Урвалт сайныг авчирсан түүх байхгүй

Урвалт сайныг авчирсан түүх байхгүй

Улс төрд мөнхийн нөхөрлөл гэж байдаггүй, мөнхийн эрх ашиг л бий гэдэг үг байдаг даа. Үүнийг улс төр өөрөө, улстөрчид өөрсдөө баталсан. Жишээ нь, МАН-аас МАХН руу гүйгээд, гишүүн болчихсон. Дараа нь буцаж “нутаг” руугаа гүйгээд гишүүн болсон хэд хэдэн алсын хараатай нөхөр байгаа шүү дээ. Салхи хэзээ, хаанаас үлээж, юу болохыг мэдэрч чадсан, тэд. Мөн намдаа гомдоод л бие даагаад гишүүн болчихоод, дараа нь буцаж ороод, бас л сонгогдож чадсан адтай нэгэн ч бий. Энэ чинь нөхцөл байдлыг үнэлж, ард түмний санаа бодлыг мэдэрч чадаж байгаагийн илрэл биш үү. Нам нь ч гэсэн ганц ч болов суудал илүү авах талаас нь харж, эргэж буцсан нөхдүүдээ хүлээгээд л авчихсан. Одоо болж л байна, муудсан юм алга. Хэн ялав, тэд л ялсан.

Тэгвэл АН яагаад тэгж болохгүй гэж. Яах вэ, цаг хугацааны эрхээр, янз бүрийн шалтгааны улмаас намаас гараад явсан хүмүүс цөөнгүй л байна. Угаасаа урвалт сайныг авчирсан түүх үгүй. Тиймдээ ч хүмүүс буцаж л байдаг.  Одоо эхнээсээ намдаа буцаж орох хүсэлтээ тавиад явж байгаа. Тухайлбал, Л.Гүндалай. Мань хүн өмнө нь хоёр ч удаа АН-д орж, гарсан. Тэр шалтгнаанаа нам нь олон фракцид хуваагдсан, ҮЗХ-ны гишүүд нь бүхэлдээ хуваагдмал байдалтай болж, гарч байгаа шийдвэрүүд нь нийт намын төлөө биш болсон учраас гэж тайлбарлана билээ.

Нэг талаараа үнэний ортой. Энэ нам Монголын улс төрд нэгэнт том байр суурь эзэлсэн үү гэвэл тийм. Угаас өнөөдөр АН, МАН гэсэн хоёр том улс төрийн хүчин л байна. Харин АН дотоод асуудлаа нууж чадахгүй, нэгдэж хүчрэхгүй, хамаг “юм”-аа дэлгэдгээ ардчилал гэж тайлбарлаж явсаар өдийг хүрсэн. Тиймдээ ч дотроо жаахан түр тар гэлцэж, зарим гишүүд нь гарч орох юм байж л байсан. Тэгвэл одоо АН-ынхан  намаа шинэчлэхээр нэлээд ажил хийж байгаа. Саяхан Их хурлаа хийлээ. Зарим нэгний хүлээлтэд хариулт өгөхөөр хурал болж чадаагүй л байх.

Гэхдээ дүрмээ шинэчлээд, намын даргаа бүх гишүүдээсээ сонгохоор болчихоод байгаа. Ер нь тодорхой шинэчлэлүүдийг хийх бололтой. Тиймдээ ч хэд хэд хуваагдаж, хоорондоо “уралцдаг” байсныгаа ч эцэслэхээр шийдсэн бололтой. Энэ бүхэн нь цөөнгүй хүмүүст таалагдаж, намдаа эргэж орох хүсэлт гаргаж. Л.Гүндалай л гэхэд “Миний анхны хайр бол АН. Архимед “Надад тулах цэг өгвөл би дэлхийг эргүүлнэ”  гэж хэлсэн байдаг шиг АН бол миний тулах цэг. Би их улс төрд эргэн ирж байна.

2000 онд АН-ыг ялагдаж явах үед туг нь болж, дэмжиж явсан. Ардчилсан нам шинэ дүрмээ боловсруулж, Үндэсний Зөвлөлдөх Хороо гэдэг худалдагдсан байгууллагаар асуудлаа шийдүүлэхгүйгээр нийт гишүүдээсээ санал авч, намын даргаа сонгож байгаа нь буцаж орох шалтгаан болсон” хэмээн ярьсан. Харин нам нь түүнийг буцааж авах асуудал дээр “луу унжаад” байгаа. Түүнээс гадна БНН-ын дарга Б.Жаргалсайхан гэж нөхөр бий. Сая бас АН-ын Их хурал дээр тууж явсан.

Ирсэн шалтгааныг нь асуухад сонирхож байна гэж хариулсан байна билээ. Энэ намыг үүсгэн байгуулалцсан хүний хувьд сонирхож явсан нь тэр юм байх аа. Бас цаагуураа ямар ч санаа байгаа юм билээ, хэн мэдэхэв. Нэг өдөр АН-д орох өргөдлөө өгөөд, шалтгаанаа тайлбарлаад байж байх ч юм бил үү.  Ер нь БНН түүхэндээ УИХ-д суудал авсан бил үү. Б.Жаргалсайхан л ганц удаа гарч байсан байх.

Түүнээс хойш бол гялайж гялтайсан юм байхгүй. Тэгээд ч Б.Жаргалсайхан гэдэг хүн л БНН гэж гүйгээд, энд тэнд ярилцлага өгөөд, давхиад байдгаас биш өөр гишүүн байдаг юм уу. Хэцүүхэн шүү дээ. За цаашлаад Монголд улс төрийн өч төчнөөн нам байгаа. Дандаа л нэг хүний нам. Дарга нь гээд нэг нөхөр гарч ирээд, баахан юм яриад, телевизээр гараад л байдаг.

Өөр хүн байхгүй. Өнгөрсөн хугацаанд МАХН гэж нам Н.Энхбаярын хүчээр дөрвөн жил улс төрд бужигнуулж, хэдэн гишүүд нь бүгдээрээ сайд болсны хүчинд олонд жаахан танигдах шив. Одоо бол эргээд сураггүй болчихлоо. Тэд үнэхээр л улс эх орны төлөө гэсэн сэтгэлтэй, зөв бодлого баримталж ажиллах гэж байгаа бол хэрэгтэй хэрэггүй нам гэж “давхиж” байхаар хоёр том намдаа хуваагдаад орчих хэрэгтэй. АН бол үүд хаалгаа нээгээд, Л.Гүндалай, Б.Жаргалсайхан, өөр хэн байдаг юм хүлээгээд авчихаач дээ, ямар хамаатай юм.

Өөр АН-ын “тулах цэг”-ээ болгох хэн байна, тэр хүмүүсийг намдаа авчих л хэрэгтэй. Ерөөсөө л нэг том АН, нэг том МАН-тай бодлогоороо, хийсэн ажлаараа өрсөлддөг баймаар байна. Тэгэхийн тулд АН-д хэн ч юм байж л байг. Илүүдэх юун. Л.Гүндалай АН-д ороод, “Энэ нам үнэхээр шинэчлэгдлээ. Өмнө нь ийм байсан, тийм ч байлаа. Одоо бол сайхан боллоо, шинэчлэгдлээ.

Тиймдээ ч би орсон гээд л баахан ярина. Муу нь юу байх вэ. Б.Жаргалсайханы үгийг сонсдог, дэмждэг түмэн л хүн байгаа шүү дээ. Хэрвээ тэр хүсээд, АН-д орно гэвэл хүлээгээд л авчих хэрэгтэй. Тэр ч битгий хэл үнэхээр улс төр хийх гээд, эрх орноо хөгжүүлмээр байгаа юм бол элдэв “гудамж”-ны жижиг намаа татан буулгаад, хаяад АН-д элсээч гэж улстөрч гэгддэг хүмүүст хэлмээр байна.

Яадаг юм, өч төчнөөн жил нам гээд, улс төр яриад явж байгаа, юунд ч хүрээгүй нөхдүүд байж л байгаа. Л.Гүндалайгийн жишгийг дагаад л давхичих. Хамаагүй. АН таалагдахгүй бол МАН-д ор. Өргөдлөө өгөөд үз, тэртэй тэргүй энэ хоёр намын нэг нь ялж, нөгөөх нь сөрөг хүчин болно. Тэгээд үнэхээр эх орноо гэсэн сэтгэлтэй бол тэр бодлогоо харин тусгуулах гээд чаргууцалдаж явбал нэг муу жижиг намын дарга гэснээс л арай дээр.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.