УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Засгийн газрын 100 хоногийг дүгнэж мэдээлэл хийлээ. Тэд Мэргэжлийн Засгийн газар өнгөрсөн 100 хоногт “мэлхийний хурд”-аар ажилласан. Тэд өмнөх Засгийн газрын хийсэн ажил дээр очиж тууз хайчилснаас гарт баригдаж, нүдэнд үзэгдэх ажил хийж чадаагүй гэж дүгнэжээ. Хурлын эхэнд АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ “МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр нь олон нийтийг хууран мэхлэх худал амлалт байсан нь Мэргэжлийн нэртэй Засгийн газрын өнгөрсөн 100 хоногийн хугацаанд хийсэн ажлаас тодорхой харагдаж байна.
Тэд өнгөрсөн хугацаанд найман төрлийн татвар нэмэх, төрийн албан хаагчдын цалинг бууруулах, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг 12 сар болгон бууруулах, бүтцийн өөрчлөлтөөр цомхотголд орсон төрийн албан хаагчдын тэтгэмжийг гурван сар болгон бууруулах, хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгох, хүүхэд харах үйлчилгээг зогсоох, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх, оюутны тэтгэлэг, гадаадын их дээд сургуулиудад Засгийн газрын тэтгэлгээр сурч байсан тогтолцоог хүчингүй болгох хуулийн төслүүдийг өргөн барьж, хэт олонхиор хүч түрэн баталсан.
Үүнээс харахад хэр удаан настай, ямар чадамжтай Засгийн газар вэ гэдэг нь харагдаж байна. Өмнөх Засгийн газрын хийсэн ажил дээр очиж тууз хайчилж, цаашид хийж хэрэгжүүлэх ажил нь тодорхойгүй МАН-ын Засгийн газарт УИХ дахь АН-ын бүлгээс онц муу гэсэн үнэлгээг өгч байна.
100 хоногт хийсэн тэдний хамгийн сайн ажил нь нам, үзэл бодлоор нь ялгаварлан, төрийн албан хаагчдыг хоморголон халах, албан тушаалын арилжаа наймаг гаргууд сайн хийлээ. МАН хэт олонхидоо эрдэж хууль зөрчиж байна” гэлээ. Харин АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж “Мэргэжлийн нэртэй Засгийн газар өнгөрсөн 100 хоногт эргэж буцсан олон асуудал оруулж ирсэн. Харин ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэх бодлого огт хэрэгжүүлсэнгүй.
Ганц гайгүй ажил хийсэн гэж яриад байгаа. Нэг тогтоол гаргаад түүний үр дүнд хонины нэхийний үнэ 500 төгрөгөөс 1000 төгрөг болж нэмэгдсэн. Нэг талхны үнэ хүрэхгүй орлогыг малчин өрхөд бий болголоо. Энэ Засгийн газарт өөр хийж, гялтайлгасан ажил байхгүй. Гэхдээ нэхийний үнэ Засгийн газрын шийдвэрээс болж нэмэгдсэн үү, валютын ханшийн өсөлтөөс нэмэгдсэн үү гэдэг нь эргэлзээтэй” хэмээлээ.
Мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Сонгууль бүрийн дараа төрийн албан хаагчдыг хоморголон халдаг болоод удаж байна. Ер нь энэ асуудлыг хэрхэн зохицуулах ёстой юм бэ?
С.Эрдэнэ: Өмнөх Засгийн газар, парламентад ажиллаж байсан хүний хувьд төрийн албан хаагчдыг хоморголон халсан зүйл огт байгаагүй гэдгийг хэлмээр байна. Ялангуяа манай салбар дээр ийм асуудал байгаагүй, өмнө нь ажиллаж байсан албан хаагчид тогтвортой ажиллаж ирсэн. Өнөөдөр бол зөвхөн нийгмийн хамгааллын салбарт л гэхэд 2012 оноос хойш ажилд орсон гэсэн үндэслэлээр маш олон хүнийг халсан. Ийм нөхцөлд Төрийн албаны зөвлөл төрийн албан хаагчдаа хамгаалах чадваргүй гэдгээ харуулж байна. Тиймээс бид цаашдаа тууштай тэмцэж ажиллана.
Б.Пүрэвдорж: Яамдаас илүү агентлагуудад олон төрийн албан хаагч ажилладаг. Би 2012 онд Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газрын даргаар томилогдсон. 600 орчим албан хаагчтай байгууллагыг удирдаж явсан. МАН-ын албан тушаалтнаас ажлыг нь авч байсан. Ингэхдээ би нэг хүнийг ажлаас халж, гурван хүнийг тэтгэвэрт гаргасан. 2012 онд АН олонхи төрийн албан хаагчдыг олноор халж байгаагүй.
-Эдийн засаг сайжруулах хөтөлбөрийг хэлэлцэж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр 18 сарын дотор эдийн засгийг сайжруулна гэсэн бэ. Чадах болов уу?
С.Эрдэнэ: Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөр дотор эдийн засгийн бүтцээ хэрхэн өөрчлөх талаар ямар ч заалт тусгаагүй. Ганц тулгууртай эдийн засгийн бүтцээрээ цаашаа яваад байх юм уу. Барилга, мал аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл гээд эдийн засгийн бусад тулгуур бүтцүүдээ хэрхэн өөд татаж, дэмжих гэх мэт дорвитой өөрчлөлтийн тоо баримт тусгаагүй байна билээ. Тиймээс үр дүнтэй хөтөлбөр болно гэхэд эргэлзэж байна.
Том төслүүдээ хөдөлгөнө гэж яриад байгаа. Гэтэл нөгөө нэг тулгуурт бодлогоо л яриад байна. Харин эдийн засгийн бүтцээ өөрчлөх шаардлага байна. Уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай байхад улс орон хөгжихгүй юм байна гэдгийг бид харлаа. Тиймээс бусад салбараа хөгжүүлэхийн төлөө яагаад ажиллахгүй байгаа юм.
-Энэ Засгийн газар ажлаа авахад төрийн данс улайсанн хүүхдийн мөнгө өгөх боломжгүй байсан гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Та өмнөх Засгийн газарт ажиллаж байсан хүний хувьд ямар Засгийн газар хүлээлгэж өгсөн талаар тайлбар хийх үү?
С.Эрдэнэ: 2016 оны төсвийг 950 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар баталсан. Гэтэл долдугаар сарын 1-нд МАН засаг хүлээж аваад энэ оны тодотголоо өргөн бариад батлуулаад явах ёстой. Гэтэл ямар ч мөнгөгүй байсан гээд зогсож болохгүй. 2016 оны төсвийг баталсан байсан. Тиймээс орлого зарлага нь тодорхой байгаа.
Түүнээс данс нь дүүрэн Засгийн газар үлдээгээд явдаг нэг ч төсөв мөнгө байхгүй. Тухайн сар, улиралдаа орлого нь ороод, буцааж зарцуулагдаад явдаг зарчимтай. Мэдсээр байж улаан цайм гуйвуулж, улстөржүүлэх шаардлагагүй. Долдугаар сарын 1 хүртэл хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмж, урсгал зардал, концессын санхүүжилтүүд бүгд хэвийн явж байсан. Гэтэл ажлаа аваад л Монголбанкны гадаад валютын сан хоосон байна гэж Ерөнхийлөгч нь зарлаад валютын ханшийг өсгөсөн.
Яг үнэндээ 1.3 тэрбум ам.долларын валютын нөөцтэй үлдээсэн. Сангийн сайд нь ажлаа авмагцаа Монгол Улс дампуурсан, эдийн засаг элгээрээ хэвтсэн байна гэж зарлаад зээлжих зэрэглэлийг бууруулсан. Олон улсын төвшинд Монгол Улсын Засгийн газрын нэр хүндийг навсайтал унагаасан. Ам.долларын ханш 400 төгрөгөөр нэмэгдэх ажлыг тэд өөрсдөө л хийсэн. Зүгээр явж байсан эдийн засгийг эд л ийм болгосон.
Хэтэрхий улстөржсөн, өмнөхөө харлуулах гэж улайрсан тэнэг алхмаас болоод өнөөдөр Монголын эдийн засаг ийм байдалд орчихоод байна. угаасаа өнгөрсөн дөрвөн жилд манай эдийн засаг өнөөдрийнх шиг хүнд л байсан ш дээ. Олон улсын зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн үнэ 3-5 дахин унасан. Одоо ч хэвээрээ л байна. Харин ч өнгөрсөн дөрвөн жилд энэ нөхцөл байдалд эдийн засгийг эрчимжүүлэх, мөнгө нийлүүлэлтийг эрчимжүүлэх чиглэлд сайн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Гарч ирээд бүгдийг нь зогсоосон.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.