Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймагт /2026.11.11/ ажиллаж байна. Аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллах үүрэг даалгавар өглөө. 

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын хяналтаар Өмнөговь аймагт анхаарах  асуудал байгааг тус газрынхан танилцуулав. Байгууллагын үйл ажиллагааны ерөнхий дүнгээр 2025 онд 67.9 хувьтай гарчээ. Үүний шалтгаан нь хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, (shilen.gov.mn) цахим системийн үнэлгээ 56.8 хувьтай байжээ.

Өргөдөл, гомдлын сан буюу “Dashboard.gov.mn” цахим системд Өмнөговь аймгийн 195 байгууллагаас 189 нь холбогдоогүй, мөн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гомдлын тоо сүүлийн гурван жил буураагүй байна.

“Хүүхдийн төлөө за бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүүхэд хамгааллын бодлого батлаагүй. Газрын тухай хуулийн дагуу иргэнд үр тариа, хүнсний ногооны зориулалтаар газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулаагүй. Ханбогд, Цогтцэций, Гурвантэс суманд нөөцийн мах бэлтгэж эхлээгүй зэрэг дутагдал байгааг албаны хүмүүс хэллээ.

Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль 2026 оны наймдугаар сарын 31-нээс хэрэгжсэн. Иймд Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж, бизнес эрхлэгчдийг хүнд суртлаас чөлөөлөх "ЧӨЛӨӨЛЬЕ" санаачилгын хэрэгжилтийг хангаж ажиллах ёстойг Ерөнхий сайд онцлов.

Аймгийн удирдлагууд хууль тогтоомжийг биелүүлэхэд хичээн ажиллаж буйгаа хэлээд, хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулсан юм. Аймгийн хэмжээнд 4,972 аж ахуйн нэгж бүртгэлтэй. НӨАТ төлөгч 2081 ААН байгаагаас татварын реформын үр дүнд 500 аж ахуйн нэгж НӨАТ төлөгчөөс чөлөөлөгдөнө. 

Энэ сараас өндөр насны тэтгэвэр авч буй 10,695 иргэний 73.9 хувь нь “Суурь тэтгэвэр” авч эхэлжээ. Төрийн үйлчилгээний 370 гаруй албан хаагчийн цалин 50 хувь нэмэгдсэн. Аймгийн хэмжээнд нийт газар нутгийн 93 хувьд нь үүрэн телефоны сүлжээ нэвтэрсэн. Орон нутагт сүүлийн таван жилд түрээслээд өмчлөх нөхцөлтэй 547 айлын орон сууц ашиглалтад оруулж, 80 өрх гэрээний дагуу орон сууцаа өмчилж авчээ.

Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орж орон нутгийн хөгжлийн санд төвлөрөх АМНАТ-ын хувь хэмжээ 10 байсныг 20 хувь болгон нэмэгдүүлсэн. Өмнөговь орон нутагтаа тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх санхүүгийн боломж нь хоёр дахин нэмэгдэж буй юм. 

Ерөнхий сайд аймаг, орон нутгийн удирдлагуудыг Засгийн газрын бодлогыг уялдааг хангаж, дэмжин ажиллаж буйг сайшаагаад Хяналт хэрэгжүүлэх газрын дүгнэлтэд анхаарахыг даалгав.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ