Хүчирхийлэл үйлдэх, хүмүүжүүлэх хоёрт ялгаа бий шүү

Хүчирхийлэл үйлдэх, хүмүүжүүлэх хоёрт ялгаа бий шүү

Нийгэмд хамгийн их хүлээлт үүсгэж, басхүү анхаарлын төвд орчихоод байгаа нь асуудал бол Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж гаргах. Мэдээж энэ хуулийн төслийг шат шатандаа хэлэлцээд, хэдэн гишүүд чуулган дээр үг хэлж, үзэл бодлоо уралдуулж байгаад л батална, энэ тодорхой. Батлах ч ёстой юм. Өнөөдөр нийгэм даяараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүсийг яснаасаа үзэн ядаад эхэлчихсэн.

Эхнэрээ гэгээн цагаан өдөр хөнөөсөн, бяцхан охиноо зэрлэг балмадаар зодож амь насыг нь сүйтгэсэн хэргийг монголчууд мартаагүй байна. Хамгийн сүүлд гэхэд жирэмсэн эхнэрээ зодоод алчихсан зэрлэг хирдхийлгэм хэрэг гарсан. Монголчууд улам л бухимдаж, хурдан хатуухан шиг хууль батлаад, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа ухаанд нь ухна ишиг үхчихсэн хүмүүсийг шийтгээд өгөөч гээд л байна.

Зөв өө, зөв. Өнөөдөр нөхөртөө долоо хоногтоо хэд зодуулчихаад, хүүхдээ бодоод тэвчиж, нулимсаа барж яваа бүсгүйчүүд хэд байгаа бол. Аавдаа зодуулаад, бүр дэглүүлж, уйлж хоноо хүүхэд хэчнээн байгааг бид мэдэхгүй. Энд жижигхэн тоо баримт дурьдая. 2010 онд гэхэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас есөн хүн нас барж байж. Тэгвэл 2016 оны эхний 10 сарын байдлаар 1066 гэмт хэрэг гарч, 10 хүн нас барж, 1000 хүн гэмтсэн байгаа юм. Гэр бүлийн хүчирхийлэл өнгөрсөн оны мөн үеийн даруй 38.8 хувиар өссөн байна.

Энэ чинь одоо толгойтой бүхэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байгаагаас ялгаа юу байна аа. Тиймээс хуулиа хурдан батал, гарга. 2005 оноос мөрдөгдөж байгаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль гарснаас хойш үр дүн гарсан гэж ярих хүмүүс ч байна. Мэдээж огт хуульгүй байснаас дээр нь тодорхой.

Гэхдээ дан ганц шалдан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг 10 гаруй жил хэрэгжүүллээ, юунд хүрэв. Харин ч гэр бүлийн хүчирхийлэл улам нэмэгдэж, бүр хэрцгий хэлбэртэй болсоор байна. Тиймээс л шинэчлэн найруулж, асуудлыг шийдэж чадахаар хууль хэрэгтэй байгаа юм.

Гэхдээ бас юманд учир, суманд гичир бийг эрх биш хууль санаачлагчид, батлах гэж байгаа гишүүд, ажлын хэсгийн мэдэх учиртай. Өнөө “Ардын элч” кинонд “Сайхан хүүхэн болгоныг бариад байх хэрэг үү” гэдэг шиг жаахан л юм болбол гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гээд л барьж аваад, шалгаад, шүүгээд л бөөн юм болох вий дээ. Ядаж байхад  шартай эхнэртэй байж таараад, зүгээр шахуу байж байгаад бөөн төлбөр мөнгөнд унавал яана. Ингээд л гэр бүлийн харилцаа “будаа”. Хуулиа чангаруулж байгаа нь сайн л байна.

Өмнө нь хуулийн дагуу хохирогч эвлэрэх шатанд гомдлоо татаж авсан тохиолдолд  цагдаагийн хянан шийдвэрлэх ажиллагаа зогсдог байсан.  Үүнээс болоод нөхөр нь эргэж өс санаж, эхнэрээ дахиж дарамталж, зодож, хүчирхийлэлд автуулдаг тохиолдол цөөнгүй байсан.

Харин шинэ хуулиар бол хохирогч эвлэрч, гомдлоо татаж авсан ч мөрдөн байцаалт үргэлжлэх юм билээ. Нэг талаар зөв ч, нөгөө талдаа ганц удаагийн маргаан, хэрүүлээс болоод баахан цагдаа, шүүх дээрээ тулах вий.  Ерөнхийдөө гишүүд, санаачлагч, ажлын хэсгийнхний ярьж, хэлснийг сонсоод, уншаад байхад шалгана, шүүнэ, торгоно, хорино гээд л байгаа. Уг нь Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг эхлэлтэй, давтамжтай байгаа.  Дээрээс нь манай эмэгтэйчүүд  гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаагаа байдаг л зүйл мэтээр ойлгоод байдаг.

Тиймдээ ч хүчирхийлэл үйлдэгч бараг л хийх ёстойгоо хийж буй мэт аашилдаг болдог байх. Тиймээс иргэдийн сэтгэхүй, сэдлийг өөрчлөх талын ажлыг маш сайн хиймээр байна. Ядаж л нийгмийн шинжтэй ухуулах сурталчилгааг байнга явуулж, эмэгтэйчүүдийг гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд эхэлсэн даруйдаа тодорхой байгууллагад мэдэгддэг, цаашлаад хүчирхийлэл үйлдээд байгаа нөхрийг засч авах, сэтгэл зүйг өөрчлөх, сургах чиглэлд анхаармаар байна.

Нөгөө талаар эмэгтэйчүүд эдийн засгийн нөхцөл байдлаас үүдээд гэр бүлийн хүчирхийллийг шүд зуун тэвчдэг.  Хууль чангараад, хүчирхийлэл үйлдэгчийг бариад хорилоо, шийтгэлээ гэж бодъё. Түүний цаана өрх толгойлсон эмэгтэй үлдэнэ. Дагаад ядуу, дутуу амьдралтай нэг бүл гарч ирж байгаа юм. Тэглээ гээд хүчирхийлэгчийг дураар нь дургиул гэж байгаа юм биш. Энэ асуудлыг хуулинд бас тусгаж өгч, гэр бүлийн хүчирхийллийн дарамтаас салсан ч эдийн засаг “гуай”-д дарамтлуулахаас төр аврах хэрэгтэй л гэж байгаа юм.

Түүнээс гадна ажлын хэсэг хүүхэд хамгааллын асуудлыг нэлээд нарийн тусгаж өгсөн гэж яриад байна. Гэхдээ ямар зүйл, заалт тусгаж байгаа талаар тодорхой нарийн ярихгүй байгаа. Гэтэл зарим гишүүд өрнийн хуулийг хууллаа, хайртай хүүдээ гар хүрч болохоо болих нь уу гэж асуугаад, яриад байна. 

Дорнын ёс заншлыг ч бас хөндсөн. Мэдээж хүүхэд хамгааллын асуудлыг бид бүр тусад нь, илүү нарийн авч үзэх цаг болсон. Төрсөн эцэг нь, хойд эхийн хамтаар бяцхан охиныг яаж тамалж, амь насыг нь хөнөөлөө. Монголчууд мартаагүй л байгаа. Тийм жишээ, тийм жигшүүрт хэргийг олныг дурьдаж болно.

Гэхдээ дайны хажуугаар дажин гэгчээр хэтэрхий сүржигнэх хүмүүс ч бас байна. Бараг л аав, ээж чинь загнавал утасдаарай гэх нь холгүй болчихсон. Тэр барууны оронд, нөгөө шүтээд байдаг Америкт нь л тэгдэг юм байгаа биз. Манайх бол арай өөр. Хүчирхийлэл үйлдэх, хүмүүжүүлэх хоёрын хооронд бас ялгаа бий шүү дээ. Бүр үгэнд орохгүй, сахилгагүйтээд байгаа хүүхдийн бөгсөн дээр нь ганц хоёр алгадах нь байх л асуудал.

Тэглээ гээд муудна гэж юу байх билээ. Гэтэл бөгсөн дээр нь ганц алгадсаны төлөө хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн гээд байвал яах билээ. Миний хүүхэд учраас би зодох эрхтэй гэж дайрах хүн тийм ч олон гарч ирэхгүй байх. Гэхдээ хаа нэгтэй бөгсөн дээр ганц хоёр алгадах эрх бол байх л ёстой болов уу. Энэ мэтийг сайн л бодолцоорой доо, эрхэм гишүүд, хууль санаачлагчид минь. Түүнээс биш нийгэмд хүлээлттэй байгаа, бушуухан баталчихъя гэж хандвал дараа нь гарах балаг их болчих вий. Дээрээс нь хөрөнгө мөнгөнийхөө асуудлыг сайн шийдэх хэрэгтэй. 

Үнэхээр төрөөсөө аврал хүсээд, хамгаалах байр хайгаад очиж байгаа иргэдээ өнөөдөр баттай хамгаалж чадаж байгаа бил үү. Чадахгүй л байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө л баахан сүржин хууль яриад байдаг. Тэр нь ч мэдэгд, хөршүүд нь ярь, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэе л гээд хашгираад байгаа. Гэтэл 10, цаашлаад 20 хүн гүйгээд ирэхэд хамгаалж чадах чадамж Монголын төрд байгаа бил үү. Эхлээд санхүүгээ шийд. Тэгээд хамгаал.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.