Ирцийн асуудлаас болж олны өмнө шившиг болмооргүй байна

Ирцийн асуудлаас болж олны өмнө шившиг болмооргүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх учиртай.

Мөн оффшор дансны тухай буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх тов гарсан. Түүнчлэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг бусад асуудлыг хэлэлцэх ёстой.

Ийнхүү өглөөнөөс хойш ирц бүрдүүлэх гэж оролдсоор нэг юм 55 хувьд хүрч, чуулганы хуралдаан эхэлсэн. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулсны дараа Д.Тэрбишдагва, О.Баасанхүү, Ж.Батзандан нарын гишүүд горимын санал хэлэхээр болсон юм.

Д.Тэрбишдагва: Бид амармааргүй байна, ажилламаар байна

-Их хурлын дэд даргын өнөөдөр өглөөний хэлээд шаардаад байгаа асуудлыг хүндэтгэж байна. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдал, эдийн засгийн хүндрэл, хөдөө орон нутагт өвөлжилтийн нөхцөл байдал гээд асуудал их байна. Бидэнд хийх ажил дэндүү их байгаа учраас бүгдийг нь байлгаж байгаад хаалттай хуралдаан хийвэл яасан юм. Хөгжлийн банк, Эрдэнэтийн асуудал өнөөдрийн гол сэдэв болоод явчихаж байна. Төрийн гурван өндөрлөг нь оролцоод өнөөдрийн нөхцөл байдлын талаар хаалттай ярилцах болсон юм биш үү. Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө сэтгэл зовниж, яам тамгын газрын удирдлага, хөдөө орон нутгийн удирдлагуудаасаа илүү ажилламаар байна. Биднээс л ажил эхэлнэ. Аль нэг нам гэж ялгахгүй бүгдээрээ сууж байгаад тал талаасаа шийдвэр гаргах хэрэгтэй. Өчигдөр Хөгжлийн банкны тухай асуудал хэлэлцэгдсэн ч хойшлогдсон. Нийгэмд тус нэмэр болохын тулд томоохон асуудлуудаа ярья. Энэ долоо хоногт нэг их санал байхгүй байна. Горимын санал байна. Хамаа байхгүй, нэг өдөр, хоёр өдөр хуралдъя л даа. Одоо энэ ард түмнийхээ бухимдлыг арилгах гэж байгаа юм уу хаашаа юм. Амардаг цагийг нь л нэмээд байх юм. Тайвшруулаад байгаа юм уу хаашаа юм. Бид амармааргүй байна. Ажилламаар байна. Одоо тэгээд л шинэ жилд орно гээд л орой болгон гоё гоё хувцас өмссөн хүмүүс энд тэнд үг хэлээд л явна. Ийм байж болохгүй ээ.

О.Баасанхүү: Ярилцах, шийдэх олон асуудал байгаа учраас амрахаа больё

-Зургадугаар сарын 29-нд сонгууль болоод түүнээс хойш таван сар болж байна. Миний мэдэж байгаагаар 21 гишүүн санаатайгаар 10-аас дээш удаа хурлаа тасалсан. Ёс зүйн дэд хороонд 21 гишүүний нэрийг дүгнэлт гаргуулахаар өгнө. Ёс зүйгүй гишүүддээ нам нь хариуцлага тооцох байлгүй дээ гэж найдаж байна. Оффшор, Эрдэнэтийн асуудлыг хэзээ дуусах вэ. Он дууслаа. Төрдөө итгэж байна. Ажлын хэсгийн дүгнэлтийг он гарахаас өмнө сонсоод цаашаа явах юм биш үү. Дээрээс нь Тавантолгойг ард түмнээсээ нуугаад яадаг юм. Өчигдөр сонсоод байхад нуугаад байх зүйл байхгүй санагдсан. Ярилцах, шийдэх олон асуудал байгаа учраас амрахаа больё.

Ж.Батзандан: Бие биеийнхээ кнопыг дарахаа болиоч ээ

-65 суудалтай МАН-ынхныг хариуцлагатай байгаа ч ээ гэж хүсмээр байна. Бие биеийнхээ кнопыг дарахаа болиоч ээ. Өнгөрсөн долоо хоногт хурлаа хийсэн учраас хуралдаа сууж чадаагүй. 65 гишүүнтэй учраас бид чөлөө аваад явсан. 80 сая ам.долларын үлдэгдэлтэй байгаа асуудал. Нэг юм ярихаар хүмүүс Ж.Батзандан авсан гэдэг. Өчигдөр Ж.Батзандан Хөгжлийн банкны мөнгийг авсан гэж хэлж байна.

Ц.Нямдорж: Хурлын ирц дээр найраа байхгүй шүү

-Д.Ганболд, Ж.Энхбаяр, А.Сүхбат нар нэг цаг, Б.Бат-Эрдэнэ 1:10 цаг тасаллаа. Хурлын ирц дээр найраа байхгүй шүү. Ажилтай бол чөлөөгөө авч байгаарай. Ирцийн асуудлаас болж олны өмнө шившиг болмооргүй байна. Үүнд битгий эмзэглээрэй. Биднийг цөөнх байхад Дэмбэрэл дарга биднийг байж суух аргагүй болтол хэлдэг байсан. Би МАН-ын дарга нарт зориуд хэлье. Үүнээс хариуцлага эхэлдэг юм. Олон асуудлаар биш бүр шүдний өвчин болсон сэдвээр бэлтгэлтэй хуралдаад шийдвэр гаргахад болж байна. Эрдэнэтийн шалгалтын дүн ирэх долоо хоногт дуусна. Оффшорын хуулийг Хууль зүйн байнгын хороо хойшлуулсан. Тавантолгойн асуудлаар Засгийн газраас их хуралд орж ирэхгүй учраас одоогоор юм байхгүй.

Гишүүд горимын санал хэлж дууссаны дараа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.