Монгол-Беларусийн шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг идэвхжүүлнэ

Монгол-Беларусийн шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг идэвхжүүлнэ

Монгол-Беларусийн шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын IV хуралдаан 2024.01.23-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотноо зохион байгуулагдав.

Хуралдааныг Монголын талаас Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Беларусийн талаас Шинжлэх ухаан, технологийн улсын хорооны орлогч дарга Столярова Татьяна Григорьевна нар тус тус тэргүүлэн явууллаа.

Монголын талын бүрэлдэхүүнд Боловсрол, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох, Дээд боловсролын бодлогын удирдлага зохицуулалтын газрын дарга Х.Тамир, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Одгэрэл, Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал Б.Баасансүх нар ажиллав.

Талууд шинжлэх ухаан, технологи, инновацын хамтын ажиллагааны дараах тэргүүлэх чиглэлүүдээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцов. Үүнд:

  •  Хөдөө аж ахуй;
  •  Эрчимжсэн мал аж ахуй;
  •  Хөдөө аж ахуйн болон ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж;
  •  Ойн нөхөн сэргээлт, үржүүлэг,
  •  Ургамал, газар тариалан,
  •  Түүх, археологи

Түүнчлэн, хоёр улсын хамтарсан шинжлэх ухаан, техник, инновацын ирээдүйтэй төслүүдийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, хамтарсан төслүүдийн тоо болон үр дүнг сайжруулах, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Беларусын Үндэсний Шинжлэх Ухааны Академи хооронд шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах Санамж бичиг байгуулан ажиллахаар тохиролцов.

Түүнчлэн, Айлчлалын үеэр Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сан, Бүгд Найрамдах Беларусь Улсын Суурь судалгааны сан хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийг шинэчлэн, Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль, Бүгд Найрамдах Беларусь Улсын Хөдөө аж ахуйн техникийн их сургууль хооронд хамтын ажиллагааны санамж бичгийг тус тус байгууллаа.

Айлчлалын хүрээнд Беларусийн Үндэсний шинжлэх ухааны академид айлчлан тус академийн үйл ажиллагаа, хоёр улсын шинжлэх ухааны академи, шинжлэх ухааны технологи, инновацийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Цаашид, хамтын ажиллагааны хүрээнд ойн чиглэлийн нарийн мэргэжилтнүүдийг Монгол Улсад урьж ажиллуулах, туршлага хуваалцах, Монгол орны хөрс, байгалийн онцлогт тохирч ургах мод бутны талаар хамтарсан судалгаа хийх, Монголын ойн аж ахуйн чиглэлээрх мэргэжилтнүүдийг Беларусь Улсад дунд болон богино хугацааны сургалтад хамруулах, Засгийн газар хоорондын хамтарсан судалгааны хөтөлбөрийг идэвхжүүлэх, Монгол болон Беларусь улсын Залуу эрдэмтэн судлаачдын хамтарсан форумыг БНБУ-ын Минск хотноо зохион байгуулахаар тогтлоо.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ