АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулан өгөх ажиллагаа зохион байгуулагдсан бөгөөд уг сунгаанд нийтдээ таван эрхэм өрсөлдөхөөр болсон юм. АН-ын зүгээс нэр дэвшигчдэд сонгуулийн зардал болох 250 сая төгрөгийг гаргах босго тавьсан нь шинэ, залуу гишүүдийн эсэргүүцэлтэй тулгараад байсан. Тэгвэл тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр MNC телевизэд ярилцлага өгөх үедээ энэ талаар тайлбар хийжээ.
Тэрбээр “АН үргэлж юмны эхлэлийг тавьдаг. Гэхдээ мөнгөтэй хүн улс төрд ордог юм гэдэг утгаар энэ үгийг хэлсэнгүй. Бид 20 жил олон намын тогтолцоотой явсан. Харин өнөөдөр улс төрд санхүү заавал хэрэгтэй гэдгийг ил гаргах цаг нь болжээ. 21 аймаг, есөн дүүрэг дамжсан 1500 гаруй кв.км нутаг дэвсгэртэй өргөн уудам нутгийн үндэстний хэмжээний нэгэн том намын даргын сонгуулийг явуулахад Ерөнхийлөгчийн сонгуулийн дайтай хөрөнгө гарна.
Гэтэл бидний хувьд сонгуулийнхаа үйл ажиллагаанд нэг хүн 250 сая төгрөг зарцуул гэсэн нөхцлийг л тавьж байгаа. Сонгуулийн саналын хуудсыг хэвлэнэ, тоолно, санал хураах байруудыг түрээсэлнэ. Маш их зардал гарна. Манай намын дүрэмд нэр дэвшигчид өөрсдөө сонгуулийн зардлыг хариуцна гээд заачихсан байгаа. Тэгэхээр нөгөө талдаа 250 сая төгрөгийг гаргаж, нэр дэвшиж чадахгүй хүн ерөөсөө АН-ыг цаашид авч явж чадахгүй. Үүнийг хэн нэгэн хүн, компаниас ав гэж байгаа юм биш. Манайх 180 гаруй мянган гишүүнтэй айл. 40 мянган гишүүн нь 20 мянган төгрөг хандивлачихвал бараг 800 сая болчихно шүү дээ” гэлээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.