Сонгуулиар “өвдөг шороодсон” АН-ынхан намаа шинэчлэх ажилд ханцуй шамлан ороод байгаа. Амтай болгон л шинэчлэл ярьж байна. Бүгд нэгэн дуугаар намаа шинэчлэх ёстой гэж байгаа ч яг яаж шинэчлэх нь тийм ч тодорхой биш. Яахав, удаан хуралдаагүй байсан ҮЗХ-ны хурлаа хийж, Их хурлаа ч гэсэн хийгээд амжсан. Энэ мэт хуралдааны дараа намын даргаа нийт гишүүд, дэмжигчдийнхээ саналаар сонгохоор болсон. Яриад байгаа шинэчлэлийнх нь эхлэл энэ юм. Улмаар намын даргын сонгуульд 5 хүн өрсөлдөхөөр болж, яг одоогоор сурталчилгаагаа хийж байгаа. Тавуулаа хамтдаа явж, 21 аймгийг тойрох юм билээ. Намын даргад нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авахад З.Энхболд багцалсан сум өгч, эвтэй байхыг сануулсан.
Тухайн үед ч нөхдүүд хоорондоо эвтэй байхаа илэрхийлж, бие биенээ хүртэл уриалж байлаа. Харин сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш өнөөх нэг зүг рүү харж, намаа шинэчлэхийн төлөө зүтгэх хүмүүс бие биенийгээ гөвшөөд эхэллээ. Үндсэндээ таван сумны цаадах “дайн” өрнөөд байна. Сүүлийн үед сошиал сүлжээ ашиглан нэгнийхээ эсрэг хар пи ар хийх явдал нэлээд идэвхжиж эхэллээ. Дээрээс нь нэр дэвшигчдийн марафонд тэр ч өнгөлж байна, энэ ч түрүүлж байна гэсэн судалгаа баахан гарлаа. Нэг болохоор Ж.Батзандан тасархай түрүүлж давхиад, өөр нэгний судалгаагаар Л.Гантөмөр ч тэргүүлээд л. Гурав дахь судалгаагаар нь С.Эрдэнэ ч магнайлчихсан явах шиг.
За тэгээд цаашилбал, С.Эрдэнэ гишүүнийг Баянголыг эзэмшсэн, АН-ын даргын сонгуулийн штабын дарга, нарийн бичгээр өөрийнхөө хүнийг тавьсан гээд л баахан гөвшлөө. Л.Гантөмөрийг Өгээдэй хааныг архичин гэлээ, түүхээ мэддэггүй, ийм хүн боловсролын сайд байж гээд л баахан муулж эхлэв. Гэх мэтээр хар пи ар ашиглаж эхэллээ. Мэдээж таван хүн өрсөлдөж байгаа учраас бие биенийхээ эсрэг л ажиллаж таарна л дээ. Гэхдээ намаа шинэчилнэ, сайхан нээлттэй, шударга өрсөлдөнө гэж байсан хүмүүс яав аа.
Ядаж байхад намын шинэчилсэн бүртгэл нь урагшаа ахихгүй байна. Уг нь АН 180 мянган гишүүнтэй гээд байгаа. Эдгээр гишүүдийн саналаар даргаа сонгоно гэсэн. Гэвч шинэчилсэн бүртгэлд ердөө л 10 хувь нь буюу 18 мянган хүн бүртгүүлсэн гэх мэдээлэл байна. Яахав, бүртгэлийн хугацаа дуусах дөхөөд ирэхээр жаахан эрчимжих байх. Гэхдээ л сайндаа л 30 мянган хүн болбол их юм. Дээрээс нь дүүрэгтээ нөлөөтэй хүмүүс нь өөрийг нь дэмжих олон хүнийг шинэчилсэн бүртгэлд хамруулж байгаа гэх хардлага ч гарч эхэллээ. Өөрөөр хэлбэл, “Алтангадас”, “Шонхор” гэсэн хоёр фракцийн хооронд нэлээд ширүүхэн өрсөлдөөн өрнөх нь гэсэн таамалаглал гарч ирээд байна.
Уг нь АН-ынхан нэр дэвшигчдийн гайгаас болоод нам хэтэрхий хуваагдах вий гэж болгоомжлохдоо тус тусдаа сурталчилгаа хийхийг хүртэл хориглосон. Гэвч хэн нэгний эсрэг хар пи ар хийхийг хориглоогүй. Энэ талаар намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Сурталчилгааны явцад намын гишүүдээс хэн нэгэн хүний захиалгаар нэр дэвшигчийг магтаж байна гэсэн гомдол, санал ирсэн. Гэвч сонгуулийн журамд нэр дэвшигч бие даасан сонгуулийн штаб байгуулж болохгүй гэж заасан болохоос намын гишүүн тухайн хүнийг магтах, дэмжих нь нээлттэй. Нэр дэвшигч өөрийн биеэр явж ганцаарчилсан уулзалтууд хийхийг нь хориглосон юм” хэмээн ярьсан байсан.
Энэ бол хэн илүү мөнгөтэй, хэвлэлтэй нь хар пи ар хийж, бусдыгаа муулж болно гэсэн эрхийг нээгээд өгчихсөн хэмээн ойлгож болно. Мэдээж намын дарга болохыг хүсэхгүй хүн гэж юу байх билээ. Гэхдээ тэдний энэ толхилцоон өнөөх намын шинэчлэл гэдгийг чинь үгүй хийгээд байгаа юм биш үү. Хар пи ар хийж биш, бодлого ярьж л өрсөлдөх хэрэгтэй байсан юм. Одоо ч нэг их оройтоогүй байна. Ингэж нэгнээ муучлахыг болиулчих хэрэгтэй шүү дээ. Түүний оронд зарим нэг дэвшигч шиг өөрийнхөө бодлогыг сурталчлаад, яриад явбал сайнсан. Цаашлаад нэр дэвшигчдийг уулзалтыг телевиз, хэвлэлийн хэрэгслээр дамжуулах хэрэгтэй байна даа. Тэгж байж л жинхэнэ юм хийж чадах, намыг шинэчлэх хүнийг сонгох учиртай.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.