Одоо нэгэнт Хөшигтийн хөндийд Олон улсын нисэх онгоцны буудал баригдаад, удахгүй улсын комисс хүлээж авах гэж байхад ийм юм яриад ч хэрэг байхгүй л дээ. Гэхдээ л илүү үглэхгүй байж тэсэхгүй нь. 2006 онд одоогийн УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ Япон улсад айлчилсан Олон улсын нисэх онгоцны буудал барих асуудлыг ярьж, улмаар хөнгөлөлттэй зээлийг шийдвэрлэсэн байдаг.
Дараа жил нь тухай үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэрээ энэ асуудлыг хөндөж ярилцсан байдаг. Үүний дүнд “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төсөл”-ийг хэрэгжүүлэх Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох “MON-P8” хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг 2008 оны тавдугаар сарын 1-нд байгуулж, мөн сарын 29-ндөө УИХ-аар соёрхон батласан юм.
Ингэснээр манай улс Японоос 300 сая орчим ам.долларын хөнгөлөлттэй зээл авч, Олон улсын нисэх онгоцны буудал барьж эхэлсэн нь эдүгээ ашиглалтад ороход бэлэн болчихоод байна. Харин яагаад Хөшигтийн хөндийд барихаар сонгосон юм бол гэдэг нь бас сонин. Мэдээж онгоцны буудал барихад хамгийн тохиромжтой энэ тэр гээд баахан тодорхойлолт байгаа л дээ. Гэхдээ М.Энхболд дарга өөрийн тойрогтоо томоохон бүтээн байгуулалт хийж, барьцаа лавшруулсан алсын хараа ч байсан байж магадгүй.
Гэхдээ Хөшигтийн хөндийд энэ том хэмжээний бүтээн байгуулалтыг хийсэн нь алсыг хараагүй хэрэг биш үү. Өнөөдөр бид Улаанбаатар хотын хүн амын нягтаршлыг бууруулах гэж янз бүрээр оролдож байгаа. Ерөөсөө аль 2006 оны үеэс л нийслэлийг нүүлгэх, шилжүүлэх тухай яриа гарч эхэлсэн. Гэвч одоо болтол ямар нэгэн зоригтой үйлдэл энэ улстөрчдөөс гараагүй л байна. Тэр битгий хэл Улаанбаатар хотоос холхон шиг томоохон бүтээн байгуулалт ч өрнүүлээгүй.
Ганц хийж байгаа ажил нь Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал. Мэдээж энэ нисэх онгоцны буудал ашиглалтад орохоор хэдэн хүн ажлын байраар хангагдана. Тэр хүмүүс Сэргэлэн сумын төвд амьдрах уу. Эсвэл Хөшигтийн хөндийд нэг бяцхан хот босох юм уу. Ямар ч байсан суурин газар бий болох нь л болно. Гэхдээ хоттой ойрхон газар гайгүй суурин газар бий болж чадах уу. Сайндаа л нэг гайгүйхэн сумын хэмжээний суурин босвол их юм.
Цаашлаад Хөшигтийн хөндийд нисэх онгоцны буудлыг дагаад ядаж аялал жуулчлал ч хөгжих боломж хомс. Тэр хавьд үзээд байх юм байхгүй. Аягүй бол нисэх буудлын дарга, удирдах ажилтнууд нь Улаанбаатар хотоос ажилдаа явна даа. Ингээд л хотоос хүн гаргах зорилго бүтэхгүй тийшээ хандаад байгаа юм. Ядаж байхад шинэ нисэх онгоцны буудлын хавийн газруудыг нь манай төрийн томчууд хуваагаад авчихсан юм биш үү.
Юун аялал жуучлалын бизнес эрхлэх. Цаашлаад Хөшигтийн хөндий чинь онгоцны буудал барихад яг тохиромжтой газар байсан уу. Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих Төслийн удирдагч Кимихиро Маэта гэдэг хүн “Салхины хувьд ямар ч асуудалгүй. Асуудал үүсэхэд арга хэмжээ авч болдог. Харин энд гурван жилийн хугацаанд ажиллахад үүл доошилж манан их буудаг нь ажиглагдсан.
Үзэгдэх орчин муу харагдахаас эхлээд нислэг үйлдэж буй нисэгчид хүндрэл үүсэх тал бий” хэмээн ярьсан байна билээ. Энэ асуудал яваандаа том болж босч ирэх вий дээ. Жаахан цаг агаарын сааталтай, бороо, цастай, үүлэрхэг өдөр онгоц бууж болохооргүй болчих юм биш биз. Уг нь эхнээсээ жаахан бодлоготой байсан бол нисэх онгоцны буудлаа Улаанбаатар хотоос арай холхон шиг барьчих хэрэгтэй байсан юм.
Магадгүй нөгөө яриад байсан Хархориндоо ч юм уу. Дэд бүтцийнх нь асуудлыг шийдээд, хуучин цэвэрлэх байгууламжийг засч янзлаад, тэр орчмыг хөгжүүлээд, онгоцны буудлаа барьчих байсан юм. Тэгсэн бол ёстой нөгөө Дархан, Эрдэнэтийн дайны, түүнээс ч том суурин газар бий болох нөхцлийг бүрдүүлж өгөх байлаа. Уг нь Хархоринд Олон улсын нисэх онгоцны буудал барихад хамгийн тохиромжтой гэж судлаад, тогтоосон гэсэн мэдээлэл гарч л байсан.
Дээрээс нь Хархорин орчимд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамгийн өндөр боломжтой. Цагтаа дэлхийн нийслэл байсан түүхэн газраа бид жаахан тордож чадвал аялал жуулчлалын хамгийн том бүс нутаг болгож болно шүү дээ. Одоо ч Хархорин жилээс жилд хөгжиж, дэвжиж байна. Эртний Хархорум хотын туурь, тэр үед байсан 64 баганат буддын сүмийн суурь илэрсэн. Цаашлаад маш олон чухал олдворууд олдож байгаа.
Тэр бүхнээ музейдээ тавиад үзүүлж байна. Мөн Монголын бурхан шашны хамгийн том төв болох Эрдэнэзуу хийд тэнд байна. Орхоны хөндийн дурсгалт газрууд ч бий. Ер нь юм бүхэн тэнд байна шүү дээ. Аялал жуучлал хөгжих бүх боломж байгаа. Гагцхүү жаахан л дэд бүтэц, хөгжил, том бүтээн байгуулалт хэрэгтэй байгаа юм. Тэр том бүтээн байгуулалт нь нисэх онгоцны буудал байх байлаа.
Хэрвээ тэгсэн бол дагаад маш олон бүтээн байгуулалт өрнөнө. Мөн томоохон суурин газар бий болж, хөгжсөнөөр Улаанбаатар хотод чихэлдчихсэн байгаа энэ олон хүнийг бага ч болов цөөлөх байлаа. Ядахын мууд нэг аймгийн хэмжээний хүн Улаанбаатараас гараад явчихвал энэ утаа униар жаахан ч болов буурна шүү дээ. Ийм л ач холбогдолтой бүтээн байгуулалт байлаа. Гэвч Улаанбаатараас холгүйхэн барьчихлаа. Одоо яая гэх вэ, хамгийн гол зорилго болох нийслэлийн хүн амыг цөөлөх ач холбогдолтой байгаасай л гэж залбирахаас, өөр яалтай ч билээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.