АН-ын даргад нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авлаа

АН-ын даргад нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авлаа

Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. АН-ын даргад өрсөлдөхөөр зохих журмын дагуу хүсэлтээ хүргүүлээд буй С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр, Ж.Батзандан, Н.Алтанхуяг нарын таван хүн үнэмлэхээ гардан авсан юм. Үнэмлэх гардуулах ёслолын ажиллагааг нээж АН-ын дарга З.Энхболд “АН-ын даргын сунгаа манай намын түүхэнд сайн, муугаар бичигдсэн байдаг. Үүнийг манай таван нэр дэвшигчид сайнаар авч явах байх. Намын даргын сунгаа дүрмийн дагуу явж байгаа. Энэ дүрэмд хэн нэгнийг намд байсан хугацаагаар нь ялгаагүй. Бид хөгшин байна чамайг оруулахгүй гэж хэлээгүй. Сунгаанд оролцуулсангүй гэж сошиалд гомдоллохоо боль. Намын даргад нэр дэвших бүх гишүүдэд нээлттэй байсан.

Сонгууль явуулахад зардал гарах нь тодорхой. Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад 10-15 тэрбум төгрөг зарцуулагддаг. Бид байдаг бүх зардлаа хасаад энэ удаад 1.5-2 тэрбум төгрөгт багтаахаар төлөвлөсөн. Үүнийг иргэд ойлгож байгаа. 2020 оны амжилт өнөөдрөөс эхэлнэ. Хариуцлагатай байгаарай. Хэн нь ч ялсан, хэн ялагдсан ялсан даргадаа амжилт хүсээд хамтран ажиллаарай. Нэр дэвшиж буй таван эрхэмдээ амжилт хүсье" гэлээ. Мөн тэрээр “Улс төрийн өрсөлдөгч МАН-ынхан манай намын даргын шинэчлэлд их санаа зовж байна. Төрийн эрх барьсан та нарт толгойтой үснээс их ажил байгаа. Манай намын сонгуулиас хол бай. Утаагаа алга болго оо. Та нартай, та наргүй бид болчихно” хэмээн сануулаад авлаа. Ийнхүү намын даргын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор өчигдрөөс эхэлж байна. Сонгууль нэг сарын турш үргэлжилж, 2017 оны нэгдүгээр сарын 19-нд өндөрлөх юм. Шинээр сонгогдсон намын даргаа долдугаар Их хурлаараа батламжлах билээ. Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн сурталчилгаа арванхоёрдугаар сарын 22-нд Хэнтий аймгаас эхлэхээр болж, маршрут нь гарчээ.

Үүний дараа нь Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Говьсүмбэр аймгуудад очиж, нэр дэвшигчийн сурталчилгаагаа үргэлжлүүлэх юм байна. Дараа нь нийслэлийн есөн дүүрэгт ажиллах бол сурталчилгааны хаалт нь Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт таарч буй аж. Гэхдээ явцын дунд мөн өөрчлөлт орж мэдэх юм байна. Энэ талаар АН-ын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар “АН-ын VI  их хуралаас намын дүрэмд өөрчөлт оруулсан. Дүрэмд орсон заалтад АН-ын даргын сонгуулийг орон даяар зохион байгуулна гэж заасан.  Дүрмийн дагуу хандивын мөнгийг сонгууль зохион байгуулалтын болон сонгуулийн сурталчилгааны зардал гэж хоёр хуваасан. Сонгуулийн зардлыг нэр дэвшигчдэд ижил хэмжээтэй хувааж тооцно гэсний дагуу 1.2 тэрбум төгрөгийн зардлыг хувааснаар  нэг нэр дэвшигч 240 сая төгрөг хандивлана. Дүрмийн дагуу 200 сая төгрөгөө өгсөн таван нэр дэвшигч 40 сая төгрөг нэмж өгнө.

Сонгуулийн сурталчилгаа нэгдсэн нэг журмаар явна. Бүх нэр дэвшигчид хамтдаа аймаг, дүүрэг орон нутгаар нэг цаг хугацаанд сурталчилгаа хийнэ. Бусдаасаа салангид, бие даасан сурталчилгаа хийхийг  дүрмээр хориглосон байгаа. Сурталчилгааг арванхоёрдугаар сарын 22-нд Хэнтий аймгаас эхлүүлж,  улс орон даяар нэгдсэн журмаар зохион байгуулна. Улмаар ирэх оны нэгдүгээр сард болох АН-ын даргын санал хураалтаас өмнө намын шинэчилсэн бүртгэлийг хийж байна. Энэ шинэчилсэн бүртгэлийг цахимаар хийж байгаа. Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан намын татвараа төлсөн бүх гишүүд саналаа өгнө. Өөрөөр хэлбэл, намын дүрмийн дагуу нэг жилийн 1200 төгрөгийн татвараа төлсөн, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан намын гишүүд намын даргын сонгуульд саналаа өгнө. Одоо албан ёсоор 180 мянган гишүүнтэй байгаа. Намын даргын сонгуулийн хажуугаар намынхаа гишүүдийн бүртгэлийг цахимжуулах, шинэчлэх том ажлыг давхар хийж байна” гэлээ.

Нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авсаны дараа үг хэлж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. Үүний дараа АН-ын дарга З.Энхболд эвтэй байхыг бэлэгдэж нэр дэвшигчдэд багцалсан таван сум гардуулсан. Улмаар Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлснээр Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулах ёслолын ажиллагаа өндөрлөсөн юм.

С.Эрдэнэ: Нэр дэвшиж байгаа журмын нөхөддөө амжилт хүсье

/УИХ-ын гишүүн, АН-ын даргад нэр дэвшигч/

-Нэр дэвшиж байгаа нөхдөө миний хамтран зүтгэгч гэж харж байгаа. Ардчилсан намыг байгуулсан цагаас хойш 26 жилийн түүхэнд энэ намын алдах, онох, бүхий л жаргал зовлонг хамтдаа үүрч явсан журмын нөхөдтэйгээ намын даргын сунгаанд явж байна. Энэ сунгааг дотоодын өрсөлдөөн гэж битгий хараасай гэж хүсч байна. Энэ бол шинэчлэлийн төлөө оруулж байгаа хувь нэмэр гэж хараасай. Тийм учраас АН-ын мянга мянган гишүүд нийт ард иргэд маань бидэнд тэгш, шударга хандаасай. Бүхий л үйл ажиллагаанд бүх шатны намын байгууллагууд шударгаар ажиллаасай. Журмын нөхөддөө амжилт хүсье. Миний хувьд өнөөдөр хэн ч ялсан бай АН-ынхаа шинэчлэлийн төлөө намынхаа ирээдүйн амжилт, ялалтын төлөө, эх орныхоо сайн сайханы төлөө зүтгэх учиртай.

Д.Эрдэнэбат: Даргын сунгаад оролцох эсэхдээ их эргэлзэж байсан

/УИХ-ын гишүүн, АН-ын даргад нэр дэвшигч/

-Миний хамтрагч, энэ намын жаргал зовлонг хуваалцагч, АН-ын нүүр царай болж байгаа хүмүүстэй намын даргын төлөө өрсөлдөж байна. Даргын сунгаанд оролцох уу, үгүй юү гэдэгт хувь хүнийхээ хувьд маш их эргэлзэж байсан. Гэхдээ намын гишүүд дэмжигчид “Д.Эрдэнэбат аа, чи намын даргын сунгаанд оролцох чинь намын нэр хүндийн асуудал шүү” гэдэг шаардлагыг тавьсан учраас даргын сунгаанд оролцож байгаа юм. Ардчилсан төрийн баталгааг хангах, АН-ын шинэтгэлийг цоо шинэ төвшинд гаргах ажлын эхлэл учраас энэ сонгуульд би оролцож байгаа юм. 2016 оны УИХ-ын сонгуулийн ялалт энэ намыг цааш хэрхэн авч явах вэ гэдэг дохиог бидэнд өглөө.  Сонгуулийн маргаашнаас намын нүүр царай өөрчлөгдөж, бид эв нэгдэлтэй, бие биенээ дэмжсэн бодлоготой, хариуцлагатай нам болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Л.Гантөмөр: Намын даргын өрсөлдөөн итгэлийг сэргээсэн үйл ажиллагаа болоосой

/УИХ-ын гишүүн асан, АН-ын даргад нэр дэвшигч/

-АН-ын даргын сонгуулийн ажлыг зохион байгуулахад асар их зардал гарч байгаа. Энэ зардлыг хуваалцсан журмын олон нөхөддөө талархаж байна. УИХ-ын сонгуулийн их ялагдлын дараа АН-ын гишүүн бүр нэгийг бодож, хоёрыг тунгаасан. АН-ын 180 гишүүн хэлэлцэж байгаад намаа шинэчлэх хэрэгтэй гэж үзсэн. Зургадугаар их хурал хоёр том шийдэлд хүрсэн. Нэгдүгээрт, АН-ын шат шатны дарга нар намынхаа гишүүдээс сонгогддог байх,  хоёрдугаарт, АН-ын шинэтгэлийн хөтөлбөрийг баталсан. Энэ удаагийн намын даргын өрсөлдөөн АН-ын гишүүдийн итгэлийг сэргээсэн үйл ажиллагаа болоосой гэж хүсч байна. Хүний нөөцийн зөв бодлоготой, эв нэгдэлтэй нам болж чадвал бид ирэх сонгуулиудад амжилт гаргаж чадна. Улс төрийн нам бол үзэл бодлын уралдааны талбар юм гэдэг итгэл үнэмшлийг ард түмэнд эргүүлж авчрах том боломж юм.

Ж.Бантзандан: Монголыг шинэчлэх ёстой учраас АН шинэчлэгдэх ёстой

/УИХ-ын гишүүн, АН-ын даргад нэр дэвшигч/

-АН яагаад шинэчлэгдэх ёстой вэ гэж олон хүн асууж байгаа. Монголыг шинэчлэх ёстой учраас АН шинэчлэгдэх ёстой. АН-ын шинэчлэл юу руу чиглэх вэ гэж олон хүн анхааралтай харж байгаа. Өнгөрсөн найман жил АН хаалттай нам байсан. Одоо үүнийг эцэс болгоё. АН шинэчлэгдэе гэж байгаа бол бүх үүд, цонхоо ард түмэндээ нээх хэрэгтэй. Мөн үзэл санааны шинэчлэл хийх хэрэгтэй байна. АН эрх чөлөө, шударга ёс, хүний эрхийн төлөө нам байх ёстой. АН бүлэглэл, фракцын гарт орсон нам байх уу, ард түмний нам байх уу гэдгийг энэ шинэчлэлээр бид шийднэ. Таван фракцид хуваагдсан, таван өөр тийшээ харсан 10 бүлэглэлд үйлчилдэг явцуу эрх ашгийн нам байж болохгүй. Бид бүлэглэлд биш бүх гишүүддээ үйлчилдэг нам байх ёстой. Явцуу эрх ашгийн фракциудад хуваагддаг биш.

Н.Алтанхуяг: АН-ын даргыг сонгох ажил нийт монголчуудын асуудал

/Ерөнхий сайд асан, АН-ын даргад нэр дэвшигч/

-Намын даргын сунгаанд өрсөлдөж байгаа таван хүн 2012-2016 оны УИХ-ын нэг ангийхан. Намын даргын сунгаанд нэр дэвших шийдвэрийг би их тулгуу гаргасан. АН-ыг зургаан жил удирдсан учраас энэ удаагийн намын даргын сунгаанд оролцохгүй байя гэдэг байр суурьтай байсан. Гэсэн ч хойшлуулж боломгүй хариуцлагатай цаг үед нэр дэвших шийдвэрийг журмын нөхдийнхөө санал хүсэлтээр гаргалаа. АН-ын даргыг сонгох энэ ажил ганц манай намын дотоод асуудал биш. Нийт монголчуудын асуудал. АН-ынхан бид орон сууц, зам барилга, жижиг дунд үйлдвэрлэл гээд урьд өмнө нь байгаагүй том бүтээн байгуулалтыг хийж чадсан. Хууль эрх зүй, боловсрол нийгмийн халамжийн салбарт шинэчлэл эхлүүлж чадсан. АН засаглаж чаддаг гэдгээ харуулсан. Засаглахдаа ард түмнийхээ төлөө амаар биш ажил хэргээр засаглаж чаддагаа харуулсан.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.