Хүчирхийллийн эсрэг хуулийг хэлэлцэж байна

Хүчирхийллийн эсрэг хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн явцад:

О.Баасанхүү:  Ард түмний хөрөнгөөр өөрийгөө хамгаалуулж байгаа алуурчныг харахаар миний зэвүү хүрдэг

-Юуны өмнө их хурлын гишүүдэд нэг зүйл анхааруулъя. Энэ хуулийг хэлэлцэж байгаатай холбогдуулан хэд хэдэн асуулт байна. Тухайлбал, гэмт хэрэг хийсэн хүнд үнэ төлбөргүй өмгөөлөл өгдөг. Тэр хүний эрх байдаг байж болно. Гэхдээ хохирогчийг бодож үнэ төлбөргүй зөвлөгөө авахыг тусгаж байна уу. Айлын цэцэг цэврүү шиг охиныг алж хаячихаад ард түмний хөрөнгөөр өөрийгөө хамгаалуулж байгаа алуурчныг харахаар миний зэвүү хүрээд байдаг юм. Долдугаар сард мөрдөгдөх Эрүүгийн хууль, одоогийн Гэр бүлийн хууль долдугаар сар хүртэл явж байгаад дахиад өөрчлөгдөх юм биш биз гэж бодоод банйа. Зарчмын хувьд өөр байна. Бүдүүлгээр хэлэхэд нэг алгадвал хөнгөн, хоёр бол хүндэвтэр, гурав бол хүнд гэдэг. Хүн бодсон л бол гэмт хэрэг баймаар байгаа юм. Сэтгэл санааны хохирлыг яаж тооцох вэ. Би бол бусдыг хууль бусаар мөрдөн мөшгиж баривчилсан гэсэн утгаараа өөрийнхөө хохирлыг тогтоодог байх. Гэтэл өдөр болгон мессэжээр дарамталж байтал нөгөө хүн нь айгаад амиа хорлочихоор, сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцох вэ. Цагдаагийн хэсэг дээр бие даасан нэгж ажиллуулахыг үүрэг болгомоор байна.

Н.Оюундарь: Мөрдөн мөшгисөн, заналхийлсэн бол захиргааны хариуцлага, удаа дараа бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн

-Нэгдүгээрт өмгөөллийн асуудлыг хэрхэн шийдэх вэ гэсэн хуулийн 33 дугаар зүйл дээр аюулгүй байдлыг хамгаалах, хүүхдээ хамгаалах зэрэг заалт орсон. Эдгээр үйлчилгээг хохирогч үнэ төлбөргүй авна. Гэмт хэргийг хөнгөн, хүндэвтэр, хүнд гэж ангилж байгаа. Үүнийг яаж шийдэх вэ гэвэл энэ хуультай холбогдуулан есөн хуульд өөрчлөлт орсон. Эрүүгийн хуульд энэ асуудлыг шийдвэрлэсэн. Мөрдөн мөшгисөн, заналхийлсэн бол захиргааны хариуцлага, удаа дараа бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн. Цагдаа дээр тусгайлсан нэгж байгуулна гэсэн. Хуульд хүн амын тоо, гэр бүлийн гэмт хэргийн гаралтын тооноос хамаарч нэг цэгийн үйлчилгээг хамааруулъя гэж заасан.

Х.Нямбаатар: Шинэ Эрүүгийн хууль батлагдахаар Гэр бүлийн хууль өөрчлөгдөхгүй

-Шинэ Эрүүгийн хууль батлагдахаар Гэр бүлийн хууль өөрчлөгдөхгүй. Гэмтлийн зэрэг шаардахгүйгээр тооцохоор орж ирсэн. Хуулийн 120.1 дээр зодох гэж орж ирсэн. Тарчлаах, тохуурхан даажигнах нь 120 дугаар зүйл дээр хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй орж ирж байгаа. Цагдаагийн байгууллага дээр нэгж байгуулах,  цагдаагийн байгууллагын эрх зүйн байдлын тухай хууль батлагдана гээд явж байгаа. Энэ хуулиар бүтцээ тодорхойлно. Хоёрдугаарт, орон нутагт нэгжтэй байна гэж хуульчилчихаар бүх орон нутагт нүсэр ажил болоод байна. Тэгэхээр зарим газар даргатай, зарим нь газар нэгжтэй байя гэдэг санал орж ирсэн.  

Д.Сарангэрэл: Хохирогчийн өмгөөллийн үйлчилгээг төр хариуцна гэлээ санхүүжилт нь хаанаас гарах вэ?

-Концепцийн хувьд хэр өөрчлөгдөв. Өмнөхөөс нь өөр ямар давуу талыг шингээсэн бэ. Н.Оюундарь гишүүн хохирогчийн өмгөөллийн үйлчилгээг төр хариуцна гэлээ. Өмгөөллийн асуудал хувьд шилжсэн. Тэгэхээр санхүүжилт нь хаанаас гарах вэ. Гэрч, хохирогчийг яаж өмгөөлөх вэ. Гэрчийг олон дахин удаа дуудаж, бараг гэмт хэрэгтэн болгох шахдаг. Үүнийг хэвээр нь үлдээсэн үү?

Н.Оюундарь:  Давхар нэг цэгийн үйлчилгээний цэгийг байгуулна

-Концепцийн хувьд өөрчлөлт орсон. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багийг тухайн орон нутагт байгуулна гэсэн. Хохирогч хэрвээ гомдлоосоо татгалзсан, хүчирхийлэгчтэй эвлэрсэн тохиолдолд буцааж авахгүй. Хэрэв гэмтлийн зэргээс шалтгаалаад хариуцлага хүлээлгэнэ. Эхний удаад захиргааны хариуцлага, удаа дараа бол эрүүгийн хариуцлага хүлээлгээд явна. Давхар нэг цэгийн үйлчилгээний цэгийг байгуулна.

Д.Тэрбишдагва: Бөөс хуурсыг нь түүдэг ажлыг бид хийгээд байх юм уу

-Сүүлийн үед орж ирж байгаа хуулийн найруулгыг их хурлын гишүүд засдаг, хууль санаачлагч нар дутуу алсан могой шиг юм болгоод байна. Бид 106 асуудлыг үг үсгээс нь эхлээд засах юм байна л даа. Энэ хууль чинь хэр зэрэг өөрчлөлт орчихоод байгаа юм бэ. Үнэхээр өөрчлөлт орж ирсэн бол Засгийн газраар орж ирэх ёстой. Мэргэжлийн Засгийн газар гэж тодотгоод байгаа юм чинь хариуцлагатай байх хэрэгтэй. Ирэх дөрвөн жилд 262 хууль батлах юм билээ. Тэгээд бөөс хуурсыг нь түүдэг ажлыг хийгээд байх юм уу. Энэ хууль чинь хэдэн хувь нь өөрчлөгдчихөөд орж ирсэн юм бэ. Хэдэн хувийг нь зассан юм бэ. Ажлын хэсэг, өргөн барьсан нөхдүүдээс асуумаар байна. Өргөн барихдаа үзээгүй юм уу. Одоо их амархан хариулттай болсон байна билээ. Засгийн газар хуулиа өргөн барина. УИХ-ын гишүүд та нар засах юм байвал зас гэдэг болж.

Н.Оюундарь:  

-Хуулийг өргөн барьснаас хойш Хууль зүйн байнгын хороон дээр ажлын хэсэг ажилласан. 33 өөрчлөлт орсон. Найруулгын чанартай, редакцийн чанартай 80-аад саналыг хийсэн. Бүгд зарчмын зөрүүтэй гэж байгаа болохоор 103 санал гэж байгаа юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 онд яригдсан. Яригдаж явсаар байгаад сая 2008 оноос дахин яригдсан. Техниктэй холбоотой асуудал гараад байгаа юм. Хууль зүйн байнгын хороо найруулгын саналыг нэг бүрчлэн тоол гэсэн.

Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.