Монгол Улс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан. Тэгвэл энэ үйл явдалтай холбогдуулан улс төрийн зарим хүчин, гишүүд, намын дарга нар байр сууриа илэрхийлсээр байна. Өчигдөр орой л гэхэд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ хэвлэлийн хурал зарлаж, өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрбээр “Засгийн газрын өмнөх хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын хувьцаатай холбоотой асуудал нууцын зэрэглэлтэйгээр орж ирсэн. Би Засгийн газрын гишүүний бүрэн эрхийн хүрээнд танилцах хүсэлтэй байгаагаа Засгийн газрын ХЭГ-т хүргүүлсэн. Гэтэл ХЭГ-аас танилцуулах боломжгүй гэсэн тул Ерөнхий сайдаас лавлаж асуухаар орж уулзсан. Тухайн үед Ерөнхий сайд Оросын талын эзэмшдэг хувийг аль нэг талд зарах гэж байгаа. Тэр талаараа ямар нэг танилцуулга хийхгүй гэсэн. Иймд би сэжиглэсэн. Оросын талын эзэмшдэг хувийн ард Монголросцветметийн хувьцааны асуудал давхар яригдах учиртай.
Асуудал нууцын зэрэглэлтэй орж ирж байгаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Засгийн газар хоорондын гэрээний дүрмээ баримталж явах ёстой. УИХ-аар нээлттэй хэлэлцүүлэгдэх ёстой. Иймд сэрэмжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна” хэмээсэн юм.