Гурван улсын төрийн тэргүүнүүд уулзлаа

Гурван улсын төрийн тэргүүнүүд уулзлаа
Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 16 дугаар хуралдааны хүрээнд энэ сарын  23-ны өдөр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Төрийн тэргүүн нарын гурав дахь удаагийн дээд түвшний уулзалт амжилттай болов.
 
Гурван талт уулзалтын эхнийхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачлагаар 2014 оны есдүгээр сард Тажикстан Улсын нийслэл Душанбе хотод хийсэн бол хоёр дахь уулзалтыг өнгөрсөн  2015 оны долдугаар сард ОХУ-ын Уфа хотноо зохион байгуулсан юм. Тэгвэл энэ удаагийн уулзалтаар талууд гурван баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байсан ч нэг баримт бичгийг ойрын хугацаанд зурахаар хойшлуулжээ.
 
Төрийн тэргүүнүүд юун түрүүн гурван улсын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурсан нь түүхэн гэж хэлж болохуйц амжилт байв. Мөн зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Харин дамжин өнгөрх тээврийн асуудлыг энэ удаадаа хойшлуулсан байна.  
 
Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгагдсан төслүүдийг боловсруулах, тэдгээрийн эдийн засгийн үндэслэлийг тогтоох, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлох зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх үүднээс Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн төвийг 2016 онд багтаан байгуулах саналыг Монголын тал уулзалтын үеэр дэвшүүлсэн. Мөн дараагийн уулзалтыг Улаанбаатар хотод хийх саналыг тавьж байгаагаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн байна.
 
Энэ уулзалтын үеэр товлосон хугацаанаасаа нэлээн хоцорч ирсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Хятадын хөнгөлттэй зээлээр Эгийн голд барих усан цахилгаан станцын талаарх хэлсэн үгийг Оросын болон гадаадын хэвлэлүүд өлгөн авч бичлээ. Эгийн голд усан цахилгаан станц барих төсөл нь ОХУ-ын нутаг дэвсгэрт оршдог Байгаль нуурын экологийн тэнцвэрт байдалд нөлөөлж болзошгүй хэмээн санаа зовинож байгаагаа В.Путин илэрхийлээд “Энэ асуудлыг Хятадын болон Монголын талтай судалж үзэх хүсэлтэй байна, хэрвээ шаардлагатай гэвэл Монгол улсад нийлүүлэх эрчим хүчээ нэмэгдүүлж болно” хэмээн хэлсэн байна.   
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.