Хэн юу хэлэв

Хэн юу хэлэв

Өнгөрсөн долоо хоногт сар шинийн золголт үргэлжилж, Олон улсын эмэгтэйчүүдийн баяр болж өнгөрсөн билээ. Эдгээр өдрүүдэд үйл явдал нам жим байсан ч үзэл бодлоо илэрхийлэх хүмүүс байлаа. Ингээд энэ удаагийн “Хэн юу хэлэв” булангаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Алдарт эхийн одонтой 1000 ээжийг хүлээж авах ёслолын ажиллагаанд хэлсэн үгээр эхлүүлж байна.

Ц.Элбэгдорж: Гэр бүлийн, улс орны сайн сайхан эмэгтэйчүүдээс хамаардаг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Алдарт эхийн одонт ээжүүдийн холбооноос зохион байгуулдаг одонтой эхчүүдийн чуулга уулзалт энэ сарын 08-нд Төрийн ордны Их танхимд болсон билээ. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, монгол түмний уламжлалт их сайхан баяр, цагаан сар болоод удаагүй байгаа тул ээжүүдтэйгээ золгохын зэрэгцээ энэ жил архи, сархадгүй сайхан шинэлсэн тухай онцолсон юм. Мөн Ерөнхийлөгч “Төрийн ордонд одонтой ээжүүдийнхээ төлөөллийг цуглуулж, ярилцаж, хамтдаа баярладаг уламжлал сүүлийн хэдэн жилд тогтоод явж байна.

Гуравдугаар сарын 8 дөхөөд ирэхээр энэ уулзалтыг сурагладаг, энэ үйл ажиллагаанд оролцох юмсан гэж ээжүүд хүсдэг. Ээжүүдээ баярлуулах гэсэн хүүхдүүд, хань ижил нь сурагладаг, ийм эрэлттэй арга хэмжээ болж байгаа юм. Цаашдаа ч энэ үйл ажиллагаа үргэлжлээсэй гэж бодож байна. Одонтой ээжүүд цуглахаар энд их сайхан эрчим хүч бий болдог. Сайхан ерөөл бие биедээ хэлдэг. Сайхан хайр улс орон даяар эх орон даяар тардаг байх аа. Төрийн ордонд цугласан, улс орны өнцөг булан бүрээс ирсэн нийт одонтой ээжүүдийнхээ нэрийн өмнөөс, биднийг хараад, баяраа тэмдэглээд сууж байгаа нийт ээжүүддээ, нийт эмэгтэйчүүддээ, охиддоо, нийт Монголын ард түмэндээ халуун баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Аливаа улс орны сайн сайхан, амжилттай, гэрэл гэгээтэй зүйл гэр бүлээс эхэлдэг. Айл өрх амжилттай сайн явахын тулд ээжүүдийн оролцоо, үүрэг их байдаг. Айл сайн явъя гэвэл ээжийн хариуцлага, ажил их чухал. Ямар ч эгэл амьдрал ээж хүнээс эхэлдэг гэж би боддог. Гэр бүлийн сайн сайхан тэр гэрийн ээжээс эхэлдэг гэж боддог. Улс орны сайн сайхан ч гэсэн ээжүүдээс, эмэгтэйчүүдээс хамаарч явдаг. Би хувьдаа ээжүүдээрээ, эмэгтэйчүүдээрээ их бахархаж явдаг. Манай эмэгтэйчүүд, ээжүүд энэ үүрэг хариуцлагаа хамгийн сайн мэддэг, хамгийн сайн мэдэрдэг, хамгийн сайн биелүүлж явдаг хүмүүс гэж боддог. Ээжүүд маань энэ улс оронд, гэр бүлд хамгийн хүнд, хамгийн хариуцлагатай ачааг үүрч явдаг. Тэгэхээр манай Монголын төр, засаг бүх шатандаа ээжүүдийнхээ асуудал руу, эмэгтэйчүүдийнхээ асуудал руу онцгой анхаарч явах шаардлагатай.

Ингэх юм бол улс гэр маань тайван, амгалан, бидний хүсч байгаа сайн сайхан амьдрал бий болоход их түлхэц, нөлөөтэй. Энэ жил алтан тахиа жил гарч байна. Алтан унжлагат тахиа жил гэж ярьж байгаа. Тахиа жилийн бас нэг онцлог байгаа. Ер нь жил жил өөрийн онцлогтой гэж ярьдаг. Тахиа жил бол зүтгэсэн хүнд хайр ивээлээ хайрладаг жил гэж манай ахмадууд ярьж байгаа. Хүн зүтгэлтэй байх юм бол, хөдөлмөрлөж чадах юм бол, ажилтай байх юм бол манай иргэд, гэр бүл, ээжүүд бүгдээрээ амжилттай байх боломж байна гэж үзэж байгаа. “Хүн эхээс төрөх бол хорвоогийн хамгийн үнэн” гэдэг. Энэ бол миний ээжийн надад хэлсэн үнэн байгаа юм.

Би ээждээ одонгийн хүүхэд болж төрсөн. Энэ сайхан өдөр, ийм олон мянган ээжийн төлөөлөл болсон одонтой ээжүүдтэйгээ ингэж уулзаж, сэтгэл санаагаа хуваалцдаг боломж гардагт би их баярладаг. Энэ өдрийг хүлээдэг. Жил бүхэн та бүхний надад өгдөг цэцэг, та бүхний надад хандсан сайхан хандлага, энэ алга ташилт, энэ бүхэн надад их урам зориг болдог. Та бүхэндээ их баярлаж явдаг шүү гэдгийг хэлье. Ээжтэйгээ уулзах шиг сайхан байлаа шиг үнэхээр ээжтэйгээ уулзаж байгаа юм шиг ийм сайхан мэдрэмж та бүхний дэмжлэг, алга ташилтыг сонсоод төрж байна. Монголын ээж бүхэн баяртай, аз жаргалтай байх болтугай” хэмээсэн юм.

Т.Доржханд: ОУВС-ийн тавьсан шаардлага биелэгдэх бүрэн боломжтой

Эдийн засагч Т.Доржханд ОУВС-гийн “EFF” буюу Өргөт­гө­сөн санхүүжилтийн хөтөлбөр болон Монгол Улсын эдийн зас­гийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлжээ. Тэр­бээр “ОУВС-ийн тавьсан шаард­ла­га биелэгдэх бүрэн боломж­той гурван шаардлага. Нэг нь биел­сэн. Ипотекийн зээлийг Төв банк санхүүжүүлэхээ зог­соож, хөтөлбөрийг Засгийн га­зарт шилжүүлэх шаардлага тавьсан. Ямар ч улсын Төв банк мөнгө хэв­лэж, Засгийн газ­рын агент­ла­гийн үүргийг гүй­цэт­гэ­дэг­гүй. Тиймээс Валютын сангийн тавьсан энэ шаардлага зөв бөгөөд биелэгдэх боломжтой шаардлага юм. Хоёрт, 2017 оны төсөвт тодотгол хийж, орлого нэмэх, зардлаа хэмнэсэн хуулийн төслийг хэлэлцэх шаардлага тавьсан. Өнөөдрийн нөхцөлд Монгол Улс бүхлээрээ хямарсан байна.

Хямарсан үед бид санхүүгийн сахилга батыг сайжруулах ёстой. Орлого талдаа боломжтой эх үүсвэрийг цуглуулах, нөгөө талд үр ашиггүй зардлыг бууруулах ёстой. Гуравт, санхүүгийн салбарт үнэлгээ хийнэ. Өнөөдөр санхүүгийн салбарын 96 хувийг банкны сектор эзэлж байна. Гэтэл энэ том систем болохгүй байна, нэг бүрчлэн шалгах эрхийг холбогдох байгууллагуудад өгч, энэ ажлыг эхлүүлнэ гэсэн үндсэн гурван нөхцөлийг ОУВС тавьсан. Аль, аль нь биелүүлэх боломжтой бөгөөд яаралтай хийх нь зүйтэй. Сайн, муу хөтөлбөр гэж байдаггүй. Харин хэр хэрэгжүүлэхээс хөтөлбөрийн үр дүн хамаарна.

Тухайн хөтөлбөр эдийн засаг нь ямар хэмжээний хямралтай нөхцөл байдалд байна гэдгээс хамаарч Засгийн газар Валютын сантай эмчилгээний хөтөлбөрөө тохироод явдаг зарчимтай. Хоёр жилийн өмнө манай улс Валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрийг авах боломжтой байсан. Гэхдээ өмнөх Засгийн газар авч чадаагүй. Магадгүй улс төрийн сонгууль тулчихсан нь нөлөөлсөн байх. Харин энэ Засгийн газрын хувьд ОУВС-гийн хөтөлбөрийг авч байгаа нь сайн. Дараагийн сонгууль хүртэл хангалттай хугацаа байна.

Хөтөлбөр гурван жил хэрэгжих нөхцөлтэй. EFF хөтөлбөрийн давуу тал нь бүтцийн өөрчлөлт, үр ашгийг шингээсэн учраас бусад хөтөлбөрөөс урт хугацаатай байдаг. “Стэнд бай” хөтөлбөр төсөв, мөнгөний бодлогын арга хэмжээг сайжруулахад чиглэсэн 12-18 сарын хугацаатай хөтөлбөр бөгөөд ОУВС зөвлөмж өгөөд гараад явчихдаг. Өнөөгийн Монголын эдийн засаг гүн хямарсан. Тухайлбал, төлбөрийн баланс алдагдалтай, улсын нөөц хасахтай байна.

Энэ оны эхний улиралд Хөгжлийн банкны 580 сая, ирэх онд 500 сая ам.долларын өр төлөх эх үүсвэргүй сууна. Эх үүсвэрийн асуудлыг хэрхэн шийдэх вэ гэхээр бодлогын хувьд эрүүл арга хэрэгслээр удирдахаас өөр аргагүй. Өөрсдөө шийдье гэхээр дотоодын чадавхи сул, санхүүгийн сектор тогтворгүй, эрсдэлтэй байна. Тиймээс Валютын сангийн дэмжлэгийг авч, төсөв, төлбөрийн балансаа сайжруулах хувилбарыг сонгож байна” хэмээжээ.

Б.Чойжилсүрэн: Оны төгсгөлд бүх салбарын асуудал гайгүй болоод ирнэ

Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Засгийн газар долоон жилийн хугацаатай, жилийн 7.625 хүүтэй  бонд гаргасан. Ингэснээр гуравдугаар сарын 21-нд төлөх 580 сая ам.долларын асуудлыг шийдлээ. Бид хоёр бонд гаргасан. Үүний 82 хувь нь Хөгжлийн банкны бонд эзэмшиж байсан хүмүүсийнх. Үүнийг Засгийн газрын бондоор сольж авсан. Үлдсэн 18 хувьд нь 124 сая ам.доллар.

Шинэ бонд гаргахад 3.3 тэрбум ам.доллар нь гаргасан. Хүүгийн хувьд аль өнцгөөс нь харахаас шалтгаална. Түрүүчийн Засгийн газрын үед 10.825 байсан. Үүнтэй харьцуулахад бага. Чингис бондын хүү 4.125 байсан. Үүнтэй харьцуулахад өндөр.

Манайх анх “Чингис” бондыг гаргаж байхад нийт өрийн хэмжээ 28-хан хувьтай байсан” хэмээн ярьжээ. Мөн ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах талаар “Тодорхой долоон төрлийн татвар нэмэхээр байгаа. Үүнийг хэрэгжүүлэхгүйгээр ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихгүй. 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хадгаламжийн хүүгээс татвар авах байсныг 2017 оны дөрөвдүгээр сарын нэгэн болгож урагшуулах шийдвэр гарсан. Хадгаламжийн хүүнээс татвар авахад ямар нэг хязгаарлалт хийхгүй. Орлого зарлагын баланс алдагдсан байна. Бусад улс оронд орлого зарлага нь тэнцүү байдаг. Орлогоосоо зарлага нь даваад байхаар өрийн таазаасаа даваад явчихаж байгаа юм. ОУВС-гаас зорилтот хөтөлбөрөө нийгмийн халамжид чиглүүл гэж байгаа.

Тиймээс “Цалинтай  ээж”, Насны хишиг” хэрэгжээд явж байна. Хүүхдийн мөнгийг 60 хувьд биш 40 хувь болох зорилтот бүлэгт өг. Үлдсэн 20 хувийг нь буцаагаад эмзэг бүлгийн хүүхдүүдэд хоолны талон болгож олго гэж байгаа. Долдугаар сарын 01-ээс л шатахууны онцгой албан татвар нэмэгдэнэ. Бусад улс оронд онцгой албан татвар нь ДНБ-ийхээ найман хувь хүртэл өндөр байдаг.

Гэтэл манайд хоёр хувь ч хүрэхгүй байгаа шүү дээ. Ер нь он дуустал хэсэг хугацаанд бүсээ чангалах бодлого барина. Оны төгсгөлд бүх салбарын асуудал гайгүй болоод ирнэ. Валютын урсгал ч гайгүй болно. Энэ нь мэдрэгдэх байх. Энэ жил нэг тэрбум орчим ам.долларын төсвийн алдагдлыг ОУВС-гийн өөрийнх нь хоёр хувиас доошгүй хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ. Хамгийн гол нь өрийн тогтвортой байдлыг үүсгэх хэрэгтэй. Зардал танах тал дээр Улаанбаатар хотод том оврын автомашин унаж болохгүй гэж байгаа. 13 дэд сайд байгаа. Би хувьдаа дэд сайд байвал хэрэгтэй гэж боддог. Ер нь төсөвт байгууллагуудын зардал буурсаар байгаа. Цаашдаа төрийн албанд ажиллаж байж хүний амьдрал шийдэгдэх бус хувийн салбарт ажиллахыг чухалчлах бодлого барих хэрэгтэй” гэх мэтээр өнөөдөр тулгамдаж буй олон асуудлыг ярьжээ.

Л.Гүндалай: Би анх улс төрд хөл тавихдаа юу ч мэдэхгүй, ямар ч зорилгогүй орж ирж байсан

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай нэг хэсэг олны анхаарлын төвд байж байгаад сонгууль өнгөрмөгц нам жим болсон. Харин саяхан түүний гэрт хулгайч орж, үнэ бүхий олон зүйлийг нь авч одсон талаар хэвлэлийнхэн онцолж байв. Тэгвэл тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Улс төрөөс холдохыг бодохгүй байна. Яагаад гэвэл надад мэдлэг, туршлага бас нас байна. Тиймээс би улс төрийн хувьд “тэтгэвэр"-т гарах болоогүй ээ.

Гэхдээ улс төр хийж байна гээд хэн нэгэн хүнийг, аль нэг намыг муулаад, үе үе хэвлэлийн баатар болох сонирхол алга. 2020 оны сонгуульд өрсөлдөнө. Би хэлсэн шүү дээ. Улс төрд зодгоо тайлах болоогүй гэж. Амин хувиа хичээгээд явбал улс төрд оролцоод байх сонирхол надад алга. Үр хүүхэд, гэр бүл, сайхан амьдрал, орон гэр, унах унаа гээд бүх юм надад байна. Хүн бүрийн улс төрд орох сонирхол өөр байдаг. Би анх улс төрд хөл тавихдаа юу ч мэдэхгүй, ямар ч зорилгогүй орж ирж байсан. Одоо бол улс орон, ард түмнийхээ төлөө сэтгэл зүрх гаргаад ажиллах юмсан гэсэн бодол байдаг.

Би Ардчилсан намд орох өргөдөл өгөөд, маргааш нь буцаагаад авчихсан. За больё гэж бодсон” хэмээн ярьжээ. Мөн “Би олны анхаарлыг татах гэж хичээдэггүй. Байгаагаараа л байдаг. Эрдэнэтэд очиход хэдэн нөхдүүд миний хэлсэн үгийг гуйвуулаад байхаар нь тэдэнд хандаад “Чацга царайлаад айгаад байгаа бол харьж унт” гээд хэлчихсэн юм. Гэтэл тэр үгийг илтэд гуйвуулсан л даа. “Буян”-гийн Б.Жаргалсайхан бол тэр үед өөрөө нэвтрүүлгийн цагаасаа хоцорч ирсэн хүн. Тэгээд миний цаг дээр орж ирээд, хажуугаар өөр юм яриад байсан.

Цаг барьдаггүй, тэгээд бусдын цаг дээр орж ирээд яриад байхаар нь жаахан эгдүүцээд Б.Жаргалсайхан бид хоёрын хэн нь урд зүгийн хүмүүстэй адилхан байна вэ гэдгийг харуулахыг хүссэн. “Монголоороо байгаасай” дууны тухайд энэ дууг дуулъя  гэж эртнээс бодож яваад дуулсан. Миний дуу тийм олон хүнд хүрнэ гэж бодоо ч үгүй. Би хичээвэл илүү сайн дуулж чадна. Сайхан унтаж амраад, хоолой сайхан үед торохгүй дуулна. Гэхдээ тухайн үед илүү сайн дуулахыг хүсээгүй юм. Би ямар мэргэжлийн хүн биш. Дундаж хэмжээний дуулахад болно биз дээ гэж бодоод нэг их хичээгээгүй. Дональд Трамптай өөрийгөө адилтгаж ярьсан минь үнэн.

Тэр хүний талаар би бага зэрэг мэднэ. Ардчилсан намд элсэх гэж байсан тухайн үед сонгуульд ялагдаад, намын даргаа ч сонгоогүй байсан үе юм. Тэр үед Ерөнхийлөгчийн сонгуулийн асуудал эрт байсан. Би ерөөсөө тэр тухай бодоогүй юм байна. Зүгээр л Ардчилсан намыг хүнд хэцүү үед нь дэмжээд авъя гэж бодсон. Би ямар Ардчилсан намыг эрх мэдэлтэй байх үед нь элсээд, гудамжинд гарсан хойно нь гаръя гэсэн биш, ямар. Эрх мэдэлтэй үед нь гараад, гудамжинд гарсан үед нь оръё, үйл ажиллагааг нь дэмжье гэсэн” гэх мэтээр ярьсан байна. Харин гэрт нь хулгай орсон талаар “Шинэ жилээр гадагшаа яваад ирэхэд хулгай орсон байна билээ. Манай гэрт хүнд хэрэг болохоор юм юу л байв гэж дээ. Хэдэн хуучин хувцас, мөнгөн аяга авсан байна лээ” гэсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.