Аж ахуйн нэгжид дарамт болно гэх хуулийн төслийг гишүүд дэмжлээ

Аж ахуйн нэгжид дарамт болно гэх хуулийн төслийг гишүүд дэмжлээ

Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хурлаар “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн эхэнд Сангийн сайд Б.Чойжилсүрэн хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх горимын санал гаргасан юм. Уг саналыг хуралдаанд оролцож буй гишүүд 73.7 хувийн саналаар дэмжсэнээр байнгын хороодын хамтарсан хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн. Харин хамтарсан хуралдааны дараа Эдийн засгийн байнгын хороо дангаараа хуралдаж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд, хэлэлцэх эсэхийг дэмжлээ.

Уг нь энэхүү хуулийн төслийг өнгөрсөн даваа гарагт МАН-ын бүлэг хэлэлцсэн бөгөөд “Хуулийн төслийг энэ байгаагаар нь батлах юм бол аж ахуй нэгжид дарамт болох учраас засч сайжруулах ёстой” гэж үзсэн талаар тус бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдэгдсэн. Харин өчигдар Байнгын хорооны гишүүд уг асуудлыг хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Гэхдээ хэлэлцүүлгийн шатанд гишүүд хуулийн төсөлд нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Өнөөдөр үйлчилж байгаа Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль шаардлага хангаад явж байхад олон зүйл заалттай хуулийн төсөл оруулаад ирэх юм. Хэлэлцэхгүй гээд байхад дахин дахин оруулж ирээд байдаг. Энэ хууль батлагдвал жижиг дунд үйлдвэр дээр очиж наалдана. Бүх хүнийг бизнес хийх сонирхолтой болгомоор байна. Бизнес эрхлэгчдийг яаж хөгжүүлэх вэ гэж ярих ёстой. Шинээр бизнес эрхлэх сонирхлыг төрүүлэх ёстой. Дараа нь шалгадаг барьдаг зүйлээ хий.

Эсвэл жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг энэ хуулиас хасах хэрэгтэй. Өнөөдрийн хэрэгжиж байгаа хууль болохгүй байна гэж би харахгүй байгаа” хэмээн шүүмжлэлтэй хандаж буйгаа дуулгасан юм. Мөн УИХ-ын гишүүн Б.Ундармаа “Энэ хуулийн төсөл Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн эсрэг байгаа юм шиг ойлгогдож байна. Торгуул, зөвшөөрөл гэх мэт зүйл нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд хүндрэл бэрхшээл болж мэдэх юм.

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийг засч сайжруулж оруулж ирсэн гэж харагдахгүй байна. Бидэнд хуулийн төслийг судлах хугацаа хэрэгтэй байна” гэлээ. Харин Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Хэрэглэгчийн хэрэглээний соёл гэдэг асуудал маш чухал юм. Тиймээс энэ хуулийн төслийг нэлээн удаан сууж боловсруулсан. Хуулийн төслийг дэмжээд явах юм бол хэлэлцүүлгийн шатанд засаад сайжруулаад явах боломжтой” гэв. Ийнхүү гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг анх 1991 онд баталсан бөгөөд 1995, 1997, 2002 онд нэмэлт өөрчлөлт, 2003 онд шинэчилсэн найруулгаар батлагдсан байна. Үүнээс хойш 10 гаруй жилийн хугацаанд нэг удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч дорвитой өөрчлөгдөөгүйгээс зах зээлийн эдийн засгийн хөгжлийн явцад шинээр бий болсон нийгмийн харилцааг зохицуулахад эрх зүйн орчин дутагдаж байгаа аж. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах төрийн бус байгууллагын чиг үүргийг тодорхой заасан байна. Төрийн бус байгууллагын дэргэд эвлэрүүлэн зуучлах тогтолцоо бий болгож, байнгын ажиллагаа бүхий арбитр ажиллуулах, итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийж, дүгнэлт гаргах зохицуулалтыг тусгажээ.

Мөн хэрэглэгчээс ирүүлсэн гомдлыг эхлээд аж ахуй эрхлэгч шийдвэрлэхээр, улмаар арбитр, төрийн захиргааны байгууллага, эцэст нь шүүхээр шийдвэрлүүлдэг байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан болохыг төсөл санаачлагч илтгэлдээ танилцууллаа. Түүнчлэн зах зээлийн харилцаанд шинээр үүсэн гарч буй харилцааг зохицуулах шаардлагаар урамшуулал, сугалаат худалдаа, интернэт худалдаа болон явуулын худалдаа, үйлчилгээний явцад хэрэглэгчийг хохироохыг хориглосон зохицуулалтыг бий болгосон юм байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль, тогтоомжийг зөрчсөн этгээдэд ногдуулах торгуулийн хэмжээг зөрчлийн шинж байдлыг харгалзан оногдуулах, хэрэглэгчид учруулсан хохирлыг тогтоож, хохирлыг барагдуулах, аж ахуй эрхлэгчийн хууль бусаар олсон орлого, эд зүйлсийг хураах, үйл ажиллагааг нь түр зогсоох хүртэл арга хэмжээ авах зэргээр хууль зөрчcөн аж ахуй эрхлэгчид хүлээлгэх хариуцлагыг цаг үеийн нөхцөл байдалтай нийцүүлэн өөрчилсөн ажээ.

88000 өрхөд дөрвөн их наяд төгрөгийн ипотекийн зээл олгосон гэв

Өчигдрийн хуралдаанаар мөн Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Барилга, хот байгуулалтын сайдын мэдээллийг сонслоо. Өнөөдрийн байдлаар барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий 5483 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 4749 нь барилга угсралтын чиглэлээр, зураг зүй, төсөл боловсруулах чиглэлээр 572, өргөх байгууламжийн чиглэлээр 162 аж ахуйн нэгж ажиллаж байгаа юм байна.

Барилгын салбарт нийтдээ 95685 ажлын байр байгааг Г.Мөнхбаяр сайд дурдаад, дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн Монголбанкнаас санхүүжүүлснээр өнөөдрийн байдлаар нийт 88 мянган өрхөд дөрвөн их наяд төгрөгийн ипотекийн зээл олгосон байна.

2016 оны аравдугаар сарын дүнг үзвэл арилжааны банкуудаар дамжин 672 иргэн шинээр ипотекийн зээл авчээ. Барилга, хот байгуулалтын яам ипотекийн зээлийн асуудлаар холбогдох газруудтай уулзаж, ажиллаж байгаа гэнэ. Харин Монголбанк холбогдох шийдвэрийн хүрээнд сард 30-35 тэрбум орчим төгрөгийн санхүүжилтээр ипотекийн зээл олголтыг үргэлжлүүлж байгаа бөгөөд энэ нь сард дунджаар 600 айл өрхөд шинээр зээлд хамрагдах боломжтой гэв.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудын дүнг нэгтгэн харвал ипотекийн зээлийн эргэн төлөлт хамгийн өндөр хувьтай байдаг бөгөөд чанаргүй зээлийн хэмжээ 1.2 хувьтай байгаа аж. Цаашид ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс холбогдох яамд санхүүжилтийн эх үүсвэрийг эрэлхийлж байгаа талаар мэдээлэл хийв. Түүнчлэн түрээсийн орон сууцын хөтөлбөрийн талаар танилцууллаа. Төрийн өмчийн түрээсийн 725 айлын орон сууц нийслэлд байгаа бөгөөд түрээслэгдээгүй үлдсэн орон сууцууд нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс том учир уг асуудлуудыг шийдвэрлэх үүднээс тодорхой ажлуудыг хийсэн байна.

Хуралдааны төгсгөлд Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва өндөр үр дүнтэй хэрэгжиж буй орон сууцны ипотекийн зээл олгох хөтөлбөрийг үргэлжлүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх шаардлага бий, энэ чиглэлээр Эдийн засгийн байнгын хороонд хандвал дэмжиж ажиллахад бэлэн байгаа гэдгээ илэрхийллээ.

М.Оюунчимэг: Хүүхэд хамгааллын зардлыг аль сайдын багцад тусгахыг тодорхой заах хэрэгтэй

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүллээ. Уг хуулийн төслийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Хүүхэд хамгааллын тухай хуульд тусламж, үйлчилгээ авах хүүхдийн 170 мянган төгрөгийн зардлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцад тусгасан байсан. Уг хуулийн төсөлд өөрчлөлт оруулахдаа энэхүү зардлын асуудал аль салбарын сайдын багцад тусгахыг нь тодорхой байлгахгүй бол, төсөв, хөрөнгөний асуудлыг нь шийдэх эзэнгүй орхигдуулах вий гэдэгт анхаарах шаардлагатай” гэдгийг онцолж байв.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэлэлцэж байгаатай холбогдуулан Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага гарч байна. Тиймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга н.Тунгалагтамир, хэлтсийн дарга н.Баярмаа нарыг ажлын хэсэгт нэмж оруулах санал гаргаж байна” гэсэн юм. Түүний саналыг байнгын хорооны гишүүд дэмжсэн.

Үүнээс өөр зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр болсон юм. Үргэлжлүүлэн тус байнгын хороогоор Ахмад настны тухай болон Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэлчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн А.Ундрааг томилохоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүд 93.8 хувийн саналаар дэмжив. Харин ажлын хэсэгт УИХ-ын гишүүн М.Билэгт, С.Чинзориг, Н.Учрал, Ц.Цогзолмаа, Д.Гантулга, М.Оюунчимэг нар орж ажиллахаар боллоо.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.