Ж.Батзандан: Ерөнхийлөгчид нэр дэвших санал гаргасан хүн болгоныг шалгадаг, хорьдог, дарамталдаг боллоо

Ж.Батзандан: Ерөнхийлөгчид нэр дэвших санал гаргасан хүн болгоныг шалгадаг, хорьдог, дарамталдаг боллоо

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ж.Батзандан гишүүн АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших санал гаргасан хүн болгоныг шалгадаг, хорьдог, дарамталдаг явдал хэрээс хэтэрээд байгаа талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Хууль хяналтын байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны тухай хаалттай хэлэлцэхгүй бол АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших санал гаргасан хүн бүр шалгадаг, хориод, дарамталдаг явдал хэрээс хэтэрлээ. Тухайлбал, Женко Х.Баттулга гэдэг хүн Ерөнхийлөгчид нэр дэвших гэж байгаагаа илэрхийлсэн. Гэтэл яллагдагчаар татчихсан. Мөн Э.Бат-Үүл Ерөнхийлөгчид нэр дэвших гэж байгаагаа илэрхийлсэн. Мөн л хэрэгт татчихсан.

Одоо Н.Алтанхуяг даргын асуудал байна. Түүнийг АТГ дээр өдөр бүр дууддаг. Энэ юунаас болоод байна вэ. 65 суудалтай эрх баригч нам маань үүнийг арай хийгээгүй байх гэж найдаж байна. Хүний эрхийг хамгаалах байх гэж найдаж байгаа. Нэг бол өчнөөнөөр нь ажлаас халдаг. Нөгөө бол Ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүсээ баривчилдаг, хориод байдаг явдал хэрээс хэтэрлээ. Н.Энхбаярыг найман жил үндсэндээ бүлэглэлүүд дарсан. Одоо Н.Алтанхуяг руу орлоо. Цаашдаа хэн рүү орохыг би хэлж мэдэхгүй байна. Тиймээс УИХ энэ эмх замбараагүй баримчилгаа, дарамт, шахалт буюу хууль хяналтын байгууллагын дураараа дургилтыг таслан зогсоох чиглэлд нэг хаалттай хуралдаан зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байна. Үүнийг УИХ-ын дарга анхааралдаа авч өгөөч.

Хоёрдугаарт, АН-ын Засаг дарга нарыг томилохгүй байгаа гомдол иргэдээс их ирж байна. Тухайлбал, Сүхбаатар аймагт АН ялчихаад байгаа. Гэтэл өнөөдрийг хүртэл Ж.Батсуурь томилогдоогүй байна. Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын асуудал. Би тэр хүнд үнэхээр дургүй. Гэхдээ Баянзүрх дүүрэгт АН ялчихсан. Ялчихсан учир томилохоос өөр арга байхгүй. Ж.Батзандан дуртай байх дургүй байх эсэх энд хамаагүй. Үндсэндээ АН ялсан 50 гаруй суманд Засаг даргыг томилохгүй байна. Энэ асуудлыг нэг тийш нь болгомоор байна. МАН-ынхаан, эрх баригчид аа. Хэн нэгэнд дуртай, дургүйгээр асуудалд хандахаа болиоч. Хуулийн дагуу ажиллаач” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.