Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөнө гэдгээ мэдэгдсэн. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд оролцож байр сууриа илэрхийлсэн. Тэрээр "УИХ дахь АН-ын бүлэг "Ерөнхийлөгч албан тушаалаасаа чөлөөлөгдөөд шалгуулах хэрэгтэй" гэсэн байна лээ. Би үүнтэй санал нийлж байгаа. Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд үнэн мөнийг тогтоолгох нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байгаа. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч гэсэн эрхэм ажлыг хүлээлгэн өгнө. Миний нэр хүндийг гутаан доромжилж буй этгээдүүдийг холбогдох газарт нь өгч нэр төрөө сэргээлгэнэ. Ажлаа хүлээлгэн өгөөд жирийн иргэн болсныхоо дараа сэтгүүлчидтэй уулзаж бүх зүйлийг сайхан ярьж өгнө. Надад ярих зүйл их бий" гэсэн юм.

Мөн өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр "Ерөнхийлөгч чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр хүргүүлнэ. Лхагва гаргийн Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд, пүрэв гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг шийдэх байх гэж харж байна" гэсэн.

Түүнчлэн Ерөнхийлөгч өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд оролцож байр сууриа илэрхийлсэн. МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалын хэвлэлд өгсөн мэдээллээр Ерөнхийлөгчийн хүсэлтийг бүлгийн гишүүд нь дэмжжээ.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 13:30 цагаас хуралдана. Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд бусад гэсэн асуудал байгаа нь Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт бололтой.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг дараах байдлаар хэлэлцэхээр заажээ.

98 дугаар зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, огцруулах асуудлыг хэлэлцэх

  • 98.1.Монгол Улсын Ерөнхийлөгч эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хуралд гаргасан бол Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг ажлын 5 өдрийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд танилцуулна.
  • 98.2.Нэгдсэн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг ажлын 5 өдрийн дотор хэлэлцэн ил санал хураалт явуулж, чөлөөлөгдөх хүсэлтийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хууль баталсанд тооцно.
  • 98.3.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шалтгаан, үндэслэлийн талаар гишүүд асуулт асууж, үг хэлж болно.
  • 98.4.Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн, эсхүл огцруулах үндэслэлтэй байна гэсэн Цэцийн дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах эсэх асуудлыг энэ хуулийн 85, 86 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ.
  • 98.5.Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны саналаар ил санал хураалт явуулж хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын нийт гишүүний дийлэнх олонх дэмжсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах тухай хууль баталсанд тооцно.
  • 98.6.Нэгдсэн хуралдаанд оролцсон нийт гишүүний дийлэнх олонх Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах саналыг дэмжээгүй бол уг асуудлаар шийдвэр гарахгүй.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ