Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ ямар байгаа билээ. Элдэв тоо баримт дурьдаад, эш татаад байх шаардлага ч байхгүй. Нөхцөл байдал хэцүүхэн байгааг хэн хүнгүй л мэдэж байгаа байх. Тэр дундаа цэцэрлэгийн хүрэлцээ муу. Маш муу байсныг арай л жаахан дээрдүүлж байгаа, сүүлийн жилүүдэд. Нэг хэсэг жилд ганц ч цэцэрлэгийн барилга нэмэгддэггүй байсныг эс тооцвол сүүлийн үед бүр овоо болоод байгаа.
Улс боломж бололцооныхоо хэрээр цэцэрлэг барьж, ашиглалтад оруулж байна. Нөгөө талаар цэцэрлэгийн асуудлыг шийдэх гарц хайж байгаа нь өнгөрсөн дөрвөн жилд “Хүүхэд харах үйлчилгээ”-г гаргаж ирсэн явдал байлаа. Ерөөсөө өнгөрсөн дөрвөн жилд эрх баригчдын хийсэн гайгүй ажлуудын нэг нь энэ. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдаж, асуудал шийдэгдсэнээр 6000 гаруй хүүхэд гэртээ цоожлогдох аюулаас аврагдаж, мөн тооны эцэг, эх санаа зоволтгүй хөдөлмөр эрхлэх боломж бүрдэж байгаа гэх. Яг таг баталгаатай тоо баримт биш л дээ. Үүнээс илүү ч олон хүүхэд Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах боломжтой байж болох. Гэвч энэ Засгийн газрын үед Хүүхэд харах үйлчилгээ зогсонги байдалд орчихоод байна. Эрх баригчид болохоор бүр зогсоогоогүй, үргэлжлүүлнэ, дэмжинэ гээд л байгаа.
Тэгсэн мөртлөө зогсоож байгаа шалтгаанаа янз бүрээр тайлбарлаж байгаа юм. Стандартын дагуу байраа тохижуулаагүй, хүүхэд харах багш нарыг сайн сургаагүй.
Ажил нь удаан урагшилж байна гэх мэтээр өөр олон янзын шалтгаан хэлээд байгаа юм. Нөгөө талаас хамгийн хүндрэлтэй байгаа асуудал бол Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдэд олгох хувьсах зардал. Эдийн засаг хүндрэлтэй байгаа болохоор гэх тайлбарыг зүүх хүмүүс ч байгаа юм. Тийм ээ, эдийн засаг хүндрэлтэй байгаа. Бид бүсээ чангалахаас өөр аргагүй байна. Төсвөө дэмий зүйлд үрэн таран хийх эрх үлдээгүй.
Гэхдээ Хүүхэд харах үйлчилгээ дэмий гэдэг ангилал руу орохгүй. Харин ч хамгийн шаардлагатай, хөрөнгө мөнгө гаргах ангилал руу орох ёстой. Хууль нь батлагдаад, Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүмүүс нь байр саваа бэлтгээд, дарга нарын шаардлагад арай гэж нийцүүлэх гээд явж байсан. Энэ үйлчилгээг зогсоолгүй, түүний оронд шалгах ёстой юм бол шалгаад, шаардлагад нийцсэнд нь хувьсах зардлыг нь олгоод явж байсан бол арай өөр. Одоо болохоор өөх ч биш, булчирхай ч биш байдалтай болчихлоо.
Ерөнхий дүр зургийг нь харах юм бол, Хүүхэд харах үйлчилгээг болиулах гээд ч байгаа юм шиг. Албаны хүмүүсийн хэлж, яриад байгааг нь сонсохоор үргэлжлүүлэх гээд байгаа юм уу гэж бодогдохоор. Аль нэг талдаа хараахан гарчихаагүй байна. Шууд үргэлжүүлэх нь тодорхой гээд хэлчих хэцүү. Янз бүрийн шалтаг, шалтгаан тоочиж байгаад болиулчихвал яах билээ. Зогсоох нь тодорхой гээд хэлчих ч бас хэцүү. Он гаргаад үргэлжүүлнэ, бүр зогсооно гэж хэн ч хэлээгүй гэхэд л гүйцээ.
Угтаа бол нүдээ аниад л хэрэгжүүлэх ёстой юм. Үнэхээр төсөв хэцүү байгаа бол өөр хэрэггүй зардлаа хэмнээд, тэр мөнгөө Хүүхэд харах үйлчилгээнд зарцуулж яагаад болохгүй гэж. Нөгөө талаар янз бүрийн шалтаг хайж, зогсоох чиглэл рүү нь явуулж байхаар нэгэнт л байр саваа бэлтгээд, хөрөнгө мөнгөө зарцуулчихсан хүмүүст эрхийг нь нээлттэй үлдээх хэрэгтэй. Төрөөс хувьсах зардлыг нь өгч чадахаар болтлоо өөрсдөө үйл ажиллагаагаа явуулаад, сардаа 150 мянган төгрөгөөр ч юм уу хүүхэд харах боломжоор нь хангаад өгчих хэрэгтэй.
Орон сууцныхаа хоёр өрөөнд хэдэн ширхэг тоглоом тавьчихаад, өдөр өнжүүлэх ажиллуулж байгаа нь энэ гээд сардаа 220 мянган төгрөгийн төлбөр авч байгаа хүмүүс зөндөө л байна. Эцэг, эхчүүд ажлаа хийхийн тулд мөнгийг нь төлөөд л хүүхдээ харуулж байгаа. Тэгвэл нэгэнт байр саваа бэлтгэчихсэн газруудад бол үүнээс арай бага үнээр хүүхэд харахад яах вэ дээ. Заавал сүртэй шаардлага тавиад, түүнийг нь хангахгүй бол эрхийг нь өгөхгүй гээд байх хэрэггүй л баймаар.
Энэ ч гэсэн хүн амын өсөлтийг дэмжих бодлого
Монгол Улс ердөө л гуравхан сая хүнтэй. Сүүлийн 30-аад жилийн турш хоёрхон саяулаа гэгдэж байсныг бодвол арай дээр. Гэвч манай улсын хүн амын өсөлтийн хурд үнэндээ яст мэлхий шиг л байна. Энэ бол хүн амын өсөлтийг дэмжих ямар ч бодлого байхгүй байгаагийн хар гай. Ганц байгаа бодлого нь хүүхдийн 20 мянга гээд байгаа. Ёстой хөх инээд хүрмээр бодлого.
Сард 20 мянган төгрөг авахын тулд хүүхэд иргэд хүүхэд гаргана гэж ямар тэнэг нөхрийнх нь толгойд орж ирээд, дараа нь хүн амын өсөлтийг дэмжсэн бодлого гэж ярьдаг байна аа. Харин сүүлийн жилүүдэд арай өөр бодлого яриад байгаа. Өнгөрсөн дөрвөн жилд гурав дахь хүүхдийг дэмжих бодлого гээчийг ярьж ярьж дуусгасан. Харин энэ Засгийн газрын үед “Цалинтай ээж” гэдэг хөтөлбөр гаргаад ирлээ. Уг нь бусад бүх хэрэгтэй хэрэггүй халамжаа хасаад, зөвхөн хүн амын өсөлт рүү чиглэсэн бодлого руу “цутгавал” сайн л байна.
Гэхдээ зөвхөн хэдэн төгрөг өгнө гээд энэ мэт бодлого урагшаа явахгүй нь ойлгомжтой. Хүүхэд төрүүлээд, хоёр жил боллоо, дараа нь цэцэрлэгт өгөх гэхээр л бөөн “дайн” болоод байвал хэцүү биз дээ. Тийм болохоор хүн амын өсөлтийг дэмжих бодлого гаргах гэж байгаа асуудлыг цогцоор нь шийдэх хэрэгтэй. Хүүхэд хоёр нас хүрээд, цэцэрлэгт орох үед эцэг, эхчүүдийн тархи “гашилдаггүй” л байх ёстой шүү дээ. Тэгэхийн тулд “Хүүхэд харах үйлчилгээ”-г улам боловсронгуй болгож, хэрэгжүүлэх нь зөв. Яг үнэндээ сая эрх баригчид хувийн цэцэрлэгийг дэмжиж, баахан хүүхэд авах бололцоогоор хангасан.
Нэг талдаа бол эцэг, эхчүүдэд аятай юу л хэрэг. Нөгөө талдаа хувийн цэцэрлэгүүд зүгээр л төлбөргүйгээр, хувьсах зардлаа авахын төлөө баахан хүүхэд авах уу. Төрөөс тодорхой хэмжээнд төлбөр мөнгө өгсөн гэж л хардах гээд байна. Хувийн цэцэрлэгийг энэ мэтээр дэмжиж болж байгаа юм чинь, нэгэнт ажлаа эхлүүлээд явж байгаа Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг ч дэмжих л хэрэгтэй. Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд 40 гаруй мянган цэцэрлэгийн насны хүүхэд гэртээ байна гэсэн тоо бий. Тэдний хэд нь гэртээ цоожлогдож үлдэж байгаа бол. Бас л яс хавталзмаар тоо шүү. Тэд гэртээ үлдэж, асар их эрсдэл дунд байхын оронд Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаад, нэг багшийн хараа хяналт дор байвал арай л өөр биз дээ. Энэ мэтээр бодох асуудал маш их байна. Тийм болохоор төсвөөс хэмнэж болохоор хэмнээд, бүр бүсээ чангалаад ч болов Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлээсэй билээ. Олон ч эцэг, эх үүнийг хүсч байгаа нь тодорхой. Энэ ажлыг хийчихвэл их аятайхан харагдах юм даа.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.