Н.Алтанхуяг: Ц.Элбэгдоржийн үгэнд орохгүй бол шоронд ордог Ардчиллын төлөө би яваагүй

Н.Алтанхуяг: Ц.Элбэгдоржийн үгэнд орохгүй бол шоронд ордог Ардчиллын төлөө би яваагүй

АТГ-аас өчигдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг сэжигтнээр тооцож зарлан дуудах хуудас хүргүүллээ. Хэрэв ирэхгүй бол албадан ирүүлнэ гэдгээ ч мэдэгдсэн юм. Тэгвэл Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-т мэдүүлгээ өгөхөөр очихдоо өмгөөлөгчийн хамт ирсэн. Түүний өмгөөлөгчөөр өмнө нь Л.Гансүхийн өмгөөлж байсан Ц.Баасандорж байгаа аж. АТГ-т орохоосоо өмнө Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Өнөөдөр /өчигдөр/ 14:00 цагийн орчим надад зарлан дуудах бичиг ирсэн.  Тэгээд би одоо ирж байна.

Юу болчив гэхээр Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд хэлчихсэн чинь нилээн их үйл явдал өрнөх шинжтэй. Эртээд нэвтрүүлэгт орж, Монголын нийгэмд болохгүй байгааг, тэр дундаа цөөхөн хэдхэн хүн Монголын хамаг баялагийг буюу “Оюутолгой”, “Тавантолгой”, “Эрдэнэт”, “Саусгоби Сэндс” гээд сорчлоод завшаад байгааг хэлчихсэн. Тэгсэн манай Ц.Элбэгдорж болоод тэдний бүлэглэл амь тавьж байгаа бололтой юм.

Цөөхөн хоногийн дотор 3-4 эмэгтэй хүнийг шоронд хийлээ. Өнөөдөр харин намайг ир гэлээ. Тэгээд би ирж байгаа юм. Ер нь манай Ерөнхийлөгч болон түүний бий болгочихсон хууль, хяналтын байгууллага дотор нэг хонгил байдаг гэж би өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлж байсан. Намайг тэр хонгил руугаа шахаж оруулах гэж их олон жил оролдож байгаа.  Ерөний сайд байх үеэс л элдэв зохиомол хэрэг үүсгэж байсан. Сая миний ойрын хүмүүсийг барьж хийгээд тэд нартайгаа холбогдуулж, тэр зохиомол хэрэгт оруулж байгаа байх. Үүнээс нэг их айж, ичээд байх юм байхгүй ээ. 

Ер нь үнэн хэзээд ялна гэж бодож байгаа. Би хоёр зүйлд л харамсч байгаа. Намайг эртхэн дуудаж авчраад асуучихгүй. Л.Гансүх,  Б.Мөнгөнтуяагаас эхлээд олон хүнийг шоронд тарчилгаж, хамгийн сүүлд төрсөн дүү хамаатнуудыг хүртэл  шорон гяндангаар тарчлаадаг явдлыг болих хэрэгтэй. Намайг тэр шорондоо хийчихээд, тэр хүмүүсийг  гаргах цаг нь одоо болсон байх гэж бодоод ирж байгаа юм. Хоёр цагийн өмнө мэдэгдээд, жоохон давчуу л ирлээ. Аягүй бол Н.Алтанхуяг ирсэнгүй гэх зэргээр шалтаглах арга зам хайсан байх. Төгсгөлд нь би нэг юм хэлчихье.

Ер нь Ц.Элбэгдорж бид нар 1990 оноос ардчиллын төлөө явсан.  Ц.Элбэгдоржийн үгэнд заавал орох ёстой. Хэрэв Ц.Элбэгдоржийн үгэнд орохгүй бол шоронд ордог ийм ардчилалын төлөө би яваагүй. Ийм хоёрхон сонголттой ардчилал Монголд байж болохгүй, ард түмэн минь.  Ер нь бол би Ц.Элбэгдоржийн үгэнд ормооргүй байна. Харин улс орныхоо төлөө зүтгэмээр байна. Шоронд хийсэн ч гэсэн бууж өгөхгүй тэмцэлдэнэ” гэлээ. Яг энэ асуудлаар АН-ын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр үдээс хойш “Шонхор тауэр”-т хуралдсан юм. Хурлаар сүүлийн үед АН-ынхныг хууль хяналтынхан барьж хорьж, шалгаж, мөрдөж байгаа асуудлаар дуугарах ёстой гэсэн байр сууриа намынхан илэрхийлсэн гэнэ.

Дугаар шилжих мөчид АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хурал үргэлжилж байлаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.