ОУВС-гийн ажлын хэсэг өнгөрсөн ням гарагт Засгийн газартай хийж буй хэлэлцээрийн үр дүнг танилцуулж, манай улсыг “Extended fund Facility” буюу өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамруулахаар тохирсоныг зарласан билээ. Гэхдээ энэ нь зөвхөн ОУВС-гийн ажлын хэсгийн шийдвэр бөгөөд ирэх гуравдугаар сард Валютын сангийн захирлуудын зөвлөлийн хурлаар эцсийн шийд нь гарах юм. Тэгвэл энэ талаар дэлхийн хэвлэлд сүүлийн үед хэрхэн мэдээлж буй, түүнийг дагасан эерэг хүлээлтийн талаар “Монгол дэлхийн хэвлэлд” булангаараа сонирхуулахаар бэлдлээ.
yahoo.com: ОУВС-ын зээл Монголыг зээлжих зэрэглэл буурахаас аварлаа
Хэдхэн хоногийн өмнө зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэл буурч болзошгүйг анхааруулж байсан.
Тэгвэл өнгөрөгч амралтын өдрүүдэд ОУВС Монголд шинээр зээл олгох шийдвэрийг гаргаснаар тус улсын зээлжих зэрэглэлийн хэтийн төлөв сэргэхэд тусалж чадлаа. Тус агентлаг даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ тус улсын Хөгжлийн банкны бондыг солих нөхцлөөс хамаарч, зээлжих зэрэглэлийг бууруулах эсэх нь шийдэгдэнэ гэж мэдэгдсэн юм. Харин ОУВС зээл олгох шийдвэр гаргаснаар урт хугацаандаа эерэг дүн авчирах төлөвтэй болжээ.
Энэ талаар “Монголын хөгжлийн банкнаас гаргасан бондод Монголын Засгийн газар баталгаа гаргасан. Хэрвээ энэ бондын өрийг хугацаанд нь төлж чадахгүйд хүрвэл тус улсын зээлжих зэрэглэлийг одоогийн “Caa1” буюу “санхүүгийн чадамж муу, эрсдэлд ороход тун ойрхон” гэсэн ангиллаас “эрсдэлд орж, дампуурал зарлахад хүрсэн” гэсэн ангилал руу оруулж магадгүй” гэж Moody’s өмнө нь мэдэгдээд байсан юм. Ямартай ч, ОУВС-ийн санал болгосон хөтөлбөрийн хүрээнд төсвийн зарцуулалтыг үр ашигтай болгож, бүтэц зохион байгуулалтын шинэчлэлт хийснээр яваандаа Засгийн газар өрийн дарамтаас гарч, эдүгээ шавхагдах дээрээ тулаад буй гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэн нөхцөл байдлыг тогтворжуулахад туслах юм.
sankei.com: Монгол, БНХАУ-ын харилцаа сайжирч эхэллээ
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И тус улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад хэргийн сайд Г.Мөнх-Оргилыг Бээжин хотноо хүлээн авч уулзжээ. Улмаар уулзалтын үеэр Монголтой эдийн засгийн хамтын ажиллагаагаа сайжруулах бодолтой байгаагаа илэрхийлсэн байна. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Түвдийн бурхан шашны тэргүүн, 14 дүгээр Далай лам Монголд айлчилснаас хойш муудсан хоёр улсын харилцаа цаашид дахин сэргэх найдвар ажиглагдаж эхэллээ. Монгол Улс уул уурхайн түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд унасны улмаас эдийн засгийн хямралд өртөж, энэ сарын 19-нд ОУВС-аас 440 сая ам.долларын зээл олгохоор болсон.
Энэ зээлд Япон, БНСУ-аас гадна БНХАУ-ын дэмжлэг ч багтаж буй бөгөөд Гадаад хэргийн сайд Г.Мөнх-Оргил ч уулзалтын дараа болсон хэвлэлийн хурлын үеэр талархлын үг хэлсэн байна. Ван И уулзалтын үеэр Далай ламын Монголд хийсэн айлчлалыг дурьдаж, “Хоёр улсын харилцаанд таагүй зүйл гарсан ч, Монгол гүнээ гэмшиж буйгаа илэрхийлсэн” гэсэн бол Г.Мөнх-Оргил “Буддын шашны асуудал бол БНХАУ-ын дотоод хэрэг бөгөөд Түвд нь БНХАУ-ын салшгүй нэгэн хэсэг юм” хэмээжээ.
Nasdaq.com: Хөгжлийн банкны бонд өсчээ
Монголын Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт багтаж, 5.5 тэрбум ам.долларын зээлийн багц авахаар болсны дараа тус улсын бонд өслөө. Хөрөнгө оруулагчид ирэх гуравдугаар сарын 21-нд эргэн төлөлтөө хийх товтой Хөгжлийн банкны бондыг анхааралтай ажиглаж байсан юм. Тус улсын хууль тогтоогчдод дотоодын бизнес эрхлэгчид болон иргэд нь хандив өргөж, өрийн төлбөр барагдуулахад тусалж байсан.
Тэгвэл уг бондыг Засгийн газар нь своп хэлэлцээрээр шинээр солих сураг дуулдсан даруйд үнэ нь хоёр центээр чангарсан байна. Харин 2018, 2021 болон 2022 оны бондуудын үнэ 1.1, 3.9 болон 4.2 центээр тус бүр өссөнийг “Tradeweb”-ийн мэдээллээс харж болно. Түүнчлэн, “Монголын нөхцөл байдал сайжирна гэж удаан хугацаанд хүлээлээ” гэж “Allianz Global investors” компанийн хөгжиж буй зах зээлтэй орны хөрөнгө оруулалтын шинжээч Шахзад Хасан хэлжээ. “Энэхүү үйл явдал нь тус улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдыг татахад дөхөм болно. Ингэснээр Монголд хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлж, тус улсын эдийн засагт эерэг үр дүнг авчирна” гэж тэрбээр мөн нэмж хэлсэн байна.
Монголчууд энэ долоо хоногт Хөгжлийн банкны бондыг свопоор солих талаар хөрөнгө оруулагчидтай уулзах товтой байна. Бондыг солих нөхцлөөс хамаараад бонд “Дефолт” болох эсэх нь шийдэгдэнэ гэж даваа гарагт “Moody’s” агентлаг анхааруулсан. Олон улсын үнэлгээний тус агентлаг цөөн хоногийн өмнө тус улсын Хөгжлийн банкны эл бондыг “дефолт” гэж үнэлэх магадлалтай байгаа учраас зээлжих зэрэглэлийг нь бууруулж магадгүй тухайгаа зарласан. Гэхдээ ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдвал Монголын төлбөрийн чадварт эергээр нөлөөлөх магадлал байгааг тэмдэглэж байжээ.
“Fitch” Монголыг “B-“ ангилалд үлдээлээ
Дэлхийн улс орнуудын зээлжих зэрэглэлийг тогтоодог гурван том агентлагийн нэг “Fitch” Монгол Улсын урт хугацааны гадаад болон дотоод санхүүгийн эрсдэлийг “B-“ ангилалд үлдээж, хэтийн төлвийг “Тогтвортой” гэж үнэллээ. Түүнчлэн, богино хугацаанд гадаад болон дотоод санхүүгийн эрсдэлийг “B” ангилалд багтаажээ.
Тус агентлаг өнгөрсөн арваннэгдүгээр сард гадаад валютын нөөц багассан, бондын эргэн төлөлтөөс үүдэлтэй зээлийн хүүгийн дарамт зэрэг шалтгаанаар Монгол Улсын зээлжих зэрэглэлийг В байсныг В- болгон бууруулж, эрсдэл өндөр анхаарах шаардлагатай, бондын байдал эрсдэлтэй үнэлгээний зэрэглэлд багтааж байсан юм. “Fitch” агентлагийн зүгээс Олон улсын валютын сангийн тусламжтайгаар ирэх гуравдугаар сарын 21-нд эргэн төлөгдөх нөхцөлтэй Хөгжлийн банкнаас гаргасан Засгийн газрын баталгаатай бондын хүүгийн 580 сая ам.долларын төлбөрийг санхүүжүүлэх боломжтой болсноор ийнхүү хэвээр үлдээжээ.
ОУВС-гийн ажлын хэсгийн төвшний хэлэлцээр амжилттай болсон нь Монгол Улсын одоогийн хөрвөх чадварыг нэмэгдүүлж, ойрын хугацаанд төлөгдөх шаардлагатай байгаа гадаад өрийн төрбөрийг хангаж чадна гэж тэд тус агентлагийн шинжээчид үзсэн аж.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.