Утаанаас болж жилд 100-200 хүүхэд нас барж байна, энэ зүгээр үү

Утаанаас болж жилд 100-200 хүүхэд нас барж байна, энэ зүгээр  үү

Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд тулаад өчнөөн жил боллоо. Монголчууд бид тэвчээртэй хүмүүс юм. Утаандаа хордоод л, зуухыг зуухаар сольж байхад хүлцэнгүй хандаад л. Угаасаа утаа байх ёстой юм шиг л санаж явсан. Харин энэ жил эцэг, эхчүүд тэвчихээ болиод, чих нь дүлийрээд удаж байгаа төр засгийнханд бага ч болов зүйлийг ойлгуулахын тулд өчигдөр жагслаа. Энд нэг тоо баримт дурьдая. Утааны эс­рэг жагсаалд орол­цож буй ээжүүдийн тө­лөө­лөл О.Ундрам гэх бүс­гүй сэтгэл хирдхийлгэм тоо баримтыг дурьджээ. Тухайлбал, жилдээ 40 мянган хүүхэд хатгалгаа тусдаг аж. Харин 2016 онд гэхэд улсын хэмжээнд уушгины хатгалгаагаар 0-1 насны 505 хүүхэд нас баржээ.

Улсын хэмжээнд ч юу байх вэ дээ, Улаанбаатар хотод л байхгүй юу. Өнгөрсөн 2015 онд гэхэд 475 хүүхэд уушгины хатгалгаагаар нас барж байж. Арай л дэндсэн тоо биш үү. Монгол Улсыг онож төрснийхөө төлөө алгын чинээ нялх үрс ердөө л ганц жил орчлонг хараад буцаж байна. Бүр жилд 500-гаараа шүү дээ. Магадгүй заримд нь энэ хэтэрхий их тоо юм шиг санагдаж байж болох. Тэгвэл жил бүр 1-5  настай 100-200 хүүхэд уушгины хатгалгааны улмаас нас барж байна. Утаанаас болоод хүүхдэд дархлаа ч тогтож чадахгүй байна шүү дээ, үнэндээ.

Гэтэл төр засгийнхан утааг бууруулахад чиглэсэн ямар ажил хийсэн билээ өнгөрсөн жилүүдэд. Огт ажил хийгээгүй гэж хэлэхэд хэцүү л дээ. Тэд түлшний хэмнэлттэй зуух тараасан. Утаагүй түлш үйлдвэрлэх гэж оролдсон.

Гэр хорооллыг орон сууцжуулах гэж хичээсэн. Гэвч үр дүн гарсан бил үү, үгүй. Харин ч жилээс жилд утааны хэмжээ, хор нэмэгдсээр байна. Аргагүй шүү дээ, нийслэлийн гэр хороолол жилд дунджаар 5000 айлаар нэмэгдэж, тэр хэмжээний яндан утаа үйлдвэрлэж байхад буурахгүй нь тодорхой. Харин нөгөө талдаа гэр хорооллоос хэчнээн айл нүүж, орон сууцанд орсон билээ.

Ипотекийн зээл яг байгаа оносон бил үү. Нэг орон сууцтай нь хоёртой болж, бага талбайтай байшинтай нь томосгосон л байх. Гэтэл улсны төсвөөс 2011-2015 он хүртэл нийтдээ 135 тэрбум төгрөг утааны эсрэг “дайн”-д зарцуулжээ. Харамсалтай нь энэ “дайн”-д ялалт байгуулсангүй. Энэ мөнгө бол ердөө хэдхэн жилийн хугацаанд зарцуулсан 100 хол давсан тэрбум төгрөг шүү дээ. Гэтэл өчигдөр утааны эсрэг жагсаалд оролцсон хүмүүсийн өгсөн мэдээллээр бол /гэхдээ албан бус мэдээлэл/ утааг арилгахад “Цэвэр агаар” сангаас 93.2, Засгийн газраас 70, Мянган сорилтын сангаас 50 тэрбум төгрөг үрэн таран хийж.

Нийтдээ өнөөдрийн хүртэл 213.2 тэрбумыг зарцуулсан. Үүний үр дүнд утааны хэмжээ л улам нэмэгдэж, Монголын ирээдүй болсон мянга мянган үрс ханиад томуунд дарлуулж, хэвтэх ч эмнэлэггүй гэртээ халуурч хэвтэнэ.  Өнгөрсөн хугацаанд бид энэ их мөнгөөр чухамдаа юу хийлээ. “Утаагүй” зуух тараасныг эс тооцвол тэр гээд хэлчих дорвитой ажил бараг л хийгээгүй. Яах вэ, хуруу дараад тооцвол хийсэн ажил бий бий. Гэхдээ л хамгийн их өргөн хүрээг хамарсан ажил нь “утаагүй” зуух тараах байлаа.

Яах вэ, эхний ээлжинд хийж хэрэгжүүлэх ёстой л ажил байсан болов уу. Харамсалтай нь зуухаа тараачихаад, дараа нь хяналт тавьсан бил үү. Өнөөдөр нийслэлийн гэр хорооллын 200-гаад мянган айлд бүгдэд нь шахуу зуух тараасан. Тэгвэл одоо яваад, шалгаад үзвэл тэдний хэд нь өнөөх зуухаа ашиглаж байгаа бол. Талаас илүү хувь нь хөдөө явчихсан байгаа даа. Өнөө хүртэл үе үеийн Засгийн газрынхны хийсэн ажил нэг иймэрхүү л маягтай байгаа. Ийм байхад яаж утаа буурах вэ дээ.

Хэрвээ үүнийхээ оронд аль хэдийнэ хэдэн цахилгаан станцаа өртгөтгөөд, чадлыг нь нэмээд, гэр хорооллын иргэдийн цахилгааны төлбөрийн шөнийн тарифыг тэглээд явж байсан бол арай өөр байх байлаа. Шөнийн тарифаа тэглээд, нүүрс түлэхийг хориглох талаар ч судалж байсан бол асуудал арай өөр байх байсан. Бүр тэгж ярьвал өнөөдрийг хүртэл үрэн таран хийсэн 213.2 тэрбумаараа орон сууц бариад, иргэддээ 50 хувийн хөнгөлөлттэй оруулчихсан бол 15 мянган айлын яндан хасагдах байсан.

Хар ухаанаар тооцоход шүү дээ. Харамсалтай нь төр засгийнхан тэгсэнгүй, утааны эсрэг тэмцсэн дүр үзүүлээд, заримыг өөрсдийнхөө халаасанд хийгээд, ганц хоёр хүнд ял оноосон болоод л дууссан.  Харин эцэг, эхчүүд утааны эсрэг жагсана, тэмцэнэ гэхээр л Ерөнхий сайд нь мэдээлэл хийж, ирэх оны эхнээс гэр хороолллын цахилгааны шөнийн тарифыг тэглэх асуудлыг ярилаа. Оройтож гарч байгаа ч хамгийн зөв алхам.

Гэхдээ зүгээр л шөнийн тарифыг тэглэлээ гээд бүх зүйл шийдэгдчихгүй. Цаашлаад гэр хорооллыг цахилгаанаар халаадаг болох асуудлыг шийдэх хэрэгтэй. Ядаж л гуравны нэг нь халаалтаа цахилгаанаар шийдчихвэл утааны асуудал бага ч гэсэн шийдэгдэнэ. Үндсэндээ одоо байгаа утаа гурав дахин буурна гэсэн үг.

Энэ бол ойрын 2-3 жилийн дотор яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээ. Тэр гэр хорооллыг орон сууцжуулаад, эсвэл төвийн шугамд холбоод утаанаас салах “үлгэр” бол удаан яригдах асуудал. Тиймээс цахилгаан станцуудын хүчин чадлыг нэмэх, гэр хорооллын айл өрхөд цахилгаан халаалтын орчин үеийн техник технологийг хямдралтай үнээр худалдах асуудлыг ч шийдэх шаардлагатай байна.

Тэгэхгүй бол бид гамшгийн бүсэд амьдарч, бүх нийтээрээ хордож дууслаа. Монгол Улс ердөө л гуравхан сая хүнтэй. Түүнийх нь тал нь Улаанбаатар хотод, утааны бүсэд, аюултай, хортой орчинд амьдарч байна. Өнөөдөр ямар нэг өвчлөлөөр нас барж байгаа бүх хүний бурханы орныг зорьж байгаа шалтгааныг утаа гээд хэлчихэд нэг их буруудахгүй.

Тийм болохоор эрх баригчид, засаг төрийнхөн утааны эсрэг тэмцэх мөнгө хөрөнгөө амин хувьдаа авч ашиглахгүй баймаар байна. Дээрээс нь зөв зүйлийн төлөөх тэмцэлд арай ахиухан мөнгө зарцуулах хэрэгтэй шүү дээ. 2017 онд утаатай тэмцэхэд зориулж дөрөвхөн тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэтэл үүнээс өөр хэрэгтэй, хэрэггүй хөтөлбөрт 10 дахин их мөнгө төсөвлөөд л байж байна. Хэрвээ бид утаанаасаа салахгүй бол хэчнээн сайхан тохилог, өнгө үзэмжтэй, өндөр барилгатай, шил толь болсон  Улаанбаатарт амьдраад яах вэ дээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.