхангай, Б.Бат-Эрдэнэ, Т.Энхтүвшин нар асуулт асууж,  үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

 

Мөн тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголын үр дүнд иргэдээс ирүүлсэн мэдээ мэдээлэл баримт, бичлэгийг хууль хяналтын байгууллагууд руу шилжүүлснийг тодотгоод сонсголын үр дүнгийн талаар холбогдох байгууллагад үүрэг чиглэл өгөх, хяналт шалгалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр Улсын Их Хурлаас холбогдох тогтоолын төслийг боловсруулж, ирэх долоо хоногт хэлэлцүүлэхээр болсныг мэдэгдлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.