С.Чинзориг: 45 зүйлтэй хуулийн төсөлд 103 зарчмын зөрүүтэй санал хураах хэрэг байна уу

С.Чинзориг: 45 зүйлтэй хуулийн төсөлд 103 зарчмын зөрүүтэй санал хураах хэрэг байна  уу

Яг одоо УИХ-ын чуулганы хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн зарчмын зөрүүтэй 103 саналаар санал хурааж байгаа билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн С.Чинзориг “Бид энэ хуулиар 103 зарчмын зөрүүтэй санал хураах нь. Энэ хууль өөрөө 45 зүйлтэй. Ийм төсөл дээр бид 103 санал хураачихаар Засгийн газрын агуулга үлдэж байгаа юм уу. Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөл өөрчлөгдчихөж байгаа юм биш үү. Би гайхаад сууж байна. Хуульчдаас зөвлөгөө авмаар байна” хэмээсэн юм.

Түүний асуултад УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Энэ бидний санал хураах гэж байгаа 103 зарчмын зөрүүтэй саналын 80 гаруй хувь нь редакцийн засвар. Тэгэхээр хуулийн төслийн агуулга өөр болоогүй. Намар редакци уншаад болохгүй байна гэсэн хууль яг хэвээрээ орж ирж байгаа. Хоёр өгүүлбэр л нэмэгдсэн. Одоо үүнийг Засгийн газар руу буцаах ямар ч шаардлага байхгүй. Энэ хуулийг хурдан баталмаар байна. Нийгмийн маш их хүлээлт байна” хэмээн хариулав.

Харин О.Баасанхүү гишүүн үүнийг өлгөн авч, “Ер нь нэг анхаараад баталчихмаар байна. Боломж л олдвол буцаачих гээд байх юм. Анх хүчирхийллийн эсрэг хуулийг найруулгаар нь уншаад явчих юмыг орон нутгийн тухай сонгууль гээд явсан. Дараа нь аялал зугаалга гээд. Одоо батлагдах гээд ороод ирэхээр нь олон кноп дарлаа энэ тэр гээд байх юм. Та Өвөрхангай аймгаас сонгогдсон байх аа. Өнөөдөр таныг олон хүмүүс харж байгаа. Айлын охиныг авч суучихаад зовоодог асуудал айл бүрт бий. Дорнод аймагт өчнөөн хүүхэд амиа хорлочихоод байна. Би судалгаатай юм ярьж байна шүү. Тэтгэврийн хөгшин яах гэж тэтгэврийн зээл авдаг юм. Үр хүүхэддээ л зориулдаг. Хангалттай судалсан. Хангалттай ярьсан. Одоо болио С.Чинзориг гишүүн ээ. Та ингэж харгис хандаж болохгүй шүү” хэмээсэн нь амаа авч давхидаг морь шиг битгий хадуураад бай гэдэг шүүмжлэлийг хүртэх шалтгаан болов.

Түүнийг ийнхүү хэлэхэд нь Ц.Нямдорж гишүүн “Гишүүдээ заримдаа байж байгаад тонгорчих гээд байх юм. С.Чинзориг гишүүн буцаая гэж огт хэлээгүй шүү дээ. Олон санал хурааж байна л гэлээ. Энэ зөв л дөө” хэмээсэн юм. Түүний энэ үгийг Г.Занданшатар гишүүн дэмжиж “Миний хэлэх гэсэн санааг Ц.Нямдорж гишүүн хэлчихлээ. О.Баасанхүү гишүүн баян айлын эрх хүүхэд шиг дураараа загнаж, хүмүүсийн хэлсэн үгэнд тайлбар хийж болохгүй. Зарчмын зөрүү гараад аль нь зарчмын зөрүүтэй санал юм, аль нь найруулгын санал юм гэдэг нь ойлгогдохгүй байгаад байна. Хүний жам ёсны эрхэнд нь халдаагүй л бол хувь хүний дотоод эрхэд халдаагүй. Замын хөдөлгөөний хууль ч гэсэн хүний эрхийг хангасан байх тал дээр анхаарч хийхгүй бол уламжлалт сэтгэлгээ, орчин үеийн сэтгэлгээ хорондоо зөрчилдөх вий. Ингэж 103 санал хураадаг дэгийг өөрчлөхгүй бол их хурлын үйл ажиллагааны үр ашгийг бууруулж байна” гэв.

Харин Д.Лүндээжанцан гишүүн "Би энэ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн ажлын хэсэгт ажилласан, сүүлийн. Шинэчилсэн найруулгыг хийгээгүй орхисон. Энэ дээр нэлээд шинэ зүйл орж ирсэн байна. Бид цаашид нэг зүйлийг ойлголцох хэрэгтэй. Зарчмын зөрүүтэй санал, найруулгын санал гэж ангилчихаар найруулга дотроо зарчмын санал зөрөөд хуулийн хулгай хийчих гээд байгаа юм. Зарим газар нэг үг зарчмын санал болдог. Жишээ нь, үндсэн гэдэг үийг харгалзан гэж үзвэл маш их техникийн зөрүү гарна. Үүнтэй адил хууль дотор үг, цэг солих нь тэр аяараа зарчмыг өөрчилдөг. Ялангуяа иймэрхүү хууль дээр найруулгын засвар гэж байх ёсгүй. Үүн дээр нэг тийшээ туйлшрахгүй байх хэрэгтэй байна. Бид анхнаасаа Загсийн газраасаа өргөн барьсан төсөлд техникийн юм гаргамааргүй байна. Ер нь энэ хуулийг батлаад гаргачих ёстой. Нэгэнт гараад явбал их эмзэг асуудал учраас шууд үйлчлээд явна. Цаашид С.Чинзориг гишүүний тавьж байгаа үндсэн зарчмаасаа их санал хурааж байгаа нь бидний ажлын гологдол шүү гэдгийг анхаарах ёстой" гэв. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.