Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлаар сайд нар мэдээлэл хийлээ. Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, зардлыг танах асуудлыг Ерөнхий сайд Н.Учрал Эрчим хүчний сайд Б.Найдалаад үүрэг болголоо. Энэ хүрээнд эрчим хүчний салбарт хэрэгжүүлж эхлэх хэд хэдэн тогтоол батлагджээ.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа:
-Эрчим хүчний тулгамдсан асуудлыг аргалах бус сууриар нь урт хугацааны шийдэл болгох, санхүү эдийн засгийн тал дээр бие даасан, үнэ тариф нь иргэдэд ээлтэй, шинэ эрчим хүчний техник нэвтэрсэн дорвитой шийдэл гарган ажиллаж байна. Үүний хүрээнд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний салбарт хэд хэдэн тогтоол баталсан.
Нэгдүгээрт, одоо баригдаж байгаа хувийн хөрөнгө оруулалттай Сэлэнгийн 70 МВт-ын чадалтай цахилгаан станцыг хугацаанд нь ашиглалтад оруулах, БНХАУ-аас эрчим хүч импортлох шаардлагатай байгаа “Зэс-Оюу” цахилгаан дамжуулах дэд станц барих ажлыг шуурхайлан ашиглалтад оруулах.
Хоёрдугаарт, цахилгаан станцын оргил ачааллын үед цахилгаан хязгаарлахгүйн тулд батарей хураагуурыг богино хугацаанд хэрэгжүүлж ажиллана. Мөн таван аймагт таван байршилд баригдах нарны цахилгаан станцыг нээлттэй сонгон шалгаруулалтаар яаралтай хэрэгжүүлэхийг үүрэг болгосон.
Хамгийн чухал асуудал үнэ, тариф гэхээсээ илүүтэй энэ салбарын зардал, засаглал, үр ашгийн асуудал. Эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулах өртгийг бууруулах чиглэлээр хамгийн багадаа гурван өөр аргаар богино хугацаанд бууруулна гэсэн чиг үүргийг өгсөн. Зөвхөн зардлыг бууруулах бус бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөлт хийх, орон тооны оновчлолыг хийх гэх мэтчилэн судалгаа, баримттай хийх ажлууд байна. Мөн эрчим хүчний салбар хэрэглэгчдэд чиглэсэн ойлгомжтой хэлбэрээр төлбөрийн мэдээлэл дэлгэрэнгүй харуулдаг цахим ухаалаг систем нэвтрүүлнэ. Энэ оны гуравдугаар сард багтааж дулааны тоолуурыг бүх шатанд үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлыг эхлүүлнэ.
Эцэст нь дүгнэж хэлэхэд, эрчим хүчний салбар тулгамдсан асуудал ихтэй учраас богино хугацаанд аргацаах бус урт хугацаанд Монгол Улсын эдийн засгийг бүрдүүлэгч суурь салбарын нэг гэдэг утгаар нь бодлогын шийдвэрээр цогцоор нь хэрэгжүүлж байгаа. Цаашдаа ч гарах эрчим хүчний ажлуудыг бодлогын түвшний иж бүрэн хэлбэрээр нь оруулж, Засгийн газрын хуралдаанаар шийдүүлж байх болно.
Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар мэдээлэл хийлээ.
Оюутолгой төслийн менежментийн төлбөртэй холбоотой асуудлыг бууруулах, засаглалыг сайжруулах чиглэлд арга хэмжээ авах хэлэлцээр хийх Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ахалж байгаа юм.
Тэрээр “Хэлэлцээр маш эрчимтэй явагдаж, бодит үр дүнтэй байна. Нэгт, зээлийн хүүгийн хэлэлцээрийг хэлэлцэх долоон жилийн түгжээг бид тайлсан. Хоёрт, хэлэлцээрийг заавал үр дүнд хүртэл үргэлжлүүлэх тохиролцоонд хүрч чадсан. Гуравт, олон улсын жишигт нийцсэн үр дүнгээр зээлийн хүүг ч менежментийн төлбөрийг ч хүргэнэ гэсэн шийдлүүд явагдаж байна. Энэ сарын 12-нд Рио Тинто-гийн хэлэлцээрийн баг Монгол Улсад ирнэ” гэлээ.
11 мянган га атар газрыг тариалангийн зориулалтаар ашиглана
Засгийн газрын хуралдаанаас Баян-Өлгий, Дорноговь, Хэнтий аймгуудын нутаг дэвсгэрт болон Хархорум хотын эдэлбэр газарт нийт 11 853 га атар газрыг тариалангийн газрын ангилалд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
Монгол Улсын Их Хурлын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын 3.а-д “тариалангийн зориулалттай газар ашиглалтыг сайжруулах, талбайн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор шинээр 200.0 мянган гектар хүртэл атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх, эргэлтийн талбайг 1.1 сая гектарт хүргэх, усалгаатай тариалангийн талбайг 5000 гектараар нэмэгдүүлэх, тариалангийн газрыг улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 3.3.4.13-т “Хүн амын өсөн нэмэгдэж байгаа хүнсний хэрэгцээг хангах зорилгоор “Атар IV” аяныг хэрэгжүүлж, газар тариалангийн нийт эргэлтийн талбайг 200.0 мянган га-гаар нэмэгдүүлнэ” гэж тус тус заасан байдаг.
Энэхүү тогтоол, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх үүднээс одоо байгаа нийт тариалангийн эргэлтийн талбайг нэмэгдүүлэх ажлыг Засгийн газраас шат дараатай авч хэрэгжүүлж байна.
Ийнхүү атар газрыг тариаланд ангилалд шилжүүлснээр Газрын нэгдмэл санд бүртгэлтэй 1.2 сая га тариалангийн талбайн хэмжээг 1.28 сая га-д хүрнэ. Хүнсний хувьсгал, “Атар IV” аян, Шинэ хоршоо хөдөлгөөн зэрэг төрөөс хэрэгжүүлж, томоохон бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, хөдөө орон нутагт шинээр ажлын байр бий болгох зэрэг ач холбогдолтой юм.