Э.Бат-Үүл: МАН эрх мэдлийг хүчээр булааж байгаа

Э.Бат-Үүл: МАН эрх мэдлийг хүчээр булааж байгаа

Нийслэлийн Баянзүрх дүүргийн асуудлаар Нийслэлийн Ардчилсан Намын дарга Э.Бат-Үүл, АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай "Баянзүрх дүүргийн ИТХ-ын 41 суудлын 22-ыг АН, 19 суудлыг нь МАН сонгуулийн үр дүнд авсан.

Харамсалтай нь эрх баригчид хагас жилийн хугацаанд энэхүү үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй хойшлуулсан. 60, 64 гэсэн хоёр тогтоол гаргасан ч түүнийг нь гурван шатны захиргааны шүүхээс хүчингүй гэж үзсэн. Гэтэл дахин 11, 12 гэсэн хоёр тогтоол гарган нийслэлийн Засаг дарга С.Батболд тус дүүргийн Засаг даргыг томилсон. Мөн Баянзүрх дүүрэгт болсон үйл явдалд цагдаагийн байгууллага эрх баригчдын гар хөл болж оролцсон тул Цагдаагийн газрын дарга, Ерөнхий Прокуророос тайлбар шаардах болно.

Энэхүү асуудал нь өнгөц харахад,  ганц дүүргийн асуудал юм шиг боловч ардчилсан Үндсэн хуулинд халдсан, иргэдийн сонгох сонгогдох эрхэд халдсан мөн хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан үйл явдал боллоо хэмээн харж байна. Мөн өчигдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт “Дүнжингарав” өвлийн уралдаан боллоо. Манай улс нь бүх төрлийн хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг үл хүлээн зөвшөөрөх НҮБ-ын конвенцид нэгдсэн.

Нөгөөтэйгүүр шүүхээс тус уралдааныг түр түдгэлзүүлсэн байхад эл уралдааныг зохион байгууллаа. Ардчилсан хувьсгалаар бид уламжлалаа сэргээсэн. Гэхдээ уламжлалаар түрий барьж эл уралдааныг зохион байгуулж болохгүй. Хэрэв уралдаантай холбоотой ямар нэг асуудал үүсвэл Монголын Морин спорт уяачдын холбооны тэргүүн М.Энхболд хариуцлагыг хүлээх ёстой” гэлээ.

Харин ХахрНийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл “Баянзүрх дүүрэгт үүсч буй нөхцөл байдал ямар ноцтой болж байгааг олон түмэнд зориуд сонордуулах үүднээс би энэ хэвлэлийн хуралд ирээд байна. Баян зүрх дүүрэг дээр болж буй шиг ийм үйл явц орон даяар өрнөж байна.  Орон нутгийн сонгуулиар АН 104 суманд ялалт байгуулсан. Завхан аймагт ялсан АН цэвэр ялсан учир аймгийн засаг дарга болон сумдын засаг дарга нар хуулийн дагуу явагдсан. Ганц, Баянзүрх дүүрэг гэлтгүй, бусад 74 сумын засаг дарга нарыг томилоогүй байна.

Орон нутгийн сонгууль явагдаад таван сар өнгөрчихлөө. Сүхбаатар аймгийн засаг даргыг батламжлахгүй, Баянзүрхтэй адилхан өөр хүнийг шууд батламжлах үйл ажиллагаа явагдаж байна. Хуулиараа засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байж, хууль бусаар булаахыг хориглосон. Гэтэл ард түмний эрх мэдлийг МАН хүчээр булааж байна. Үүгээр зогсохгүй, шүүхийн хараат бус байдлыг алдагдуулж, шүүхийн шийдвэрт хүртэл нөлөөлж байна” гэлээ. Дашрамд дуулгахад, Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудлаар жичдээ хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өгнө гэсэн юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.