1:1

1:1

С.УЯНГА, Т.САЙХАН

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуультай холбоотойгоор ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар болон "Глоб интернэшнл төв” ТББ-ын хуульч Б.Пүрэвсүрэн нарын байр суурийг хүргэж байна.

Ж.Эрхэмбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хөндөөгүй

 

-Кибер аюулгүй байдал гэдэг бол гаднаас манай онц чухал мэдээлэл агуулдаг үндэсний систем,  иргэдийн мэдээлэл рүү халддаг. Кибер аюулгүй байдлын хамгаалалтаараа манайх олон улсад маш эмзэг гэсэн ангилалд байдаг. Сүүлийн үед халдлагын тоо байнгын өсөж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс кибер халдлагад өртөх аюул бодитоор нүүрлэсэн. Эцсийн дүндээ мэдээлэл рүү нэвтрэх, нөлөөлөх, засвар өөрчлөл оруулах, сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.  

Цахим залиланд өртсөн тохиолдол маш их гардаг. Тоо нь хоёр дахин өссөн. Заналхийлэх гэмт хэрэг 40 хувь нэмэгдэж байна. Мөн хүүхдийн садар самуунд уруу татах, бэлгийн эрх чөлөөнд халдаж байгааг цагдаагийн байгууллагаас гаргасан сүүлийн хоёр жилийн судалгаанаас харж болно. Үүнийн цаана хүний амьдрал өрнөж байгаа. Жилд энэ төрлийн 100 орчим гэмт хэрэг үйлдэгдэж байна. Бидний дунд цахим булли буюу нийгмээрээ гадуурхдаг, үзэл бодол, зан заншлаараа гадуурхалд орчихсон хохирогч нар байдаг. Энэ гэмт үйлдэл, сөрөг халдлага, довтолгоог түргэн хугацаанд зогсоох шаардлагатай. Одоогийн байдлаар үүнийг түргэн хугацаанд зогсоохын тулд цагдаагийн байгууллагад ханддаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процесс урт хугацааных. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулиар 72 цагийн дотор тухайн хүний хүсэлт, гомдлыг хүлээн авч контент буюу олон нийтийн сүлжээний пост мэдээлэлтэй танилцаад хууль тогтоомжийн хүрээнд уг контент нь агуулгаараа зөрчилтэй байна гээд нэн яаралтай устгах, эсвэл үзэлтийг хязгаарлах шийдвэрлэлт нэмэгдэх юм. 

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн 6.3-т Нийтийн албан тушаалтан хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтлэх, түгээхийг хориглоно хэмээх заалт байсан. Үүнийг хасаж байгаа. Мөн хуулийн 6.1.1, 6.2.1 дахь заалт болон 6.1.3 дахь заалтын заналхийллээс бусад томьёолол хасагдсан. 6.3 дахь заалтын томьёолол дээр бага зэрэг найруулгын алдаа гаргаснаас үүдэн иргэдэд буруу ойлгогдчих шиг боллоо. Уг хуулийн заалт нь аливаа албан тушаалтан ажил, албаны чиг үүргээ гүйцэтгэж байхдаа олж авсан хувь хүний мэдээллийг олон нийтэд түгээхийг хориглосон агуулгатай. Нийтийн албан тушаалтан ажил үйлчилгээгээ хийж байхдаа хүний хувийн мэдээлэлтэй байнга харьцдаг. Уг мэдээллээ олон нийтийн сүлжээнд түгээхийг хориглосон агуулгатай заалт байсан. Энэ заалтыг хэлэлцүүлгийн явцад хассан. 

Дээрх заалт "Нийтийн албан тушаал эрхэлдэг хүний мэдээллийг нийтэд түгээж болохгүй" гэдгээр иргэдэд ойлгогджээ. Бидний хувьд "Нийтийн албан тушаалтан хувь хүний мэдээллийг нийтэд түгээж болохгүй" гэж уншаад байсан. Энэ нь бидний буруу. Тиймээс тухайн заалтыг хуулийн төслөөс хассан. 
Түүнчлэн 6.1.3 дахь заалтын заналхийллээс бусад томьёоллыг хассан байгаа. Заналхийлэх гэдэг нь тодорхой үйлдлийг хийх, хийхээс татгалзах нөхцөл шаардлагыг тулгаж, улмаар тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй тохиолдолд сүрдүүлдэг. Сүүлийн үед ийм үйлдэл цахим орчинд их гарч байна. Ялангуяа, хувийн мэдээллийг нь ашиглаж насанд хүрээгүй хүүхдийг дарамталж, бэлгийн харилцаанд орсон гэмт хэрэг өсөж байна. Зөрчилтэй контентыг агуулга, зорилго, субъектээр нь ялгаж тодорхойлдог. Олон нийтийн сүлжээ нь бидний амьдралын нэг хэсэг болжээ. Үзэл бодлоо илэрхийлж, эрх чөлөөгөө хэрэгжүүлж байгаа энэ орон зай маань эрүүл аюулгүй байх ёстой. Гэтэл цахим орчинд янз янзын хүмүүс бий. Нүүрээ нуусан хулгайч, хүчирхийлэгч, гэмт хэрэгтэн оршиж байгаа орон зай.  Жишээлбэл, насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан, хүчиндсэн гэмт хэргийн гаралт 2021, 2022 онд 18 дахин өссөн байна. Залилан мэхлэх гэмт хэрэг 180, 280 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Энэ тоо болгоны ард бодитой хүн байгаа. Ийм нөхцөл байдалд хууль хяналтын байгууллага, эрүүгийн хэрэг үүсгээд тэмцэж байгаа юу гэвэл, тийм. Үүний зэрэгцээ эрх зүйн орчин хэрэгтэй байна. Бид үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хөндөөгүй. Энэ хуулийг боловсруулахдаа фэйсбүүкийн дүрэм журмыг судалсан. Мөн эрх зүйн орчноо ойлгомжтой болгосон улс орны туршлагыг судаллаа. 

Б.Пүрэвсүрэн: Хүний эрхийг хамгаалсан биш хязгаарласан хууль боллоо

-Парламентын намрын чуулганы төгсгөлд баталсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль шүүмжлэл дагуулаад байна.  Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

 -Энэ хууль бүхэлдээ шүүмжлэлд өртөхөөс өөр аргагүй хууль. Учир нь, түүхэнд анх удаа олон нийтэд танилцуулахгүйгээр гурав хоногийн хугацаанд хууль баталлаа.  УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн 22.1-т Үндэсний аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийг нэн яаралтай хэлэлцэнэ гэж заадаг. Энэ дагуу хоёр хоногийн өмнө буюу 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамж гарч, хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцэхээр болсон. Энэ хуулийг миний хувьд Үндэсний аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой хууль тогтоомж гэж бодохгүй байна. Түүнчлэн Хууль тогтоомжийн тухай хуулиа зөрчиж, хуулийн төсөл санаачлаад, хуулиа баталж болохгүй. Хуулийн үр нөлөө, тандан судалгаа, хуулийн үйлчлэлд эрх нь зөрчигдөж буй иргэдийн саналыг авч хэлэлцүүлэх, мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтийг тусгах ёстой. Гэвч хэнээс нь ч санал аваагүй. Хүний эрхийг хамгаалсан биш хязгаарласан хууль боллоо. 

-Танай байгууллагаас хуулийн төсөлтэй холбоотой шаардлага хүргүүлсэн гэж байсан.  Энэ талаар тодруулахгүй юу?

-Манай байгууллагаас нэгдүгээр сарын 19-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлсэн.  Тус шаардлагад, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр болсныг эрс буруушаасан. Учир нь нэгдүгээрт, УИХ-ын чуулганы Дэгийн тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчиж байна. Хоёрдугаарт, парламент Кибер аюулгүй байдлын тухай хуулийг баталсан.  Гэтэл олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль нь энэ төрлийн хууль тогтоомжтой нийцээгүй. Түүнчлэн Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль зэрэг хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой эсэхийг Хууль тогтоомжийн тухай хууль, түүнийг дагалдан гарсан аргачлалд үндэслэн тооцоо, судалгаа хийгээгүй. Мөн хуулийн хамгийн том зөрчил  нь  иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэлтэй байх эрх, иргэдэд үйлчилдэг чөлөөт, хараат бус сэтгүүл зүй бодит утгаараа хөгжих эрхийг нь хязгаарласан гэх агуулга бүхий шаардлагыг хүргүүлсэн. 

-Тодорхой заалтуудыг хасч баталсан гэсэн.  Та батлагдсан хуультай танилцаж амжсан уу?

-Цахим орчинд бусдыг заналхийлсэн, доромжилсон, нэр төр алдар хүндийг гутаасан бол гэх заалтыг  олон нийт шүүмжлээд эхлэнгүүт аваад хаячихсан. Тус хуулийн төслийн 6.3-т заасан нийтийн албан тушаалтан хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтлэх, түгээхийг хориглоно гэх заалтыг мөн хасчихлаа.   2020 оны судалгаагаар нийгмийн сүлжээг идэвхтэй хэрэглэдэг хоёр сая 200 мянган хүн буйг тооцоолсон. Энэ бүх хүнд буюу Монгол Улсын гурван сая 400 мянган иргэнд хамаатай хууль юм. 

Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар жагсаал цуглааныг цахим орчинд өрнүүлэх дуу хоолойг Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулиар хааж байна. Энэ хуулийн төслийн 6-р зүйлд зөрчилтэй контент гэх 12 асуудлыг бичсэн. Тус 12 асуудал өөр өөрсдийн холбогдох хуультай. ЖДҮ, нүүрс, Хөгжлийн банкны хулгайн асуудал, “Тэвчээр тасарлаа” зэрэг томоохон жагсаалууд эхлээд цахим сүлжээнд өрнөсөн шүү дээ. Үүнийг энэ хууль үгүй хийх нь. Ирэх жил сонгууль болоход хэн нэгэн улстөрч, нэр дэвшигчийн талаар тайлбар, сэтгэгдэл үлдээж болохгүй нь ээ. Бид хэн нэгнийг магтаж, долоож, дуулж л амьдрахгүй бол улс төр, нийгмийн олон асуудлаар шударга шүүмжлэл өрнүүлж болохгүй болох нь. Нийт ард түмнийг үзэх нүд, сонсох чихгүй болгоё гэсэн зохицуулалт болчихлоо. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 16 (7001)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ