УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороо, гадаад байдлын байнгын хороонд шилжүүлснээр УИХ-ын чуулган завсарласан юм. Энэхүү хуулийн төсөл өргөн баригдсан цагаасаа эхлээд нэлээд маргаан дэгдээгээд байгаа юм. Тухайлбал, Хилийн цэргийг хилийг цагдаа болгож, Монгол Улсын хамгийн чухал салбар болох хил хамгаалах салбарыг хүчгүй болгох гэж байна. Өөрөөр хэлбэл, хилчдийг ямар нэгэн зэвсэггүй гав, бороохойтой буюу “гар нүцгэн” болгох нь гэсэн шүүмжлэл дагуулаад байгаа. Түүнчлэн энэ хуулийн цаана хилийн зурвас орчмын уул уурхайн орд газруудыг ашиглах зорилгоор хуульд өөрчлөлт оруулж байна гэх мэдээлэл ч гараад байна. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Талын мэлтсийн орд, Хатан суудлын алт, зэсийн ордууд байгаа гэх. Эдгээр ордууд хилээс 20 км зайтай бөгөөд Хилийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Гадаадын иргэн харьяатын газраас хилийн шалгалтын чиг үүргийг буцаагаад хилийн цэрэгт өгөх, хилийн бүс 100 км байсныг үгүй болгох гэж байна гэх зэрэг олон шүүмжлэл дагуулж байгаа. Тухайн хуулийн цаана юу нуугдаж байгааг сайн мэдэхгүй юм. Юутай ч чуулганы нэгдсэн хуралдаанаар энэхүү асуудлын талаар УИХ-ын гишүүд хэрхэн байр сууриа илэрхийлснийг ямар нэгэн хачиргүйгээр хүргэж байна.
Хуулийн хэлэлцүүлгийн шатанд:
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Хилчдийн эрх зүйн байдлыг дээшлүүлсэн, хилийн шалгантай холбоотой хуулийн дэмжиж байгаа. Хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа бол улсын хил хамгаалахтай салшгүй холбоотой асуудал. Цаашдаа Гадаадын иргэн харьяатын байгууллагыг яах вэ. Хилийн шалган нь Хил хамгаалах байгууллагад шилжвэл энэ байгууллага цөөхөн хэдэн чиг үүрэгтэй болох гээд байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Хилийн тухай хуулиар шалган нэвтрүүлэх байгууллагыг хил хамгаалах байгууллагад оруулж байгаа. Гадаадын иргэний харьяатын байгууллага олон хууль тогтоомжоор хэрэгжүүлдэг чиг үүрэгтэй. Тиймээс энэ байгууллагыг нь хэвээр нь үлдээж, чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Х.Баделхан: Өмнө хилийн шалган бүртгэх хэсэг хилийн цэрэгт харьяалагддаг байсан. Өнгөрсөн дөрвөн жилд яагаад хилийн шалган нэвтрэх хэсгийг гадаадын иргэн харьяатын байгууллагад харьяалуулсан юм бэ.
Ер нь олон улсын хэмжээнд хилийн шалган нэвтрэх хэсэг ямар газартаа харьяалагддаг вэ. Энэ талаар судалж үзсэн үү. Мөн хилийн зурвасыг 100 метрээр ойртуулна гэж байна. Ямар үндэслэлээр татаж байгаа юм. Өмнөх хуульд 100 метрээс дотогш нэвтрэхээр бол зөвшөөрөл авдаг байсан. Мөн хилийн зурваст ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газар бий юу.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Манай улсад нийт 46 боомт байна. Уг боомтуудаар жилд дөрвөн дөрвөн сая 300 мянган иргэн, нэг сая 600 мянган тээврийн хэрсэгсэл, нэг сая ачааны болон нийтийн галт тэрэг зорчдог. Бид олон улсын төвшинд судалгаа хийсэн. Нийт 30 гаруй улсыг судаллаа. Судалгаанд орсон 30 улсын 15 нь хилийн шалган нэвтрэх хэсгээ хил хамгаалах байгууллагад харьяалуулсан байсан. 10 гаруй нь хилийн цагдаад, үлдсэн нь гадаадын иргэн харьяатын байгуулагад харьяалагдаж байсан. Үүнээс харахад, энэ олон улсын төвшинд нийцэж байгаа юм. Ихэнх улс орнууд хил хамгаалах байгууллагадаа харьяалуулсан байна.
УИХ-ын гишүүн Х.Баделхан: Хилийн тухай хуульд заасны дагуу хилийн зурваст үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд бий юу. Хилийн зурвасыг багасгаснаар үйл ажиллагаа явуулдаг байгууллага нь багасгах уу.
Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн: Яг өнөөдрийн байдлаар хилийн зурваст 81 аж ахуй нэгж банк, гаалийн зуучлал, газар тариалан гэх мэт үйл ажиллагаа явуулдаг. Мөн ашигт малтмалын чиглэлээр есөн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Хил хамгаалах байгууллагаас тодорхой зөвшөөрлөө аваад явж байгаа.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Өнгөрсөн дөрвөн жилд Хил хамгаалах хуульд өөрчлөлт ороод Хилийн цэргийг эмнэлэггүй, тагнуулгүй болгосон. Энэ бүхэн хил хамгаалах байгууллагын чадамжийг бууруулсан. Энэ хуулийн нэг онцлог сайн давуу тал нь шалганыг эргээд хилийн цэрэг рүү ирүүлж байгаа явдал гэж үзэж байгаа. Мөн уг хуульд хилийн зурвасыг 15 км болгоод бүсгүй болгож байгаа юм байна. Гэхдээ энэ хилийн зурвасыг бүс дээр газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хуулиар хязгаарлаж, зөвхөн хил хамгаалалтын зориулалтаар ашиглах асуудлыг баталгаажуулах нь зүйтэй гэж оруулсан байна. Үүнийг шууд баталгаажуулна гээд заачихвал зүгээр байх. Зүйтэй гэсэн санаа байдлаар оруулчихсан байх юм. Түүнчлэн эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглох гэж байгаа юм байна. Тэгвэл ашиглуулахыг яах юм бэ. Ер нь ашиглуулах, эзэмшүүлэх гэдэг чинь агаар нэг зүйл биш үү. Сүүлийн үед хилийн хамгаалалтыг сулруулсан асуудал нь хилийн загонтой ойрхон ашигт малтмалын үйл ажиллагаагаа эрхэлж байгаа явдал. Тухайлбал, Дэгээ голын заставын цаана төмрийн хүдэр олборлож байна. Халх голын Улаан худаг гээд заставын хажууд буюу хилийн шугамаас хоёр км зайд газрын тос олборлож байгаа. Энэ нь газрын хэвлийн хил алдагдах байдал байх биш үү гэсэн болгоомжлол төрж байна. Уг асуудалд ямар бодолтой байдаг вэ. Түүнчлэн хил хамгаалах байгууллагын туслах хүчин буюу иргэдийн эрх, үүргийг заасан байна. Тэгвэл эргүүлээд болзошгүй аюул гамшиг ослын үед хилчид иргэддээ яаж туслах вэ гэдгийг тодорхой зааж өгөх хэрэгтэй. Учир нь өнгөрсөн хавар тавдугаар сард Буйр дээр дөрвөн хүн осолдсон. Тухайн үед хоёр хүнийг нь аврах боломжтой байсан. Гэтэл нэг хүн нь мөсөн дээрээ нөгөө хүн нь мөснөөс мөс дамжиж байгаад, нас барсан. Хэрвээ хилийн цэргийнхэн санаа тавьсан бол тусламж боломж байсан. Тиймээс харилцан туслалцах уялдааг тусгах хэрэгтэй.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Хилийн зурваст газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлын тухайд 2014 онд хилийн шалган нэвтрүүлэх алба Гадаадын иргэн харьяатын албад шилжсэнтэй холбоотойгоор Боомтын тухай хууль гээд тусдаа хууль гарсан. Уг хууль хилийн зурваст буюу хилийн боомт дээр газар эзэмшүүлэх, ашиглуулж болно гээз заачихсан юм билээ. Өөрөөр хэлбэл, хилийн боомт болоод хилийн зурвас дээр Монгол Улсын болоод гадны аж ахуйн нэгж байгууллага газар эзэмших, ашиглаж болохоор заасан байгаа. Энэ нь Монгол Улсын хил халдашгүй дархан байх Үндсэн хуулийн заалт зөрчигдчихсөн байсан. Үүнийг бид энэ удаад засч, залруулж байгаа. Хилийн зурвас дээр газар эзэмшүүлэх асуудал байхгүй. Харин зайшгүй тохиолдолд газар ашиглуулах асуудал байгаа. Учир нь тэнд гааль, мэргэжлийн хяналт, татвар, банк, холбоо гээд үйлчилгээнүүд явагдаж байгаа. Тиймээс тодорхой хэмжээнд газрыг гэрээгээр ашиглуулахаар заасан. Шалган нэврүүлэхтэй холбоотой олон асуудал байгаа. Бүхэл бүтэн вагон шалгахгүй гаргаж байсан тохиолдол ч байгаа. Вагонд хүн хавчуулагдаад хүн нас барсан, хөлдөөгчин дотор хүн оруулж ирж байхад холбогдох байгууллагууд нь мэдэхгүй оруулж ирж байсан гээд олон асуудал гарч байсан. Тиймээс хил хамгаалах байгууллагын харьяанд шалган нэвтрүүлэх байгууллага үйл ажиллагаа явуулах, хилийн хяналтыг хариуцлагыг давхар сайжруулах үүднээс энэ асуудлыг хуульд оруулж ирж байгаа. Хилийн туслах хүчний талаар энэ хуульд тодорхой тусгасан. Өмнө нь ийм тодорхой тусгаж өгсөн зүйл байгаагүй. Өөрөөр хэлбэл, улсын хил хамгаалалтад туслах хүчний байгууллагууд болоод иргэдийн эрх, үүргийг тодорхой тусгаж өгсөн.
Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн: Хил хамгаалах байгууллагын үйл ажиллагааны дүрэм нь маш нууцын зэрэглэлтэйгээр батлагддаг. Хил хамгаалалтын дүрэм дээр хлийн манаа ямар үүрэг гүйцэтгэх вэ гэдэг нь маш тодорхой байдаг.
Үүнд хил орчмын нутаг дэвсгэрт гарсан гал түймэр болоод бусад аюул осол, хил давж ирсэн түймэр зэрэгт шууд авран туслах ажил хийхээр заасан байгаа. Тиймээс ч манай хилчид өнөөдрийг хүртэл хил орчмын нутаг дэвсгэр дээр бүх асуудалд туслаж, дэмжээд явж байгаа. Энэ дүрмээрээ зохицуулагддаг асуудал. Харин энэ хууль шинэчлэгдсэний дараа тэрхүү дүрэм шинэчлэгдэх асуудал яригдах байх. Тэр үед нь энэ асуудлыг өшөө тодорхой болгож болно.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Энэ хуулийг үндсэнд дэмжиж байгаа. Гэхдээ албан үүргээ гүйцэтгэхдээ иргэн, аж ахуйн нэгж байгууллагын баримт бичгийг шалгах, хил зөрчигчдийг илрүүлэх зорилгоор тээврийн хэрэгсэл болоод тээвэрлэж байгаа бараанд үзлэг хийнэ. Манаагаар дагалдуулна гэж байна. Мөн нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэл болоод бараанд хил зөрчигчийг илрүүлэх зорилгоор үзлэг хийнэ гээд заачихсан байна. Тэгэхээр бараанд гэдэг үг нь гааль, мэргэжлийн хяналт шалгана дээр нь дахиад хил шалгана гэсэн үг. Энэ нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хүнд суртал гэдэг нь улам бий болно. Ер нь бараанд заавал шалгалт хийх ямар ч үндэслэлгүй биз дээ. Энэ үгээ аваарай Хууль зүйн сайд аа. Учир нь хүнд суртал их байх тусмаа бизнес эрхлэх хүн цөөрч бүгд хилийн цэрэгт ажилд орно. Эсвэл бүгд төрд ажилд орохыг хүснэ. Мөн Гадаадын иргэн харьяатын эрхлэх газрын хувьд арай өөр саналтай байна. Юу гэхээр гадаадын хүмүүсийг нь Гадаадын иргэн харьяатын эрхлэх газар нь шалгаад, дотоодын иргэдээ хилийн цэрэг нь шалгаад боломжтой. Гадны улсуудад ийм тогтолцоо байдаг.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Боомтын нутаг дэвсгэр дээр хилийн хяналтын байгууллагууд үйл ажиллагаа явуулна. Үүнд орох, гарах урсгал дээр тодорхой чиг үүрэгтэйгээр, дарааллуудыг тогтоосон Засгийн газрын тогтоол байдаг. Үүний дагуу хил хамгаалах байгууллагууд ажилладаг. Зорчигч, тээврийн хэрэгсэл, бараанд хяналт тавихгүй бол өнөөдөр гааль, мэргэжлийн хяналтаар хянуулахгүй хилийн зуравсаас гарах тохиолдол олон гардаг. Энэ мэт асуудлаас урьдчилан сэргийлэх зорилгоор бараанд хяналт тавих ёстой гэсэн үг оруулж байгаа. Гэхдээ энэ бараанд үзлэг шалгалт хийнэ гэсэн үг биш. Гаалийн болоод мэргэжлийн хяналтын байгууллагатай адилхан чиг үүрэг гүйцэтгэхгүй. Ганцхан холбогдох гаалийн байгууллагаар хянуулсан, шагуулсан эсэхийг шалгах юм.
Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн: Энэ бол боомт дээрх үйл ажиллагаа биш. Хуульд албан үүрэг гүйцэтгэхдээ гэж заасан байгаа. Хилийн эрэл хийгээд боомтын биш газар, хил зөрчигчийг эрүүлэх зорилгоор олон үйл ажиллгаанууд явагддаг. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгсэлд нуусан, ачаа барааны дунд орчихсон эсэхийг шалгадаг.
Харин манаагаар дагалдуулна гэдэг бол өртөөн дээр бүх хилийн хяналтын байгууллагууд шалгаад дууссан галт тэрэг улсын хилийн шугам давах хүртэл олон км байдаг. Энэ хооронд тухайн тээврийн хэрэгсэлд хил зөрчигч ороод нуугдах буюу бусад ямар нэгэн хэлбэрээр тухайн тээврийн хэрэгсэлд юм нуусан эсэхийг мэдэх зорилгоор хилийн манааны үйл ажиллагаа байдаг үүний хэлж байгаа юм.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Ер нь хилийн цэрэг бараанд шалгалт хийлдэг байсан. Энд сууж байгаа хүмүүс бараг мэдэхгүй байх. Би хилээр бараа оруулаад ирдэг. Гэтэл хоёр хилийн цэрэг орж ирээд, авч яваа барааныхаа улыг гарга гээд бүхэл бүтэн гурван өдөр зогсоодог тохиолдол зөндөө байгаа. Гэтэл та нар өөрөөр талбарлаад байна. Гэтэл амьдрал дээр тэс өөр байдаг.
Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн: Ажлын хэсэг дээр энэ асуудалд сайн ойлголцолд хүрэх байх. Би энэ “бараанд” гэдэг үгийг авч хаях эрх мэдэлтэй хүн биш.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: УИХ-ын чуулган дээр зарим гишүүд баримт нотолгоогүй зүйл ярьж байна. Л.Мөнхбаатар гишүүн вагон шалгаагүй гаргасан гээд байх юм. Ер нь нотолгоотой ярих хэрэгтэй. Хилийн шалган нэвирүүлэх чиг үүрэг 2014 оны дөрөвдүгээр сарын 01-ны өдрөөс Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газарт ирсэн. Гэтэл вагон шалгаагүй үйл ажиллагаа 2013 оны наймдугаар сард болсон. Өөрөөр хэлбэл, нэг ахмад цолтой нөхөр хариуцлагагүй ажилласан гэсэн үг. Тэгэхээр хэлж байгаа үнүүддээ жаахан хариуцлагатай байх ёстой гэдгийг сануулмаар байна. Өнөөдөр хэрэгжиж байгаа Хилийн тухай хуулийн 33.1-т шаардлагатай үед иргэний баримт бичгийг шалгах, хил зөрчигчийг илрүүлэх зорилгоор тээврийн хэрэгсэл болоод тээвэрлэж байгаа бараанд үзлэг хийнэ гэж заасан байдаг. Мөн 1.4-т улсын хилээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэл, бараанд хил зөрчигчийг илрүүлэх зорилгоор үзлэг хийж болно гэсэн байна. Өөрөөр хэлбэл, Хил хамгаалах байгууллагад бүх тээврийн хэрэгсэлд үзлэг хийх эрх нь өнгөрсөн хугацаанд бүрэн байсан гэсэн үг. Тиймээс бүх асуудлыг Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газарт наагаад хилийнхэн асуудлаас сугарч үлдэнэ гэж бодож байгаа бол эндүүрэл шүү. С.Бямбацогт сайдад хандаж хэлэхэд, салбар хариуцсан сайд нь өөрийн харьяаны байгууллагын нэгийг гэрийнхээ хойморт суулгаад, нөгөөг нь цаанаа байж бай гэх маягаар энэхүү хуулийн төслийг оруулж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, хилийн хяналтын байгууллагад Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрыг оруулаагүй байна. Тиймээс сайдаа харьяа байгууллагаа нэгийг нь илүү үздэг, нөгөөг нь дорд үздэг байдлаа хуулийг хэлэлцэх явцад засч, залруулсан нь дээр байх. Намайг Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрын даргаар ажиллаж байхад 400 гаруй шижигнэсэн, хил хамгаалах эрхэм үүргээ хамгийн дээдэд тавьсан залуус ирж байсан. Өөрөөр хэлбэл, тухай хилээс ирсэн газарт нь даргаар тавид харьяатын байгууллагын хүмүүсийг орлогчоор нь тавьж байлаа. Тэдгээр залуусыг хамгийн сайн мэргэшсэн хүмүүс гэж онцолж үзсэн учир тэр ажлыг хийсэн. Харин одоо тэдгээр 400 залуу буцаад явах байх. Учир нь та бүхэн олонхи учир энэ хуулийг шийдээд явчих байх. Гэхдээ хил хамгаалахаар мэргэшсэн сайхан залуусыг тогтвортой ажиллуулах талаар баталгаа өгч байгаа шүү гэдээ дахин отлох хэрэгтэй.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Ямар үндэслэлээр хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг хилийн цэрэг хариуцах ёстой гэж үзсэж байгаа вэ. Ер нь төрийн байгууллагуудын бүтэц тогтвортой байвал үйл ажиллагаа хэвийн явуулах том давуу тал болдог. Ингээд чиг үүргийг нь өөрчлөгдсөнөөр гадаадын иргэдэд тавих хяналтад сөргөөр нөлөөлөх үү. Хилийн зурвасыг 15 км илүүгүйгээр гээд хуулийн төсөлд орж ирсэн байна.
Тэгэхээр илүүгүй гэхээр зарим газарт нэг км байж болно гэсэн үү. Хидийн зурваст аж ахуйн чиглэллийн үйл ажиллагаа явуулах буюу ялангуяа ашшигт малтмалын хайгуул, олборлолт хийхийг хуулиараа хориглоод өгчих боломж байна уу. Хилийн зурвас доторх хэмжээг улам багасах тусам хилийн зөрчил, хууль бус үйл ажиллагаа нэмэгдэх хандлага ажиглагдах байх.
Хилийн бүс гэсэн ойлголтыг байсныг үндсэндээ одоо байхгүй болгож байгаа юм байна. Өмнө нь 30 км байсныг байхгүй болгоод хилийн зурвас гэсэн ойлголт үлдэж байгаа юм байна. Тэгэхээр хилийн бүс 100 км байж байгаад 30 км болоход нийт газар нутгийн хэчнээнийг иргэд бэлчээрээр ашигладаг болсон юм бэ гэдэг статистик тоо баримт хэлэх болож байна уу.
Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн: Хилийн шалган нэвтрүүлэх албыг хилийн цэрэгт байлгах үндэслэл нь Монгол Улс хоёр хөрштэйгөө хуурай газраар хиллэдэг. Хуурай газраар хиллэж байгаа энэ хилийн хэсэг, боомт газар ч улсын хил. Тэгэхээр улсын хилийн хамгаалалтын нэгдмэл тогтолцоонд энэ шалган нэвтрүүлэх алба багтаж ордог.
Шалган нэвтрүүлэх албыг гүйцэтгэх хилийн цэргийн бие бүрэлдэхүүн Монгол Улсын хил хамгаалах тушаал авсан хилийн манаа байдаг. Энэ утгаараа шалган нэвтрүүлэх алба хилийн цэрэгт ирснээрээ улсын хил хамгаалалтын нэгдмэл тогтолцоо бүрдэж, улсын хил үндсэндээ онгорхой, цоорхойгүй болж байгаа юм. Хилийн зурвасын хэмжээний тухайд гэвэл багасаагүй. 1993 онд батлагдаж байсан хууль дээрээ энэ үг, өгүүлбэрээр явж байсан.
Өөрөөр хэлбэл, 15 км-ээс илүүгүй гэж байсан шиг ээ л байгаа. Монгол Улсын хил дээр байгаа төв суурин газрууд харилцан адилгүй улсын хил дээр байрлаж байдаг. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум улсын хилийн шугамаас 500 мерт байрладаг. Дорнод аймгийн Чулуун хороот сум 1.6 км гэх мэтээр байрлаж байдаг. Тиймээс сумдыг хилийн зурваст оруулахгүй байх гэсэн зохицуулалт яваад байгаа юм.
Түүнчлэн хилийн зурваст ашигт малтмалыг ашиглах, хайх асуудлыг тухайд Ашигт малтмалын хууль дээрээ үүнийг Засгийн газрын бүрэн эрхийн асуудал гээд заачихсан байдаг. Тиймээс энэ асуудлыг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулах боломжтой гэж бид үзэж байгаа. Хэрвээ энэ хуулиар хориглочихвол хоёр хууль зөрчилдөх юм билээ. Тиймээс бид үүнийг өнөөдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуультай зохицуулсан асуудал юм.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Хилийн цэргийн тухай хуулийн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжиж байна. Хэлэлцүүлгийн явцад засч, залруулах шаардлагатай олон заалт байгааг анхаарах хэрэгтэй. Өмнөх парламентаар Хилийн боомтын тухай хуулийг баталж, мөрдүүлсэн боловч тодорхой үр дүн хараахан гараагүй.
Одоогийн хилийн цэргийн тухай асуудлыг цогцоор нь шийдвэрлэж байгаа нь илүү үр дүнтэй. Тиймээс Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын 1.1.2 дугаар зүйлд, Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхол, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй байдал болон бүрэн бүтэн байдал багтана гэж заасан байдаг. Монгол Улсын язгуур эрх ашгийг хилийн аюулгүй байдлын чиглэлээр учирч болзошгүй аюул, эрсдэлтэй байдаг.
Гэтэл энэ эрсдэлтэй тэмцэх бүтэц, арга барил, техник технологи, боловсон хүчин маань манайд төдийлөн хангалттай биш гэж ойлгож байгаа. Одоогийн байдлаар бид зөвхөн ил зөрчсөн этгээдүүдтэй л тэмцээд байж байна. Харин бид эсрэгээрээ энэ хуулиараа дамжуулан боловсон хүчнийхээ бүтцийг боловсронгуй болгох, арга барил, техник технологио шинэчлэх асуудал дээр онцгой анхаарах ёстой. Тэгэхээр үүнд санхүү, мөнгөнийнхөө асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ.
Боловсон хүчнийхээ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ. Мөн дэлхийн бүх улс оронд хил хамгааллын үндсэн зарчим нь манайхны яриад байгаа бүсчилсэн байдлаар хамгаалдаггүй. Дэлхий дээр ер нь ийм бүсчилсэн байдлаар хил хамгаална гэсэн ойлголт байдаггүй. Харин дэлхий дээр байдаг хамгаалал нь болзошгүй аюул ослоос хамгаална, сэргийлнэ гэсэн байдаг. Одоогийн хуулиар бүсчлэн хамгаалах гээд заасан байгаа. Үүнийг яаж өөрчлөх вэ.
Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн: Бид боловсон хүчнээ бололцооныхоо хэрээр бэлтгэж, чадваржуулж яваа. Дотоодын нэлээд хэдэн сургууль, ОХУ болон бусад гадаад улс орнуудад бэлтгэж байгаа. Манай боловсон хүчний чадвар чансаа шаардлагын төвшинд нэлээн дөхнө. Цаашид чадвар чансааг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Бүсчилсэн хамгаалалтын агуулга нь таны хэлсэнтэй яг нэг. Өөрөөр хэлбэл, би танд нэг тодорхой жишээ хэлье. Манай Увс аймгийн хилийн хэсэгт үүрэг гүйцэтгэж байгаа хил хамгаалах застав, салбарын хилчид өдөр, шөнөгүй ёстой унтах нойргүй тэнд хил зөрчигчидтэй тэмцэж яваа. Хил дамнасан малын хулгайн чиглэлээр.
Гэтэл бусад тал хээрийн бүсэд байгаа хилийн отръяруудад хилийн цагийн байдал нь харьцангуй тайван байдаг. Ялгаа их байна. Зун ямаа ч тогтдоггүй хилийн заставууд байна. Идэх нэг ширхэг ч өвс байхгүй. Бид дандаа борц, консервоор махыг нь орлуулж байна. Гэх мэтчилэн ийм олон ялгааг нь энэ хуулийн заалтдаа оруулъя. Өөрөөр хэрбэл, цас ордог газар нь бид цанаар хангая. Цас ордоггүй газар нь бусад юмаараа хангая гэсэн санаа энэ дотор явж байгаа юм.
УИХ-ын гишүүн Г.Занданшатар: Би дэмжихгүй талдаа үг хэлэх гэж байна. Учир нь хуучин хуулиар улсын хилийн бүсийг түүнд мөрдөх журмын тухай 26 дугаар зүйлийг бүгдийг нь хассан мөртлөө улсын хилийн бүсийг хил орчмын нутаг дэвсгэр гэсэн хуучин 29, одоогийн 30 дугаар зүйлтэй зарим хэсгийг нь нийлүүлсэн байгаа юм.
Шинэ хуулийн. Сэргэлэн генералын хэлж байгаагаар оршин суугчдад илүү хөнгөлөлттэй болсон юм шиг хэлж байгаа боловч хил залгаа улстай хиллэж байгаа сумын нутаг дэвсгэрийг хамруулаад 30.2, 3, 4 дүгээр зүйлүүдээр 100 км дотор биш нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамруулчихаж байгаа болохоор илүү хүндрэлтэй болгож байгаа юм.
Нөгөө талдаа зөвшөөрөл олгодогоо бүртгүүлдэг болгож байгаа нь хилийн байгууламжийг, хилийн бүсийн талаархи хуучин ойлгож тогтож ирсэн соёл, дэглэм, зарчимд өөрчлөлт оруулж байна. Үүнийг хуучин хилчид юу гэж үзэж байгаа юм. Улсын хилийн бүс түүнд мөрдөгдөх журмын тухай хуулиар энэ зохицуулалтыг хил хамгаалах байгууллага өөрөө зохицуулах боломж байсан. Учир нь 26.1 дүгээр зүйл дээр “Хилийн бүсийн өргөнийг хил хамгаалах байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр улсын хилийн шугамаас 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр тогтооно” гэж байна.
Хэтрүүлэхгүйгээр тогтооно гэж байгаа юм. Энэ дотор бол хангай хээрийн бүсэд зарим газар хэдэн км байдаг юм. Илүү өргөн тавилаа гэхэд Байтагбогд баруун хил дээр арай урт тавилаа гэхэд зүүн хил дээр халх голын орчмоор хөшөө, дурсгалын зүйлсээ гаргаад ч юм уу хилийн бүсээ тохирох эсэх нь засаг захиргаатайгаа тохиролцоод үнэхээр эдийн засаг, аялал жуулчлал, хадлан тэжээлийн боломж байвал илүүгээр тогтоох эрх нь журмаараа хил хамгаалах байгууллага Засаг даргатай зөвшилцөөд шийдэж болохоор байгаа.
Мөн хил орчмын оршин суугч нь улсын зурвас хүртэл чөлөөтэй зорчиж, нутаглаж, ажил үйлдвэрлэл эрхэлж болно. Ажил үйлдвэрлэл эрхэлж болно гэдэг дотор оршин суугч нь хадлан тэжээлээ бэлтгэх нь нээлттэй байгаа гэж үзэж болно. Гэтэл тэр хөдөөнөөс малчин өвгөн ирээд хадлангаа хадаж болохгүй байна гэдэг асуудал тавигдаж байгаа бол хил хамгаалах байгууллагын л өөрийнхөө журмаараа хүнд сурталгүйгээр зохицуулалттай шийдэж болох асуудлуудыг олон арван жилээр тогтож ирсэн хилийн соёл болоод хил орчмоор амьдардаг малчин хөгшчүүл үндсэндээ хилчин шиг болсон.
Дархан хилээ хамгаалдаг хилийн бүсэд амьдардаг хүмүүс сайн дурын хилчин, гэрээт хилчин гээд байгаа чинь тэр хүмүүс болсон юм билээ. Гэтэл гэрээт хилчин гэдэг нэр томъёо орж ирж байгаа юм. Улсын хилийг гэрээгээр хамгаалдаггүй л байхгүй юу. Улсын хилийг тангараг өргөж л хамгаалдаг юм. Гэрээт хилчин гэдэг шинэ нэр томъёо орж ирсэн. Гэтэл тэнд тангараг өргөсөнтэй ялгаагүй хилийн бүсэд амьдардаг, орж гарч буй хүмүүсийг ажигладаг соёл, дэглэм тогтож ирсэн. Хариуцлагаараа ч гэсэн хилийн бүсийг давсан л бол хил зөрчсөн гэж үздэг. Ийм л соёл, уламжлал явж ирсэн.
Энэ бол зөвхөн хилийн аюулгүй байдал, хилийн бүсчилсэн хамгаалалт гэсэн дэвшилттэй заалтууд орж ирсэн боловч хилийн бүсийнхээ үндсэн зарчмыг алдагдуулчихсан. Нөгөө талдаа улсын хилийн зурваст иргэн байгууллага, аж ахуйн нэгжээс явуулж байгаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаа юм шиг боловч иргэддээ илүү хүндрэл учруулаад байхаар заалтууд байна. 26 дугаар зүйлийг хассаныг дэмжихгүй байна. Үүнд ахмад хилчид хуучин соёл, уламжлал, хариуцлага гээд олон арван жилийн тогтолцоог алдагдуулж байна гэж шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Тиймээс энэ заалтуудыг дэмжих боломжгүй байна.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Хилийн цэрэг тайван цагт зэвсэгт хүчний бүрэлдэхүүн байх эсэх том маргаан явагдсан. Тайван цагт Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн багтахгүй гэдэг шийдвэр гаргаж байсан. Үүнээс бол Ж.Энхбаяр гишүүний аав бид хоёр ордны нэгдүгээр давхарт миний өрөөнд орж, янз бүрийн яриа болж байж ойлголцож байсан түүх бий. Үүнээс хойш 23 жилийн хугацаанд үүнийг гүйцэлдүүлэх далд сонирхол олон жилийн хугацаанд тээж явж байгаа. Ц.Нямдорж хилийн цэргийг хилийн цагдаа болгох гэж байна гэх яриа бүтэн 14 хоногийн хугацаанд явуулчихлаа. Ийм муу яриа яваад байгаад би харамсаж байна. Ер нь хил хамгаалах байгууллага бие дааж үйл ажиллагаа явуулах учиртай. Дотоодын аюулгүй байдлыг хангадаг гол хүчний байгууллагын нэг. Тиймээс олон жил сунжирсан маргаанд цэг тавих шаардлага байгаа.
Ц.Нямдорж гэдэг хүн удирдаж байсан салбараа татан буулгах санал гаргана гэж яаж тарааж чадав аа. Зарим гишүүд ээ. Би удирдаж байсан байгууллага сайжруулах гэж л явсан болохоос татан буулгах буюу муутгах ажил хэзээ ч хийж байгаагүй. Цаашдаа ч хийхгүй. Би эндээс холдсон ч бараг өдөр болгон холбогдох хүмүүс рүү утас цохиж, тэр анги чинь юу болж байна энэ асуудлыг яах гэж байна гэж асууж явдаг.
Энэ асуудлаар далимдуулаад цагдаа хил хамгаалж чадахгүй гээд цагдааг муулаад авч байна. Хилийн цагдаатай газар байдаг. Эрхэм гишүүд минь энэ хуулийг дэмжээд өгөөч гэж хүсмээр байна. Хэлэлцүүлгийн явцад гишүүдийн анхаарлыг татаад байгаа зарим асуудал дээр ярилцаж болох байх. Ямар ч тохиолдолд тайван цагт хил хамгаалах байгууллагыг зэвсэгт хүчний удирдлага оруулж огт болохгүй. Онолын болоод үйл ажиллагааны хувьд ч болдоггүй, таардаггүй юм.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Хилийн бүсийн асуудлыг байхгүй болгож байгааг дэмжихгүй байгаа юм. Тийм учраас энэ асуудлыг бид нэлээд нухацтай ярьж шийдэхгүй бол болохгүй гэдэг байр сууринаас хандаж байгаа юм. Тэнд хилийн дэглэм сахиулах үйл ажиллагаа явагдах бололцоо заавал тодорхой зурвас байж хийгдэнэ. Ялангуяа манайх шиг бартаатай газар нутаг дээр бол нэлээн гүн байдаг. Гэтэл одоо хилийн зурвасын үйл ажиллагаа хэрвээ байхгүй болоод эхлэх юм бол ялангуяа манай улсын хойт талын бүсээр алтны олборлолт, нинжа нарын явуулсан үйл ажиллагаа хилтэй их ойролцоо.
Тэр рүү ашигт малтмалын олборлолт хийж эхэлнэ. Эмх замбараагүй байдал үүснэ. Хилийн зөрчил гарна. Ингээд хилийн дэглэм сахиулахад тодорхой хүндрэлүүд учирна гэдгийг нэгдүгээрт хэлье гэж бодсон юм. Хоёрдугаарт, Хилийн цэргийн тухай хуульд өөрчлөлт орж байгаатай холбогдуулаад зарим нэг зүйлийг хэлье гэж бодож байна. Ер нь эх орноо хамгаалж яваад эндэж байгаа, хил дээр байж байгаад идэр залуу насандаа амь үрэгдэж буй энэ хүүхдүүдийг өмнө нь суурь өвчтэй байсан гээд хаядаг байсан. Их муухай зан гаргасан. Би одоогийн шинэ удирдлагыг арай тэгэхгүй байх гэж бодож байна. Энэ зун дахиад хүн эндсэн.
Би энэ дээр дуугүй өнгөрсөн. Цаашид хил дээр нэг цэгт хүн эндээд байвал энэ асуудлыг яах юм бэ гэдгийг бодох хэрэгтэй. Энэ зун дахиад эндсэн. Тэгсэн мөртлөө эд залуу насны хүүхдүүдийг хоёр, гуравхан жилийн дотор долоо, наймаар нь үхүүлчихээд суурь өвчтэй байсан гээд өөрсдийгөө өмөөрөөд, хамгаалаад суугаад байдаг. Үүнийг анхаарах хэрэгтэй. Хэрвээ хил хамгаалах явцад залуусын амь нас, эрүүл мэндийг яах юм. Тусгай хэрэглэл хувцас байдаг юм уу, үгүй юу. Устай газар яах юм гэх мэтчилэн хангамжийн асуудлуудыг энэ хуульд ярья гэж байгаа нь зөв. Тэгж тус тусад нь авч үзэх ёстой. Харин хил хамгаалах явцад амь эрсдэх тохиолдол гарах юм бол ар гэрийн хангамж, нийгмийн асуудлыг хуульд оруулж өгөх хэрэгтэй. Үлдэж байгаа хүүхдүүдийг нь яах ёстой юм.
Тэтгэмж хэр хугацаагаар өгөх ёстой юм гэх мэтчилэн зүйлийг бид анхаарах ёстой. Хилийн цэргийн хуулийг бид хэлэлцэхдээ хэд хэдэн асуудлыг нухацтай давхар шийдэхгүй бол болохгүй зүйлүүд байгааг хэлэх ёстой. Ер нь манай батлан хамгаалах үзэл баримтлал манай хилийн цэргийн хамгаалалтан дээр чиглэсэн рүүгээ илүү хөгжих нь зүйтэй байх л даа. Бид дэлхийн хамгийн том хүчирхэг хоёр армын өмнө батлан хамгаалахын талаар ярих нь инээдтэй зүйл. Гэхдээ хил хамгааллын асуудал хамгийн чухал. Тийм учраас хэлэлцэх дээрээ хүрвэл энэ асуудлуудыг нэлээд нухацтай ярихгүй бол болохгүй нь.
Бид сүүлийн үеийн хуулиуд дээр анхаарахгүй бол болохгүй. Өчигдөр бид хууль зөрчсөн олон улсын гэрээг УИХ хүчингүй болгодог байсан заалтаа бид аваад хаячихаж байгаа шүү дээ. Одоо ямар гэрээнүүд орж ирэх гээд байгаа юм бүү мэд. Хууль зөрчсөн гэрээг УИХ хүчингүй болгоно гэсэн Үндсэн хуулийн эрхээ эдлэх 23 дугаар заалтыг олон улсын гэрээнээс авч хаясан. Энэ мэтчилэн бид анхааралтай хандахгүй болбол хил хамгаалах асуудал үндэсний аюулгүй байдалтай холбоотой зүйлүүд. Тиймээс энэ хуулиудыг хэлэлцэх юм бол маш нухацтай ажлын хэсэг гаргаж хэлэлцье. Шуурхайгаар шийдэж болохгүй. Алт олборлохын төлөө хилийнхээ зурвасыг байхгүй болгож болохгүй. Би ажлын хэсэг гаргаж, нэлээд нухацтай хандах шийдвэрлэх ёстой хууль гэж л бодож байна.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Өнгөрсөн параламент буюу монголын улс төрийн хамгийн олон намын төлөөлөлтэй параламентаар Ц.Нямдорж гишүүний яриад байгаа 20 гаруй жил үргэлжилсэн улс төрийн өөр, өөр байр суурийг нэгтгэж, Монгол төрийн бодлого гарч чадсан. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлагдсан. Үүнтэй холбоотойгоор гадаад бодлогын болоод батлан хамгаалахын бологын үзэл баримтлал батлагдсан юм. Батлан хамгаалах бодлогын үзэл баримтлал дотор Төрийн цэргийн байгуулалт гэдэг эрх зүйн шинэ нэр томъёо орж ирсэн.
Үүн дотор зэвсэгт хүчин хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага нь төрийн цэргийн байгуулалтын бүрэлдэхүүн байна гэж заасан. Салбар хооронд ойлгомжгүй явж байсан хлийн цэргийн зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд оруулах асуудал нэг мөр шийдвэрлэгдсэн. Тиймээс хилийн зэрэг зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд орно гэдэг тийм зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Миний хэлж байсан зүйлүүд Монгол Улсын хил халдашгүй байх тухай Үндсэн хуульд тусгагдсан үзэл санааг илэрхийлж байгаа.
Аливаа төрийн бодлого нь өөрөө түүнийг дагаж гарах ёстой салбарын хуулиуд хоёрдмол утгаггүй бодоготойгоо нийцэж гарах ёстой. Гэтэл батлан хамгаалах бологыг дагаж гарах ёстой хилийн хууль маань хуулийнхаа үндэслэлд батлан хамгаалах бодлого ч тусгалгүй бодлогод тусгагдсан нэр томъёог ч хэрэглэхгүйгээр хоёрдмол утга санаа оруулсан зүйл гарсан. Тухайлбал, газар, усан дээрх улсын хилийг хил хамгаалах байгууллага, агаарын хилийг агаарын цэрэг хагаална гээд хоёр салаа утга ойлгогдохоор томъёолж байна. Энэ мэт зүйл олон байна.
Тэгэхээр улсын хил хамгаалах үндсэн хүч хэрэгсэл бол хилийн цэрэг байх ёстой. Хилийн цэрэг гэж байж гэмээнэ цаана нь олон бодлогын асуудал шийдэгдэх юм. Хилийн цэрэг дотроо дотоодын цэргийг яаралтай байгуулах ёстой. Гэтэл өнөөдөр цагдаагийн бүрэлдэхүүн дотоодын цэргийг байгуулах асуудал хууль зүйн яам дээр явж байгаа. Энэ мэт бодлогоос зөрсөн зөрсөн асуудлуудыг хийж болохгүй. Хууль зүйн сайд С.Бямбацогт, Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэнтэй уулзсан. Улмаар хоёр зүйл дээр ойлголцсон.
Тодруулбал, улсын хил хамгаалах хүч хэрэгсэл нь хилийн цэрэг байна гэсэн томъёоллыг энд оруулж өгнө. Хоёрдугаарт, хилийн цэргийн алба хаагчдыг алба хаах журам, эрх зүйн байдлыг Цэргийн албаны тухай хууль болон Цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хуулиар нэгтгэн зохицуулна гэсэн хоёр зүйл дээр бид ойлголцсон гэж бодож байгаа. Батлан хамгаалах бодлогын хүрээнд хил хамгаалах асуудал байгаа. Тиймээс УИХ-ын даргаас хүсэхэд, хууль зүйн байгын хороо болон аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо эрхлэх ажлын хүрээндээ энэ асуудлыг хамтран хэлэлцэж, ажлын хэсэг гаргаж, шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна. Улсын хил хамгаалах хүч хэрэгсэл нь хилийн цэрэг байна гэдэг улс төрийн шийдэл дээр дэмжиж байгаа тохиолдолд энэ хуулийг бид хэлэлцээд, батлах ёстой.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.