Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр 12:30 цагт УИХ-ын 56 дугаар тойрог, аймаг нийслэлийн ИТХ-ын 34 дугаар тойргийн гуравдугаар хэсэгт очиж, саналаа өглөө.
Тэрбээр, сонгуулийн санал хураалтын талаар “Нар, хур тэгширсэн сайхан өдөр сонгууль болж байна. Нийт ард түмэндээ сонгуулийн баярын мэнд хүргэе. Үндсэн хуульд олгогдсон эрхийнхээ дагуу Монголын ард түмэн дөрвөн жилд нэг удаа ирэх дөрвөн жилийнхээ өнгийг тодорхойлохийн тулд сонгуульд саналаа өгдөг. Нам, эвслүүд Сонгуулийн тухай хуулийнхаа дагуу сонгуулийн кампанит ажлаа амжилттай хийлээ.
Харин одоо манай ард түмний сонголт мэргэн байна байх. Ард түмний сонголт мэргэн байх болтугай гэж ерөөе. Ирэх дөрвөн жилд Монгол Улсынхаа хөгжлийн төлөө хамтдаа зүтгэцгээнэ” гэв.
Түүний санал өгсөн УИХ-ын 56 дугаар тойргийн гуравдугаар хэсэгт нийт 2200 иргэн санал өгөх ёстой байна. Тус хэсэгт 12:30 цагийн байдлаар 450 иргэн саналаа бөгөөд залуучууд идэвхтэй оролцож байгаа аж.
Энэ талаар тус хэсгийн ахлагч Ё.Оюунжаргал “Манай хэсэгт өглөө 07:00 цагт сонгуулийн машин ажиллаж, иргэдийн саналыг авч эхэлсэн. Одоогийн байдлаар ямар нэгэн зөрчил гараагүй. Харин буруу бөглөсөн хүн тохиолдол гарсан. УИХ-д нэр дэвшигчдээс нэг хүн дугуйлах ёстой байтал хоёр хүнийг сонгосон байсан. Тиймээс тэрхүний саналыг хүчингүйд тооцсон. Манай залуучууд сонгуульдаа маш идэвхтэй оролцож байна. Одоогийн байдлаар нийт 495 хүн өгсөн байна. Энэ нь нийт сонгогчдийн 22.5 хувийг бүрдүүлж байгаа юм” гэв.