Монгол Улс нүүрсээр баян орны хувьд эдийн засгийн хямралыг нүүрсний экспорт дээрээ дөрөөлөөд зовлонгүйгээр давж гарах боломж бололцоо байгаа юм, уг нь. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өмнөх жилүүдийг бодвол боломжийн хэмжээнд өсч, 200 ам.доллар давчихаад байхад манай коксжсон тонн нүүрсний үнэ ердөө 27 ам.доллар байгаа нь дэндүү харамсмаар зүйл. Монголчууд өртэй дээр нь валютын хомсдолтойн гайгаар австраличууд шиг тонн нүүрсээ 200 ам. доллар гээд зогсч чадахгүй байгаа юм.
Өр гэхээр хэн бүхний тархинд Чалкогийн өр харван орж байгаа байх. Үнэндээ тийм. “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 2011 оны долдугаар сарын 26-нд Хятадын төрийн өмчит Чалко компанитай байгуулсан Нүүрс худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөр болох 350 сая ам.долларын өрийн асуудал Монголын эдийн засагт чөдөр тушаа болоод байгаа хэрэг. Тэрхүү гэрээг үзэглэсэн хүмүүс нь одоогийн эрх баригч МАН-ын гишүүд.
Тонн тутмыг нь 70 ам.доллараар зарж борлуулахаар хийсэн гэрээг цуцлах шийдвэр гаргаж, нүүрсний үнийг өнөөдрийн төвшинд хүргэсэн нь харин АН-ынхан. Нүүрсний үнийн хоромхон зуурын өсөлтөд эрдэж, “Өндөр үнэтэй нүүрсийг хямдаар өглөө” хэмээн гэрээг зогсоосон эрхмүүд нүүрсний үнэ буурвал яах вэ гэдгийг тооцоолоогүйгээс Монгол Улс өнөөдөр тонн коксжсон нүүрсээ 27-хон ам.доллараар царайчлан байж экспортлож буй.
Байгалийн баялгаа барьцаалан байж авсан тэр их мөнгийг тухайн үеийн эрх баригчид 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Хүний Хөгжлийн Сангаар дамжуулан халамж нэрийн дор салхинд хийсгэж орхисон. Цаг хугацаа явсаар, бид ч өөдлөхгүй өрөө төлсөөр. Авсан нь үнэн юм хойно, төлөх нь ч бас үнэн байж таарна. Ямартай ч өнөөгийн байдлаар 350 сая ам, доллараас төлсөөр 96 сая ам.доллар үлджээ.
Эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ цаг үед чамлахааргүй амжилт. Гэхдээ эндээс нэг зүйл харуусал, эргэлзээ хоёрыг зэрэг төрүүлээд байгаа юм. Энэ нь Хятадын дотоодын коксжих нүүрсний үнэ он гарсаар 43 хувь өссөн байхад Эрдэнэс Таван толгой ХК-ий Зүүн Цанхийн коксжих нүүрсний үнэ 36 хувь өссөн явдал. Уг өсөлтөд тээврийн болон бусад зардал ороогүй гэж байгаа. Тэгэхээр зөрүү нь долоон ам.доллар байгаа биз.
Эл асуултад хариулах албан тушаалтан одоогоор алга. Халаа сэлгээний асуудал коммунист субботник адил үргэлжилж байхад ажлаа өгөөд явах гэж байгаа мэргэжилтэнд нүүрсний үнэ өснө үү, буурна уу юуны хамаа байх билээ. Гэвч холбогдох яам хийгээд “Эрдэнэс таван толгой”-нхон тэгж байгаад нэг тайлбар өгөх байх. Харин нүүрсний салбарын шинжээчдийн үзэж буйгаар “Эрдэнэс Таван толгой” ХК Хятадын төрийн өмчит Чалко компаний өрийг бүрэн барагдуулсан цагт Тавантолгойн ордын Зүүн Цанхийн нүүрсний үнийг чөлөөлөх боломж нээгдэх төдийгүй Зүүн Цанхийн нүүрсний борлуулалтын 100 хувь нь бэлэн мөнгөөр арилжаалагдах нөхцөл бүрдэх аж. Өрөнд идэгдэж яваа манай улсын хувьд энэ бол алдаж болохгүй боломж байж мэдэх юм.
Тиймээс урд хөршид өргүй, нүүрс экспортлогч МАК гэх мэтийн компаниуд дэлхийн зах зээл дэх үнийн өсөлтийг ашиглан хүссэн үнээрээ борлуулна гээд зүтгэчихэд болохгүй зүйлгүй мэт санагдана. Тэр байтугай “Эрдэнэс-Таван толгой” ХК-д ч уг нь ийм боломж буй.
Тодруулж хэлбэл, Зүүн Цанхиас олборлосон нүүрсээрээ Чалкогийн өрийг барагдуулахын зэрэгцээ Баруун Цанхийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар тонн тутамд долоон ам.долларын алдагдал хүлээх бус тийм хэмжээний цэвэр ашигтай ажиллах боломж бүрдэнэ. Ингэснээр валютын урсгал, улсын төсөвт төвлөрөх татварын орлогын хэмжээ нэмэгдээд зогсохгүй өр төлж дууссан тэр өдрөөс Зүүн Цанхийн борлуулалтын орлого нь 100 хувь бэлнээр Монгол Улсад орж ирэх нөхцөл бүрдэж, эдийн засаг тэр хэрээр сэргэхэд нөлөө үзүүлэх нь дамжиггүй.
Статистикаас харахад, нүүрсний олборлолт, экспорт урьд жилүүдээс өсчээ. Энэ оны аравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар Монгол Улс нийтдээ 19 сая тонн нүүрс олборлож борлуулснаас 16 сая тонныг нь экспортод гаргасан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад, нүүрсний олборлолт харьцангуй өсөлттэй гарсан гэсэн үг. Монгол Улс жилийн өмнө, 2015 онд ердөө 15 орчим сая тонн нүүрс олборлосон байдаг. Харамсалтай нь олборлолтын хэмжээ нэмэгдсэн ч ашиг нь ердөө ч өссөнгүй. Зүүн Цанхийн кокжсон нүүрсний үнэ уурхайн аман дээрээ 27 ам.доллараас өсөхгүй байгаа нь ашиг, орлогод нөлөөлсөн нь дамжиггүй.
“Зүүн Цанхийн ханшийг хатуу барьж буй хятадуудын бодлого Тавантолгой орчмын хувийн компаниудыг ч нэрвэж байна” хэмээн дуу алдах захирлуудын үг үнэний ортой. Урд хөрш нүүрэн дээрээ Монгол Улсад эдийн засгийн зээл тусламж олгоод байгаа мэт дүр эсгэвч цаанаа нүүрсний үнийг өсгөхгүй байх сонирхолтой байхыг ч үгүйсгэх аргагүй. Хятадын гангийн үйлдвэр Монголын коксжих нүүрсний цорын ганц зах зээл хэмээхэд буруудах зүйлгүй.
Их гүрний гангын үйлдвэрлэлийн бодлого хааш эргэхээс бидний хувь заяа зарим талаар шалтгаалах болчихоод байгаа нь ч нуух зүйл биш. Хятад улс 2008 оны санхүүгийн хямралыг давж гарсан арга зам нь тун энгийн. Бүхий л нөөц бололцоог дотооддоо ашигласан. Тодруулж хэлбэл, дэд бүтцийн салбартаа ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийн төмөр зам шинээр тавьж, зам гүүрийн олон олон бүтээн байгуулалтад зарцуулсан нь амжилт авчирсан.
Энэ нь ч хил залгаа орших Монгол Улсад эерэгээр нөлөөлсөн. Үүнийг бид нүүрсний экспортын оргил жил ч гэж тэмдэглэх болж. Харин энэ удаагийн хямрал 2011 оны дундаас Еврогийн бүсийн өрийн асуудлаас үүссэн учраас Хятад улс дээрхийн адил дотоодын хөрөнгө оруулалтаа хэд дахин нэмэгдүүлж, гангийн үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээг ихэсгэх эсэх нь одоогоор тодорхой бус байгаа. Тиймээс коксжих нүүрсний эрэлт, нийлүүлэлтийн хэмжээ ойрын үед нэмэгдэхгүй байх талтай.
Гэхдээ Монгол Улсад боломжууд цаг ямагт байсаар ирсэн нь бурхны хишиг. Монголын нүүрсний үнэ далайн замаар тээвэрлэгдэх австрали нүүрснээс хямд тул Монголын нүүрсний борлуулалт тэр хэрээр нэмэгдэж мэднэ. Гэвч сайн юманд садаа мундахгүй гэгчээр замын дэд бүтцийн асуудлаас болж, Монгол Улс байгаа боломжоо зуун хувь ашиглаж чадахгүй үлдэж мэдэхээр нөхцөл байдалд аж төрж буй.
Энэ нь эдүгээ ашиглаж байгаа дэд бүтэц экспортын нүүрсний тээвэрлэлтийн ачааллыг даахгүйд хүрч байгаа талаархи мэдээлэл өдөр бүр шахам хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа. Өмнийн говьд тавигдах төмөр зам яригдсаар тав дахь жил рүүгээ орох нь. Холбогдох яамны сайд, дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Ханбогдод ажиллаад ирсэн дуулдсан.
Ямартай ч тэрбээр төмөр замын тээврийн салбарт томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр 2017 онд Хөөт-Бичигтийн чиглэлийн 222 км зам, “Шивээхүрэн-Сэхэ” боомтын 13 км, Эрдэнэт-овоотын чиглэлийн 547 км төмөр замын барилгын ажлыг 2020 онд дуусгахаар төлөвлөж байгаагаа онцолжээ. Эцэст нь тэмдэглэхэд, популизмаар ташуур хийсэн төрийн түшээд, маргаашийн уушгийг харах тэнхээгүй дарга нарын гайгаар Чалкогийн өрийг төлж дуусаагүй өнөөдөртэй золголоо. Хөршийн ашиг сонирхол бус Монгол Улсын эрх ашгийг дээгүүр тавьдаг төрийн түшээдтэй болсон цагт л Монголын нүүрс үнэд хүрэх биз ээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.