Монгол Улсын Засгийн газар эх орныхоо эдийн засгийг өөд нь татаж чадахгүй, зөв бодлого барих чадваргүй дээрээ тулаад, ОУВС-гаас тусламж гуйлаа. Уг нь манайх шиг байгалийн баялагтай, газар тариалан, мал аж ахуй хөгжсөн улс ингэтлээ “модоо барьж”, гаднаас зээл тусламж гуйж, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж явах учиргүйсэн.
Юмны учир мэдэх хүмүүсийн хэлдгээр ядуусаа тэжээж дийлэхгүйдээ биш баячууд нь цадахгүйд л байна гэдэг үнэн бололтой. Ямар ч байсан эдийн засаг хүндэрлээ, ОУВС-гаас зээл авахгүй бол болохгүй нь гэсээр мөнгө авах тохиролцоонд хүрлээ. Гэхдээ “Стэнд бай” биш бүр илүү хатуу нөхцөлтэй, ОУВС-гийн Өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдахаар болчихлоо. Энэ хөтөлбөрийн ганц давуу тал нь хугацаа урттай гэж байгаа.
Гэхдээ монголчууд бид гурван жил бүсээ чангалах бололтой. Монголчууд бид ч юу байх вэ дээ, жирийн иргэд л гэсэн үг. Төр засгийн томчууд, хөрөнгөлөг мөнгөлөг баячуудад энэ бүхэн хамаа ч байхгүй. Ер нь бол ОУВС тийм ч гайхалтай байгууллага биш гэдгийг зарим эдийн засагчид, улстөрчид хэлээд байгаа. Хэрвээ ОУВС, Дэлхийн банк тийм л сүрхий байсан юм бол дэлхийн улсууд яагаад хямраад байгаа юм гэж хэлэх ч хүн байна. Нээрээ ч бас бодох л асуудал.
Тэгээд ядаж байхад манай Засгийн газар төсвийн орлогыг нэмэх, зарлагыг танах тал дээр хийх гэж байгаа ажил нь ерөөсөө л иргэдийнхээ халаасыг сэгсрэх чиглэлтэй байна. Хүн амын орлогын албан татварыг нэмэх, НДШ өсгөх, автомашин, шатахууны онцгой албан татварыг дээшлүүлэх. Тамхи, согтууруулах ундааны татварыг нэмнэ, хадгаламжийн хүүнээс татвар авна ч гэх шиг.
Харин төсвийн зарлага танах тал дээр иргэдийн тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг олгох байх, ойрын хоёр жилдээ цалин нэмэхгүй юм гэнэ. Шатахууны онцгой албан татварыг нэмэхээр дагаад бензины үнэ нэмэгдэнэ. Тэртээ тэргүй одоо нэмэгдчихсэн байгаа. Ирэх намраас бүр тэнгэрт гарах нь тодорхой болох нь. Тэгэхээр дагаад бүх өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэнэ. Хүн амын орлогын албан татвар, НДШ-ийг орлогын төвшинд нийцүүлж нэмнэ гэж яриад байгаа. Яг тэгэх үү, дагаад ажил хийх гэж ядаж байгаа, бизнес эрхэлж байгаа хүмүүсдээ л дарамт нэмэх болоод байна.
Цаашлаад 6-7 төрлийн татвар нэмнэ гээд байгаа. Ингээд л эдийн засгийг өргөх биш өвдөглүүлэх чиглэлийн ажил болчихож байгаа юм биш үү. Ер нь гарах үр дагавар нь их л хэцүүхэн харагдаад байна. Энэ бүхнийг чухам юу гэж тайлбарлах юм бол, Засгийн газраас. Дээрээс нэг зүйлийг гайхаад байна. Манай төр засгийнхны тансаг хэрэглээ маш өндөр. Төсвийн зарлага тал дээр хүүхдийн мөнгө дарга нарын хангамж, элдэв томилолт, дуруураа үрж байгаа мөнгөний дэргэд хэр юм бол доо. Яагаад ОУВС төрийн томчуудынхаа тансаг хэрэглээг тана гэдэг дээр шаардлага тавьсангүй вэ. Тэр том байгууллагын эдийн засагчид манай төр засгийнхны хэрээс хэтэрсэн тансаг хэрэглээг мэдэхгүй биш мэдэж, харахгүй биш харж л баймаар юм. Гэтэл тэд манай Засгийн газарт зүгээр л иргэдийнхээ халаас руу чиглэсэн төсвийн орлого нэмэгдүүлэх бодлого барь л гэж зөвлөлөө гэж үү.
Ердөө л ганцхан жишээ татъя. УИХ-ын дарга М.Энхбол оны өмнө Оросоос авахуулаад хэдэн орноор баахан хүн дагуулаад тэнэсэн биз дээ. Манайхаас гуя хасаа гялалзуулсан хүүхэн энэ тэр нийлсэн 10, 20 хүн. Нөгөө талаас хоёр гурван хүн суугаад уулзалт хийж байгаа зураг нетээр баахан тэнэсэн.
Талцаж зодолдоод, хүний олноор зодох гэж байгаа аятай л явсан даг. Тэд бүгд нэгдүгээр зэрэглэлээр нисч, гадаадад очиж таван одтой зочид буудалд тухалж, улсын төсвийн мөнгийг хэдэн зуун саяар нь үрж байгаа. Энэ мэт үргүй зардлыг хасчихвал төсвийн алдагдал илааршаад л ирэх учиртай. Гэвч ОУВС-гийн эдийн засагчид энэ мэт гаргалгааг харж, манайд шаардлага тавьсангүй юу. Эсвэл Чойжоо сайдын гал хам нь ирээд, төсвийн орлогоо нэмэгдүүл, зарлагаа тана гэсэн юм уу.
Тэгээд манайхан өөрсдөө мэдээд татваруудаа нэмж, хүүхдийн мөнгө энэ тэрээ хасч байгаа хэрэг үү. Хамгийн гол нь Монгол Улс өмнө 4, 5 удаа ОУВС-гийн зээлийг авсан. Тэр болгонд яагаад асуудал цэгцэндээ орж, эдийн засаг сайжирч, төсвийн алдагдал байхгүй болж, бүх зүйл сайхан болсонгүй вэ. Тэгээд одоо зээл авахаар л бүх зүйл сайхан болчихно гэж байх уу. Ийм л асуулт үлдээд байна, энд.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.