Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах болсноо өнөөдөр Төрийн ордонд мэдэгдсэн.

Энэ нь төрийн тэргүүн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буй анхны тохиолдол боллоо. Харин У.Хүрэлсүхийн хувьд төрийн өндөр албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн дөрөв дэх тохиолдол болж үлдэв. Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлттэй холбоотой хуулийн процесс хэрхэн явагдах талаар мэдээлэл хүргэж байна.

Үндсэн хуульд зааснаар "Ерөнхийлөгч хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна" гэсэн байдаг.

Энэ хүрээнд одоогийн УИХ-ын дарга С.Бямбацогт Ерөнхийлөгч ажлаа хүлээлгэн өгсний дараа шинэ Ерөнхийлөгч сонгогдох хүртэлх хугацаанд бүрэн эрхийг хэрэгжүүлэх юм.

Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлэх асуудлыг Улсын Их Хурал чуулганы хуралдаанаараа тухай бүр хэлэлцэж шийдвэр гаргах учиртай.

Улсын Их Хурлын дарга нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байхдаа Ерөнхийлөгчийн зарлиг, захирамжид "Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч" гэж гарын үсэг зурна. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор явуулах хуулийн заалттай. Ингэхээр 2027 оны гуравдугаар сарын дотор дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах магадлалтай болж байна.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр "Чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр хүргүүлнэ. Лхагва гарагийн Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд, Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг шийдэх байх гэж харж байна" хэмээн мэдээлэл өгөөд буй.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ