М.Оюунчимэг: МҮОНРТ өнөөдөр эзэнгүй айл шиг байна

М.Оюунчимэг: МҮОНРТ өнөөдөр эзэнгүй айл шиг байна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаанаар Монголын үндэсний олон нийтийн радио телевиз /МҮОНРТ/-д хийсэн шалгалтын дүнг сонсох, МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай, МҮОНРТ-ийн тухай хуулийг өөрчлөх эсэх, мөн тус газарт мэргэжлийн байгууллагын шалгалт оруулах эсэх асуудлыг хэлэлцэв.

Хурлын эхэнд ажлын хэсгийн ахлагч Н.Цэрэнбат шалгалтын дүнг танилцуулсан юм.  МҮОНРТ-д хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг мэргэжлийн байгууллагаар нарийвчлан шалгуулахаар болов. Өөрөөр хэлбэл, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Үндэсний аудитын газар, Сангийн яамны Төсвийн хяналт эрсдлийн удирдлагын газарт Байнгын хорооны тогтоолоор чиглэл өгч, илэрсэн зөрчлийг нарийвчлан шалгаад байнгын хороонд танилцуулахыг үүрэгдсэн юм. Үүний дараа  МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Х.Чилаажавыг томилохыг дэмжсэн юм.

Хуралдааны үеэр:

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Танай МАН-ын пиарын зөвлөх байсан Н.Дэмбэрэл хэзээ халагдчихсан бэ. Энэ хуралдаанд ҮЗХ-ны дарга нар яагаад оролцсонгүй юм. Нэг талыг нь бариад яриад байх шиг санагдаад байна” хэмээн тодруулсан юм.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Үндэсний зөвлөлийнхнийг хуралдаанд суулгахаар утсаар залгаж асуусан. Н.Энхмандах дарга боломжгүй гэсэн, нарийн бичгийн дарга нь өвчтэй, Ц.Оюундарь дарга чөлөө авсан байсан. Тэнд өнөөдөр эзэнгүй айл шиг байна. Үндэсний зөвлөл дотоод аудитын шалгалтыг гаргасан. Нийт уран бүтээлчдийн 70-80 хувь нь шаардлага гаргасан байсан. Шалгалтын аудитын дүнгээр хууль зөрчсөн зүйл их байсан. Энд хүний эрх ноцтой зөрчсөн байна. Хоёр ч хүн шүүхэд ханджээ. Буцааж ажилд нь авах шүүхийн шийдвэр гарсан байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: ОНРТ-ийн хууль гэж байгаа. Энэ хуулиа өөрчлөх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол нэг нам гарч ирээд л намчирхсан нэг нөхрийг МҮОНРТ-ийн даргаар тавьдаг болсон байна. Ц.Оюундарийг аваад хаячиахж болно.  Үүний дараа мөн л нэг намчирхсан нөхрийг Монгол Ардын намынхан томилно. Үүнийг мэдэж байна. Бидний тогтолцоо, байгаа байдал энэ. Дараагийн дарга нь Ц.Оюундариас дээрдэх зүйл байхгүй, улам ч дордоно. Хууль зөрчигдсөн гэж байна. Санхүүгийн зөрчлийг аудит, хөдөлмөрийн зөрчлийг хөдөлмөрийн байцаагч, татварын зөрчлийг татварын хяналтынхан тогтоох хэрэгтэй. Асуудал хүндээ биш.

Нэг удирдлага солигдохоор өлсгөлөн зарлаад байдаг байгууллага болчихжээ. Агаарын дутагдалтай ажлын байрны шаардлага хангахгүй гэлээ. Төрийн байгууллагууд бүгд ийм дутагдалтай байгаа. Төрийн ордон гэхэд нурж унах гэж байгаа гэсэн дүгнэлт гаргачихсан. МҮОНРТ-ийн хувьд нэг хэсэг нь дарга нарыг солих гээд, нөгөө талд хувьчилж авах гэсэн санаархал явж байна. Ажлын хэсгүүд 14 хоногийн дотор шуурхай ажиллажээ. Гэтэл Эрдэнэтийг шалгах ажлын хэсэг зургаан сарын дотор ажлаа хийж чадахгүй бүлэглэлийн гарт орчихоод явж байгаа. МАН 65 суудалтай хэрнээ цагдаа, тагнуулаа сольж чадахгүй байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: МҮОНРТ бол олон нийтийн статустай. Үүнд улстөржилт явагдаж, ийм нөхцөл байдал үүссэн гэж Ж.Батзандан гишүүн ярьж байна. Энэ бол үнэн. Би үүнтэй санал нэг байгаа. Тухайлбал, 2015 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр тухайн байгууллагын ерөнхий захирлыг томилсон. Тухайн үед Үндэсний хорооны гишүүд “намын ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа хүлээлгэж өгөөгүй байгаа хүнийг олон нийтийн радио телевизийн хуулийг зөрчиж, захирлаар нь томилж болж байгаа юм уу” гэхэд зарим гишүүн нь “хууль гэж юу байдаг юм” гэж хэлээд томилсон тохиолдол байна. Цаашдаа хуулинд нь өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Ажлын хэсэг дүгнэлтдээ санал байдлаар оруулсан.

Ийнхүү МҮОНРТ-д адуит оруулахаар болж, Үндэсний зөвлөлийн гишүүдэд чиглэл өгөхөөр болов. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.