Ж.Батжаргал: Аймгийнхаа хэрэглээг өөрсдийн чанартай бүтээгдэхүүнээр хангах бодлого барьж ажиллана

Ж.Батжаргал: Аймгийнхаа хэрэглээг өөрсдийн чанартай бүтээгдэхүүнээр хангах бодлого барьж ажиллана

“Төв аймаг бол өөрийн гэсэн том хэрэгцээтэй, том хэрэглээтэй бүс нутаг. Тиймээс тэрхүү  хэрэглээг  орон нутгийн  үйлдвэрлэгчдийн  чанар,  стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах явдал юм.  Ингэж  чадах аваас гадагшаа урсах их   мөнгөний  урсгал зогсоно.  Үүний үр дүнд  хуримтлагдсан  тэр их  мөнгө нь эргээд жижиг дунд бизнес эрхлэгчид , орон нутагт  эдийн засгийн  тэлэлт, хөгжилтийг  авч ирэх ёстой юм” хэмээн холыг харж, хоёрыг бодож яваа эрхэм бол Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал. Нөгөөтэйгүүр, энэ эрхэмтэй ярилцаж суухад ажлаа мэддэг, ажил нь гарт нь орсон хүний зангараг шууд л мэдрэгдсэн. Их хоттой хаяа дэрлэн орших 83  мянган хүн амтай аймгийг зарим нь хөгжил муутай хэмээн шүүмжлэх нь бий. Гэвч та бид тэдний  тогоо руу өнгийн, жаргал зовлон нь юундаа байдгийг мэдэрсэн, хуваалцсан нь цөөн байж мэднэ. Харин өнөөдрийн тухайд Зуунмод хот хөгжиж дэвжих гарцаа тодорхойлсон  төдийгүй  шинэ өнгө төрхтэйгөөр ажиллаж амьдарцгааж байна билээ.

-Цаг үеийн байдалтай холбогдуулаад хоёулаа ярилцлагаа өвөлжилттэй холбоотой асуудлаар эхэлье.  Сумдад өвөлжилт хэр байна?

-Бид саяхан Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэлийн   гүйцэтгэл, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар дүгнэж ярилцсан. Төв суурин болон хөдөө аж ахуйн салбарын  өвөлжилтийн бэлтгэл 90 гаруй хувьтай байна гэсэн нэгдсэн дүн мэдээ гарсан. Төв аймаг бол  газар тариалангийн бүс учраас малын тэжээлийн асуудал дээр боломжийн хангагдсан гэж үзэж болно.  Бид аюулгүй нөөц бүрдүүлэх тухайд шаардлагатай арга хэмжээнүүдийг аваад  эхэлчихсэн.  Энэ жилийн тухайд  байгалийн хадлан бэлдэх асуудал нэлээд хүндэвтэр байсан.  Аймгийн нийт нутгаар зуншлага, намаржилт боломжийн юм шиг хэрнээ хадлангийн гарц тааруутай байлаа. Тиймээс  зэргэлдээх аймгуудын хадлангийн гарц сайтай сумдын нутгаас  хадлангаа бэлтгэсэн. Сумдын аюулгүй нөөц бүрдүүлэлтэд аймгийн онцгой комиссоос анхаарал хандуулж, тал хээрийн есөн сумдад сая тонн өвс бэлтгэх шаардлагатай  хөрөнгийг аймгийн Засаг даргын нөөц сангаас шийдвэрлэж өглөө. Энэ мэтчилэн өвөлжилт хүндэрч болзошгүй үед авах яаралтай арга хэмжээтэй асуудлуудыг шийдвэрлэсэн. Өвөлжилтийн бэлтгэл чухамдаа малчны хотоос эхлэх ёстойг малчиддаа маш сайн ойлгуулсан нь өвөлжилтийг давж гарах нөхцөл болно шүү дээ. 

Малчин өрхүүд маань хадлан тэжээлээ  өөрсдийн хэр чадлаар бэлтгэж авлаа гэж дүгнэгдэж байна. Төлөвлөгөө ёсоор аймгийн аюулгүй нөөцөд 605 мянган  тонн хадлан бэлтгэх ёстой.  Төлөвлөгөө биелсэн. Одоогийн байдлаар аймаг дундын отрын нөөц нутагт  руу 300 гаруй мянган  толгой мал орж өвөлжинө. Баруун хойд бүс  нутагт өвөлжих  малчин өрхүүд нүүгээд оччихсон. Зүүн талд байгаа отрын нөөц нутаг буюу Хэрлэн- Баян-Улааны отрын нөөц нутагт өвөлжих малчид  хүлээлтийн байдалд өвөлжиж байгаа. Малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулаад отрын нөөц нутаг руу орох малын тоо, хөдөлгөөнийг хязгаарлачихаад байгаа  юм. Гэхдээ холбогдох яамандаа  хүсэлт тавьсан. Халдварын голомттой, хорио цээрийн дэглэм тогтоосон  байгаа тэр бүсээс нь өөр бүс  рүү оторлох талаас нь шийдвэр гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан. Удахгүй хариу нь ирэх байх.

-Идэр есийн жавар тачигнахтай зэрэгцээд аймаг, сумдууд уурын зуух нүүрсгүй боллоо, дулааны шугам хоолойнууд хөлдлөө гэцгээдэг нэг зовлон байдаг?

-Манай аймаг  өнөөдрийн байдлаар 7-14 хоногийн нүүрсний нөөцтэй.  Нийт сумдын  14 нь нэгдсэн халаалтын системд шилжчихсэн. Халаалтынх нь үйл ажиллагааг тодорхой аж ахуйн байгууллага хариуцаад явдаг. Аж ахуй нэгжүүд нь ч  хөрөнгө санхүүгийн хувьд чадамжтай, техник, технологийн шинэчлэл гайгүй хийчихсэн, нүүрс түлээнийхээ асуудлыг цаг хугацаанд нь бүрэн татаад халаалтан дээрээ ямар нэгэн доголдол гаргахгүй ажиллаад яваад хэвшчихэж. Аймгийн төвийн халаалтыг орон нутгийн өмчит аж ахуй шийдэж явдаг.  Ерөнхийдөө тогоо, шугамны ажиллагаа, тохируулга хэвийн. Харин бидэнд нэн даруй шийдэх ёстой зүйл юу байсан  гэвэл  халаалт, дулаантай холбоотой  700-аад сая төгрөгийн  өр.  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам маань өөрийнхөө салбарын өрийн асуудлыг сая төсвийн тодотголоороо шийдсэн. Эрүүл мэндийн салбар маань мөн шийдсэн. Тиймээс халаалтын салбар дээр өр авлаганаас болж хүндрэх  зүйл гарахгүй байх.  Төсвийн эрх захирагч нарт нэмж өр, авлага үүсгэхгүй ажиллах, байгууллагуудын хэвийн ажиллагааг хангах асуудал дээр хийгдсэн гэрээ хэлэлцлээ нарийн тооцож ажилла гэдэг чиглэл өгсөн.  

-Монгол Улс гурилтай, талхтай байх  асуудлыг  Сэлэнгэ, Төв, Булган гэсэн гуравхан том аймаг ерөнхийдөө шийддэг. Төмс, хүнсний ногооны тухайд ч адил.  Өнөөдрийн байдлаар үтрэм дээр борлогдоогүй, эдийн засгийн эргэлтэд ороогүй байгаа улаан буудай байна уу.  Энэ намар тариаланчид, ногоочид  маань өрөө барагдуулж чадсан болов уу?  

-Энэ жил газар тариалангийн салбарын үр өгөөж дундаж төвшинд байна гэж харж байгаа. Манай аймаг 80 гаруй мянган тонн үр тариа хурааж авлаа. Нэгжийн ургац 11.4 центр.  Төмс 54 мянган тонн. Нэгжийн ургац 90 орчим центр. Хүнсний ногоо 7000 орчим тонн. Малын тэжээлийн ургамал 11 орчим мянган тонн.  Борлогдоогүй үлдсэн 12 орчим мянган тонн улаан буудайг гурилын үйлдвэрүүдэд өгөх арга хэмжээг зохион байгуулаад явж байна.  Энэ жилийн тушаагдсан буудайн  өртөг мөнгөний асуудал бүрэн шийдэгдээгүй асуудал бий.  Гэхдээ авсан уу авсан. Тушаасан уу тушаасан. Тиймээс тодорхой хугацаанд шийдэгдэнэ гэж үзэж байгаа.  Харин төмс  тарьсан аж ахуй нэгж,  иргэдийн хувьд  хүндхэн жил болчихлоо. Төмсний боловсруулалтын үеэр буюу өнгөрсөн  долдугаар сарын сүүлч, наймдугаар сарын эхээр их халсны улмаас  нийт хурааж авсан ургацын  60 орчим хувь нь үрийн төмс гарсан. Энэ нь  санхүүгийн хувьд нэлээд алдагдалтай хүнд жил болж өнгөрлөө гэсэн үг. Төв аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой болгох үүднээс “Газар тариалангийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн гарц”  сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, Дарханы ургамал газар тариалангийн хүрээлэн холбогдох яам, тамгын газрын мэргэжилтнүүдийг  урьж  оролцуулан  газар тариалангийн салбарын өнөөгийн байдалд бодитой үнэлэлт, дүгнэлт өгье цаашид баримтлах бодлогоо боловсронгуй болгоё хэмээж буй. Дээр нь энэ газар тариалангийн бодлогыг дагалдуулж хэд хэдэн дэд хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа.  Тухайлбал, нэгдүгээрт, хөрсний үржил шимийг сайжруулах, хөрс хамгааллын асуудал байна. Техник, технологийн шинэчлэлт, боловсон хүчний мэргэжлийн удирдлагыг хангах,  үр бордооны  асуудлыг  тус тус авч үзэх шаардлага байгаа юм. Монгол Улсад шинжлэх ухааны байгууллагуудаар тодорхой судалгаа тооцооллоороо үр ашигтай байна гээд тогтоодсон үр сортуудыг үйлдвэрлэлд ашиглах, нутагшуулах тал дээр нь  онцгой анхаарч ажиллах шаардлага байгаа. Уранш боловсруулах, сэлгээг  зөв шийдэх ёстой юм байна.  Ингэж байж тогтвортой ургац  авдаг бололцоо бүрдэнэ. Хоёрдугаарт, Төв аймаг газар зүйн байрлалынхаа хувьд Сэлэнгэтэй  харьцуулах юм бол арай өвөрмөц. Хойд талын газар тариалангийн бүсийн сумдууд маань Сэлэнгэ аймагтай  хөрсний үржил шимийн хувьд төстэй. Гэтэл урд тал нь  тааруу. Тиймээс   газар тариалангийн үйлдвэрлэл дотроо аль бүс нутагт ямар сортын ургамал тариалах ёстой юм бэ гэх тухайд  тодорхой болгож авна. Төв аймагт   эрчимжсэн аж ахуй нэлээд хөгжиж буй.  Эдний тэжээлийн хэрэгцээ маш их.  Тиймээс  малын тэжээлийн үйлдвэрлэлийн асуудлыг нэлээд онцгой анхаарах ёстой. Тодорхой бүс нутгуудад малын тэжээлийн ургамлын тариалалт, үйлдвэрлэлийн асуудлыг шийдэж чадах  аваас газар тариалангийн салбарын хөгжил цаашлаад уг салбарыг түшиглэн ажиллаж байгаа иргэдийн  амьдрал дээшлэх бололцоотой.  Хүнсний ногооны үйлдвэрлэлийг  хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Өөрийнхөө аймгийн нутаг дэвсгэрт  сая гаруй хүн амтай нийслэл хот гэж айлыг багтаачихаад энэ айлын их хүнсний хэрэгцээг, эх орныхоо хөрсөнд ургасан хүнсний ногоогоор хэрэгцээг  хангах, зах зээлийг нь эзлэх тухайд бид санал, санаачлагатай ажиллах ёстой. Тэр утгаараа төмс, хүнсний ногооныхоо тариалалтад  онцгой анхаарал хандуулаад зогсохгүй борлуулалтын сүлжээг нь шийдэе хамгаалагдсан хөрсний  тариалалтыг ч  нэмэгдүүлэх шаардлага байна гэж үзэж байна.

-Газар тариалангийн бүс нутагт малчин, тариаланч хоёрын бэлчээр нутгийн асуудлыг шийдвэрлэх цаг болсон. Энэ талын гомдол, санал танд  ирэв үү?

-Мэдээж ирсэн.  Чухамдаа  энэ хоёр үйлдвэрлэл  хоорондоо хоршиж байж  үр дүн нь гарах ёстой юм.  Амьдрал дээр хоорондоо зөрчилдөж байгаа зүйлүүд бий. Ургац хурааж дуусаад хураасан талбай руу мал орж нөгөө хамгаалагдсан хөрсийг нь үймүүлээд байгаа байхгүй юу.  Орон нутаг аль болох  зохицуулахыг хичээж буй. Аймаг газар тариалангийнхаа үйлдвэрлэлийг  дагаж эрчимжсэн мал аж ахуйгаа хөгжүүлэх ёстой гэсэн бодлого баримталж байгаа. Энэ бол  хоёр талаасаа нэлээн сайн ярилцаж, зөвшилцөж,  цаг хугацааны хувьд  тохиролцож байж шийдэх ёстой асуудал.  Ер нь бол харилцан тэтгэж,  хослох хэлбэрээр  хөгжих  ёстой ийм л салбар гэж би хувьдаа  ойлгодог.

-Төв халх руу “довтолсон” их нүүдэл ерөнхийдөө зогсч байх шиг байна.  Гэвч өвөлжөө бууцаа булаацалдсан маргаан орон нутагт тасрахгүй байна гэх мэдээллийг уншиж байсан?

-Ер нь бол нүүдэл мэр сэр бий.  Идэвхитэй үеэ бодвол арай саарч буй. Байгаль дэлхий өөрийн гэсэн чадамжтай. Тэр чадамжид л зохицож амьдрах ёстой. Уугуул иргэд байна уу, суугуул нь байна уу хамаагүй. Төв аймгийн нутаг дэвсгэр  хэчнээн мянган толгой  мал бэлчээх, бэлчээрийн даац чадамжтай  байна  түүнд  зохицуулах ёстой. Тэгэхээр төр,  орон нутаг  байгалийнхаа даац чадамждаа  зохицуулсан бодлого баримтлах ёстой. Энэ   үүднээс бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг нь сум, багууд  боловсруулж, багийн иргэдийн нийтийн хурлаар нь хэлэлцүүлж батлуулна. Түүн дээрээ тулгуурлаж бэлчээрийн хамгаалалт, ашиглалтынх нь цогц үйл ажиллагаа явагдах юм. Мал хэчнээн өсөөд ч бэлчээр байхгүй бол тэр баялаг биш. Тэгэхээр бид яах ёстой вэ гэхээр эрчимжсэн   мал аж ахуйг хөгжүүлэх явдал. Мянган малаас авдаг ашиг шимийг бид 500-600 малаас л авдаг байх ёстой.  Гэхдээ уламжлалт мал аж ахуйгаа  устгаж болохгүй. Нутгийн шилмэл малаар нь сайжруулж,  энэ аж ахуйгаа  өнө мөнхөд авч явах ёстой. Ингэхдээ  хаяа багтвал бууж, хамар багтвал иддэг гэдэг зарчимаар биш, байгаль дэлхийн хувьсан өөрчлөлттэй уялдуулж, байгалийнхаа даац чадамжид зохицсон малтайгаа, амьдрал  ахуйгаа авч явах ийм л шинжлэх ухааны үндэстэй, зөв ойлголт, төлөвлөлттэйгөөр  хөгжүүлэх  шаардлагатай байна. Дээр нь бэлчээр усжуулалтад анхаарах цаг болжээ.  Хоёрдугаарт, бэлчээрийн мэрэгчид шавьжтай тэмцэх асуудлыг онцгойлон анхаармаар байна. Эцэст хэлэхэд, Засаг даргын мөрийн хөтөлбөрт  хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа мал аж ахуйн салбарын талаар баримтлах бодлого төсөөллүүдэд  дээр өгүүлсэн  чиг хандлага нэлээн суусан.

- Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ирэх онд ашиглалтад орно. Үүнийг та бүгд эдийн засаг эрс сайжрах нөхцөл бүрдэж байна гэж харж байгаа байх.    Засаг дарга та ч гэсэн цээжнийхээ мухарт маш нарийн тооцоог хийсэн нь дамжиггүй?

-Орон нутгийн эрх ашигт нийцсэн бодлого хэрэгжүүлэхээр Зам, тээврийн хөгжлийн яам, ИНЕГ гээд холбогдох байгууллагуудад хүсэлтээ тавьсан. Хөшигийн нисэх онгоцны буудлыг дагаж томоохон суурин бий болоод зогсохгүй агуулах зоорийн гэдэг юм уу терминал, тээвэр ложистик гэж ярьдаг үйлчилгээний салбарууд гарч ирэх ёстой. Энэ салбаруудад Төв аймгийн аж ахуйн нэгж байгууллагууд давуу эрхтэйгээр  бүтээгдэхүүнээ  нийлүүлдэг байх ёстой юм. Өөрөөр хэлбэл, энэ том зах зээлийг  манай аймгийн иргэд  эзлэх учиртай, хангах  үүрэгтэй. Энэ нь өөрөө  Төв аймгийн эрх ашиг. Жишээ нь,  Төв аймгийн жижиг дунд бизнес эрхлэгч, гар урлал эрхэлдэг  иргэдийн  лангуу тэр татваргүй барааны дэлгүүрт нь   байх шаардлагатай.  Энэ  мэтчилэнгээр  манай аймгийн  иргэн бүрийн амьдралд  Хөшигийн хөндий дэх нисэх буудал  ямар нэг байдлаар сайнаар нөлөөлөх  ёстой гэж бид үзэж байгаа. Хамгийн гол нь Төв аймгийн үйлдвэрлэгчид бусдаас  давуу эрх эдлэх   ёстой.   Аймгийн удирдлагууд ч  энэ асуудалд  онцгой анхаарал хандуулж байна. Тодорхой санамж, хэлэлцлүүдийг ч хийнэ.

-Төв  аймаг эдийн засгийн хувьд хэр чадамжтай вэ?

-Бидэнд санхүүгийн хувьд бие даах боломж уг нь бий. Төв аймгийн  газар зүйн байршилд давуу  тал ч бий, сөрөг зүйл бий.  Төв аймгийг хөгжил муутай гэцгээдэг.  Олон жил ярьж байна даа. Үнэнийг хэлэхэд,их  хоттой  хаяа залгах  сумдын хөгжилд том хот сайнаар нөлөөлөх нь ч бий, сөргөөр нөлөөлөх нь ч бий. Жишээ дурдая. Бусад аймгийн төвүүд шиг сүлжээ том дэлгүүр оруулж ирэх шаардлага бидэнд алга.   Хэд хэдийг байгуулж үзсэн. Ойрхон сумдын иргэд долоо хоногт хоёр удаа Улаанбаатар  орж байна.  Сайн тал гэвэл манай иргэд хотын үнээр бараа бүтээгдэхүүнээ худалдаж авдаг. Бизнес эрхлэгчдэд  тээврийн  зардал шингээх шаардлага байхгүй.  Харамсалтай нь энэ нь иргэндээ аятай боловч аймгийн эдийн засгийн хөгжилд таатай зүйл  биш.  Бидний баримталж байгаа бодлого гэвэл  манайх  бол өөрийн гэсэн том хэрэгцээтэй, хэрэглээтэй аймаг. Тиймээс  энэ хэрэглээг бид өөрсдийн чанар,  стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах явдал юм. Ингэж чадах аваас Улаанбаатар руу руу урсах   их мөнгөний урсгалыг зогсооно. Тэгж хурааж чадсан мөнгөөрөө үйлдвэрлэлээ хөгжүүлж,  эдийн засгаа сэргээж,  тэлэлт бий болгоно. Өнөөдөр аймгийн хэмжээнд  15 мянга орчим  хүүхэд сургуульд, 7000 орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдаж  байна. Энэ хүүхдүүдийн хүнсний болон зөөлөн эдийн хэрэгцээг бид өөрсдөө хангах ёстой.  Түүнээс  Улаанбаатараас,  төвлөрсөн зах, сүлжээ дэлгүүрээс хангамааргүй байна. Бидэнд боломж бий. Баянцогт суманд  жилд 2000 тонн  ноос угаах хүчин чадал бүхий  үйлдвэр бий. Гэтэл манай аймаг хоёр сая хоньтой. Хонины самнасан  ноосоо тэндээ тушааж,  утас ээрүүлэн  даавуу болгоод түүгээр   15 мянган сурагчийнхаа  дүрэмт хувцас үйлдвэрлээд тарааж яагаад болохгүй гэж. Энэ бол  зөв хоршилт. Эдийн засаг тэр хэмжээгээр сэргэнэ, өснө. Гэх мэтчилэн  хооронд нь холбож чадвал зах зээлийн  эрэлт, нийлүүлэлт  дээр тулгуурлан  харилцан зохицоод явбал урагшаа ахих  боломж байна.

-Үүдэнд сая махны үйлдвэр гэж яриа чих дэлсэх шиг болсон.   Шинэ үйлдвэр  ашиглалтад орж байгаа юм уу эсвэл?

-Төв аймаг  гурван махны үйлдвэртэй.  Баяндэлгэр, Эрдэнэ, Зуунмодод бий.  Гурван махны үйлдвэртэй хэдий ч хүчин чадал нь өндөр биш. Тиймээс  суурьлагдсан хүчин чадлыг нь бүрэн хэмжээнд ашиглах тухайд  онцгой анхаарал хандуулж байна. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт сум болгонд цомхон технологи бүхий  эрүүл ахуйн шаардлага хангасан мал нядалгааны газрууд байгуулах. Тэнд махлагдсан махыг  махны   үйлдвэрээр дамжуулан  гадаад зах зээл рүү  гаргах ийм асуудлыг ажил хэрэг болгоно.  Ингэж чадах юм бол  мал аж ахуйн салбарын гол нэрийн  бүтээгдэхүүн болсон махыг эдийн засгийн эргэлтэд оруулж чадна.  Ер нь  төр  малчдад зээл олгох  бодлого барихаас илүүтэйгээр мал аж ахуйн  бүтээгдэхүүний үнэ ханшыг тогтвортой, борлуулалт сайтай байлгах бодлого чухал . Малчид зээл авч байх ямар шаардлага байгаа юм. Малын  ашиг шим, түүхий эдээ зах зээлд ямар ч төвөггүй борлуулах, борлуулсан бүтээгдэхүүн нь  амьдрал  ахуйгаа аваад явах хэмжээний орлогоо олж чадаж байвал болж байна. Дээр нь  бүтээгдэхүүнээ боловсруулах нэмүү өртөг шингээх тал руу нь онцгой анхаарах ётсой. Тийм  бааз суурийг бий болгож өгөх ёстой. Эдийн засаг сайнгүй, төсөв санхүү хүнд байгаа энэ үед Төв аймгийн барьж байгаа нэг бодлого бол төсөл хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллахыг гол зорилгоо болгон ажллаж байна. Бүх салбар дээр төслийн нэгжүүд байгуулах ёстой гэж үзэж байгаа. Материаллаг  буюу баялаг бүтээгч салбарт ч тэр. Нийгэм, соёлын салбарт ч ялгаагүй.  Гадаад, дотоодын төсөл хөтөлбөрүүд хувийн хөрөнгө оруулалтыг  татах, төр хувийн хэшлийн түншлэл дээр асуудлыг шийдэх,  өмнө нь бий болгосон төвшингөө унагахгүй тэрнээсээ ахисан өсөлт, орлого, хөгжил бий болгосон байдлаар давахын тулд бидэнд нэмэгдэл эх үүсвэр,  идэвхи зүтгэл шаардлага зайлшгүй байна. Үүний нэг нь төсөл хөтөлбөрийг орон нутагтаа шингээх асуудал юм аа.

-2016 оныг сонгуульдсаар дуусгалаа.  Одоо бүх хүний итгэл найдвар  2017 оны төсөв. Төв аймгийн 2017 оны  төсвийн өнгө аяс ямар байна?  

-УИХ-аас Монгол Улсын төсвийг  баталсан.  Орон нутгуудад хуваарилагдах хөрөнгө тодорхой болсон. Төв аймаг 2017 онд 12 орчим тэрбум төгрөгийн   орлого бүрдүүлж,  нийт дүнгээрээ 65 орчим тэрбум төгрөгийн зарлага гаргана. Үүнээс орон нутгийн  суурь зардалд 19 орчим тэрбум төгрөгний зарлага гаргаж,  улсаас 7.8 тэрбум төгрөгний санхүүгийн дэмжлэг авах, орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан  3.5 тэрбум төгрөгний дэмжлэг  авахаар батлагдлаа. Түүнчлэн  өмнөх оноос дамжиж ирсэн  өрийн асуудлыг шийднэ. Шинэ бүрэн эрхийн хугацааныхаа зорилтод арга хэмжээ рүүгээ чиглүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааныхаа  хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад надад 700-гаад сая төгрөгний хөрөнгийн эх үүсвэр үлдэж байх шиг байна. Энэ мөрийн хөтөлбөр буюу 2017 онд хийх ажлын маань гол чиглэл бол ажилтай, орлоготой иргэний тухай  асуудал. Би үүний төлөө л ажиллаж байна. Тиймээс  ажлын байр нэмэгдүүлэх, баялаг бүтээж байгаа, юм хийе бүтээе гэж байгаа иргэдээ  дэмжих болно. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, аймаг, сум хөгжүүлэх сан гээд тусгай сангуудын хөрөнгийн эх үүсвэрүүдийг хийж бүтээе гээд зүтгэж байгаа  эрэлхийлж байгаа,  хийж бүтээсэн нь танигдсан үндсэндээ  4-5 жил тогтвортой  үйл ажиллагаа эрхэлсэн иргэдээ дэмжихэд зориулна.  Бодлого, хөрөнгө санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлж ажиллах ёстой. Ингэж байж ядуурал, ажилгүйдлыг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлнэ. Мэдээж төв суурин газруудын тохижилт, дэд бүтэц сайжруулалт, орон сууцны нөхцлийг  сайжруулах,  засвар үйлчилгээ  гээд олон зүйлд анхаарал хандуулна.   Энэ бүхэнд 700-гаад сая төгрөг  хаана ч үгүй л дээ. Тиймээс  төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулалт татах, хувийн хэвшлийнхнийг татах, тэднийг дэмжих,  хамтын ажиллагааг сайжруулах ёстой.  

-Бид зам зуураа ярилцаж л байлаа. Манзушир  гэж сайхан хийд бий. Дэлхийд ганцхан Манзушир хийдээ  эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр та юу хийх вэ?

-Манзуширын  хийдийг түшиглэсэн аялал жуучлалын парк байгуулах тухай асуудал  Засаг даргын  мөрийн хөтөлбөрийн зорилтод байна. Ерөнхий төсөөлж байгаа байдлаар нь авч үзэх юм бол ихээхэн хөрөнгө хүч шаардагдана. Зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулах, ажлыг эхлүүлэх зэрэг асуудлыг барьж ашиглах концессын гэрээгээр гүйцэтгэвэл дээр байх. Эдийн засаг хүнд, төсөв санхүү хүндрэлтэй байгаа үед орон нутаг өөрийнхөө хөрөнгөөр бүтээнэ гэвэл бүтэхгүй.  Тиймээс зөв арга хэлбэрээр, зах зээлийнх нь жаягаар асуудлыг шийдэх гарц гаргалгааг хайх  ёстой. Хийдийнх нь орчныг үндэсний итгэл үнэмшил, соёл, зан заншлыг  эвдэхгүй тийм  хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй байгаа юм.  Нөгөөтэйгүүр, Манзуширын ам маань өөрөө Төв аймгийн нутаг дэвсгэрт хамаагүй. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн  нутагт хамаарагддаг. Дээр нь байгаль орчны яам, Богд уулын Дархан газрын захиргаа хамгаалалтын горим менежментийг нь барьдаг. Нэлээн хэдэн байгууллагын хамтын ажиллагаа, зөв харилцаа, шийдэл дээр тулгуурлаж байж асуудал бодит ажил болох гээд байгаа зүйл ээ энэ чинь. Олон жил ярьж байгаа юм. Төв аймгийн хажууд залгаад байж байгаа Богд уулын энгэрийн газар нутгийн асуудал бол Төв аймгийн харьяалагдаж, Төв аймгаас энэ газрын бодлого үйл ажиллагаанд чиглэгдэж хамгаалалтын арга хэмжээ юмнууд явагдаж бас тодорхой дархан газрын хамгаалалтын бүст хэрэгжүүлж болдог аж ахуйн үйл ажиллагааг хэрэгжүүлэх бололцоо боломжийг бүрдүүлдэг гэх мэтчилэн энэ зүйлүүдийг шийдэх ёстой.  Үндсэн хуульд байж байгаа газар нутгийн хилийн суурьшилтын асуудал хоёр талын нэгдэл дээр шийдэгддэг учраас бидний санасан зоргоор асуудал бас шийдэгдэж чадахгүй байна. Нэлээд олон жил болж байгаа зүйл.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.