Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Турк Улсад ажлын айлчлал хийж байна. Тэрбээр (2026.06.22) БНТУ-ын Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчитэй албан ёсны уулзалт хийлээ.
БНТУ-ын Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчи Зүүн хойд Азийн найдвартай түнш Монгол Улстай үйлдвэрлэл, логистикийн хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэж, хоёр улсын өнө эртний түүхэн найрсаг харилцааг хөгжүүлэх өргөн боломжтойг онцолж байна.
Уулзалтаар худалдаа, хөрөнгө оруулалт, агаарын тээвэр, логистик, бүсчилсэн хөгжил, гамшгийн менежмент болон хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх хүрээнд хоёр улсын худалдааны эргэлтийг ойрын жилүүдэд 500 сая ам.долларт хүргэх, Монголын талын экспортын хэмжээг нэмэгдүүлэх, эдийн засгийн тусгай бүсүүдийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Шадар сайд Н.Номтойбаяр Хөшигийн хөндийн эдийн засгийн тусгай бүс, Хархорум хотын бүтээн байгуулалт, орон сууц, дэд бүтэц, барилгын материалын үйлдвэрлэлийн төслүүдэд БНТУ-ын аж ахуйн нэгжүүдийг оролцуулах, гамшгийн удирдлага, аврах ажиллагааны дэвшилтэт технологи нэвтрүүлэх, мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээ илэрхийлэв.
Талууд Улаанбаатар хот болон “Шинэ Хархорум” хотыг бүс нутгийн тээвэр, логистикийн зангилаа болгон хөгжүүлэх, карго терминалын хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлд хоёр улсын хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх боломжуудын талаар хэлэлцлээ.