Ерөнхийлөгчийн сонгуульд олон нам нэр дэвшигчээ өрсөлдүүлэх боломжийг хаасан уу

Ерөнхийлөгчийн сонгуульд олон нам нэр дэвшигчээ өрсөлдүүлэх боломжийг хаасан уу

Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сүүлийн үед улс төрийн намуудын анхаарлын төвд ороод байгаа асуудал болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Улмаар гишүүдийн 86 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлээд байна.

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын болон орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулийг тусдаа хуулиар зохицуулах шаардлага байна гэсэн саналыг ирүүлсний үндсэн дээр УИХ-ын гишүүн Н.Энхболд тэргүүтэй таван гишүүн уг хуулийн төслийг боловсруулсан байна. Төслийг боловсруулахдаа олон намын төлөөлөлтэй байсан УИХ-ын үед батлагдсан Сонгуулийн нэгдсэн хуульд багтаасан Ерөнхийлөгчийн сонгуулийн хуультай холбоотой үзэл баримтлалыг суурь болгосон гэнэ.

Тухайлбал, УИХ-д суудалтай нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ дэвшүүлнэ. Нэр дэвшигчид өгөх хандивын хэмжээг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар баримталсан хэмжээнд байхаар төсөлд тусгасан. Нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглахад авах зөвшөөрлийг Сонгуулийн төв байгууллагаар дамжуулан Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгодог байсныг шууд Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгохоор, мөн нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шууд Авлигатай тэмцэх газарт гаргаж, тус байгууллагаас тодорхойлолт авч өгдөг байхаар өөрчлөлт оруулсан нь цаг хугацаа болон шат дамжлагыг багасган, байгууллагуудын эрх, үүргийг илүү тодорхой болгосон байна.

Саналын нууцлалыг хадгалах битүүмжилсэн хавтас, дугтуйны зардлыг Улсын төсвөөс санхүүжүүлэх санхүүжилтэд нэмж оруулах шаардлагатай гэж Сонгуулийн төв байгууллагаас санал гаргасныг төсөлд тусгажээ. Энэ нь өмнөх сонгуулийн үед гарсан маргааныг дахин гаргуулахгүй байх боломж бүрдүүлнэ гэж үзсэн байна.

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ШАТАНД:

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сүүлийн таван жил эх орондоо байнга оршин суусан гэдэгт зургаан сарын хугацаанд гадаадад амьдраагүй байх гэж яагаад оруулсан юм бэ. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн агуул­гыг өөрчилсөн байна. Ерөнхий­лөгчийн сонгуульд олон нам нэр дэвшигчээ өрсөлдүүлэх боломжийг яагаад олгохгүй байгаа юм бэ. Сурталчилгааных хугацааг яагаад сунгасан юм.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Үндсэн хууль зөрчсөн заалт байхгүй. УИХ-д суудалтай нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ дэвшүүлнэ гэж заасан байдаг. УИХ-д суудалтай нам гэж хэнийг хэлэх вэ гэдгийг тодорхойлсон байдаг. УИХ-д суудалтай нам нь дангаараа нэг, нэг хүн дэвшүүлнэ үү, хамтраад дэвшүүлнэ үү чөлөөтэй. Энэ бүх эрх нь нээлттэй. Нам бус хүнийг ч гэсэн зөвшөөрлийг нь авсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлж болно гээд байж байгаа. Сурталчилгааны хугацаа өмнөх хуульд 18 хоног байсныг сунгаж, 22 хоног болгосон. Ингэснээр нэр дэвшигч бүртгүүлээд шууд сурталчилгаагаа эхлүүлэх боломжийг нээсэн.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Монгол Улсын Ерөнхий­лөг­чийн сонгуульд нэр дэвшигч нь гадаад улсад зургаан сараас дээш хугацаагаар амьдарч болох­гүй гэдэг заалт оруулчихсан байна. Энийг Үндсэн хуульд заагаагүй. Парламентад суудал бүхий намууд хамтаръя гэхээр хоёрхон нэр дэвшигч гарах гээд байна. Би аль болох олон хүн өрсөлдөөсэй л гэж бодож байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:

-Суудалгүй намтай хамтраад нэр дэвшүүүлсэн ч хорьсон юм байхгүй. Цаад нам нь дэмжээд л оролцоно биз. Хоёр нам нийлэхэд нэг л хүн нэр дэвшүүлнэ. Энэ хуульд Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь 45 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан гэж, зургаан сараас дээш хугацаагаар гадаадад оршин суугаагүй гэж бичсэн нь, та нарыг өмнөх парламентад олонхи байх үед баталсан хуульд заасан заалт юм.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-УИХ болоод орон нутгийн сонгуулийг бие даасан хуулиар зохицуулна гэж ойлгож болох уу. Ард түмний саналыг бусниулчихгүйгээр, саналын дүнг бодитойгоор нь гаргаад ирэх Сонгуулийн ерөнхий хорооны даргаа томилчихоод Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиа хэлэлцдэггүй юм уу. Төсөл санаачлагч та хэдэн жилийн өмнө “Ч.Содномцэрэн дарга арын олон хаалгатай юм,олохгүй байна” гээд ярьж байсан. Сонгуулийн дараа Ч.Содномцэрэн даргыг олохгүй байна, олон хаалгатай юм” гээд яриад сууж байх вий.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:

-Энэ удаад Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиа тусад нь оруулаад ирсэн. Дараа нь УИХ, орон нутгийн сонгуулийн хуулийг оруулж ирнэ. Төлөвлөсөн байгаа. Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага хуультай шууд холбоотой биш. Дан ганц миний мэдэх асуудал биш. УИХ-ын шийддэг асуудал гэдгийг хэлье.

САНАЛ ХЭЛЭХ ШАТАНД

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Ноднин жил сонгууль тулгаж байгаад хууль батлахад би оролцоогүй, эсэргүүцэл илэрхийлэх хэлбэрээр. Өнөөдөр Үндсэн хуулийн хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг оруулж ирж байгааг дэмжиж байна. Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуулийг гурван тусдаа хуулиар зохицуулах ёстой юм. Яагаад гэвэл журам нь өөр, өөр байдаг. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд хандив гэдэг юм байдаг. Гэтэл энэ сонгуулийг зохион байгуулахын тулд улсын төсвөөс асар их зардал гаргахаар тусгаж байгаа. Та бүхнээсээ би төрийн тэргүүнийг мөнгөнөөс хол байлгаад өгөөч гэж хүсээд, хандив авдагийг болиулчихаач гэж хүсч байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Жавхлан нарын яриад байгаа асуудлын тухайд УИХ-д суудалтай нам л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй. Энийг өөрчилье гэвэл Үндсэн хуульд гарч хүрч таарна. Үндсэн хуульд гар хүрэхгүйгээр ганц шийдэх боломж бол нэр дэвших сонирхолтой хүн нь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх боломжтой намд л элсэх боломж бий.

УИХ-ын гишүүн С.Жавхлан:

-Хамаг Монголоо дуулаа л нэгтгээд явж байсан шиг энийг би эсэргүүцэж ажиллана. Сонголтгүй сонгууль болох гээд байна. Манай Үндсэн хуулийн тогтолцоо бол яагаад ч амьдралд нийцэхгүй болчихож ээ. Хуулиудаа өөрчлөх хэрэгтэй юм байна. УИХ-д 45-аас доош настай гишүүн олон бий. Гэтэл Үндсэн хуулиараа нэр дэвших боломж алга. Хоёр хөгшин “азарга” уралдах нь дээ . Та нар хөхрөлдөөд инээлдээд байна. Энэ инээд биш шүү, сэтгэл зүрхээрээ засаад явах ёстой. Хэзээ нэгэн цагт орой руу чинь орно шүү.
 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.