Хэрэглэгчийн эрхийг зөрчиж буй үйлдлийн талаар судалгаа явуулна

Хэрэглэгчийн эрхийг зөрчиж буй үйлдлийн талаар судалгаа явуулна

“Хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийг угтан өнгөрсөн баасан гарагт Шадар сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг хандлага 2017” зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болов. Хэлэцүүлэгт ШӨХТГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ-ын төлөөллүүд үйл ажиллагаагаа танилцуулж, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр санал бодлоо солилцсон юм.

Хэрэглэгчгүйгээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага байхгүй юм. Тиймээс дэлхийн бүх байгууллага “Хэрэглэгч бол хаан” гэсэн ганц зарчмыг баримтлан ажилладаг гэдгийг ШӨХТГ-ын дарга Б.Лхагваа онцлов. Тэрбээр, “Манай байгууллага хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. ШӨХТГ хяналт, шалгалт хийж, аж ахуйн нэгжид торгууль, шийтгэвэр ногдуулах бус хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бодлого, хууль, тогтоомжийг сурталчилан таниулах, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах замаар хэвийн хэвшил болон төрийн харилцан ойлголцлыг бэхжүүлэхээр ажиллаж байгаа. Тухайлбал, өнгөрсөн оны есдүгээр сард “Номин Холдинг” компанитай хамтран “Хэрэглэгчээ сонсоё” нээлттэй өдөрлөг, аравдугаар сард 50 гаруй аж ахуйн нэгжийг хамруулсан “Хэрэглэгчээ дээдэлсэн бизнесийн хөгжил” хэлэлцүүлэг зохион байгуулсан” гэлээ.

Тус байгууллага иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, шуурхай шийдвэрлэх зорилгоор “1284” төв байгуулсан. Уг төвд энэ оны эхний сард 213 өргөдөл ирсэн байна. Өргөдлийн 36 хувь нь орон сууц, нийтийн аж ахуйн, СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой байсан бол үлдсэн хэсэг нь худалдаа үйлчилгээний салбарт хамаарч байгаа юм. Иргэдийн өргөдөлд дүгнэлт хийхэд үйлчилгээний байгууллагууд нь санамсаргүй, хариуцлагагүй байдлаасаа болж хэрэглэгчдийг хохироох, хохирлыг нь барагдуулдахгүй байх, санал хүсэлтэд нь шуурхай хариу өгдөггүй зэрэг нийтлэг зөрчил давамгайлсан байна.

Тиймээс ШӨХТГ-аас 2017-2018 онд улсын хэмжээнд бүх салбарт үзлэг, хяналт шалгалт явуулах, Засгийн газрын ивээл дор хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үндэсний зөвлөгөөн зохион байгуулах, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон Өрсөлдөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруу­лах зэрэг ажлыг зохион байгуу­лахаар төлөвлөж байгаа аж.
Харин үнэт цаас, даатгал, хадгалж зээлийн хоршооний үйл ажиллагаанд хяналт тавьдаг Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-нд иргэдийн хувьцааг зөвшөөрөлгүй арилжаалсан, ногдол ашиг өгдөггүй, даат­галын байгууллагууд жолоо­чийн эрсдлийн нөхөн төлбөр олгодоггүй зэрэг өргөдөл түлхүү ирдэг байна

. Тус байгууллага 2013 онд нийт 813 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг байсан бол одоо 2077 болж нэмэгджээ. Тиймээс санхүүгийн салбартай холбоотой хууль, тогтоолуудад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага тулгарч байгааг СЗХ Хяналт шалгалт, зохицуулалтын хэлтсийн дарга Б.Ариунаа танилцууллаа. Уулзал­тын төгсгөлд УИХ, Зас­гийн газар болон хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ТББ-ууд, аж ахуйн нэгжүүдэд ханд­сан зөвлөмж гаргав. УИХ, Засгийн газарт

Хэрэглэгчийн эрхийг хамгаалан тухай болон холбогдох бусад хууль, тогтоомжийг шинэчлэн найруулах, ШӨХТГ-ын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгож, орон нутагт орон тооны улсын байцаагч ажиллуулахыг зөвлөв. Харин ТББ-уудад төрийн байгууллагуудтай ажил хэргийн харилцаа, холбоогоо сайжруулах, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдтэй идэвхтэй хамтран ажиллах, хэрэглэгчийн эрхийг зөрчиж буй үйлдлийн талаар судалгаа явуулахыг зөвлөсөн байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон бусад хуулийг чанд мөрдөх, хэрэглэгчийн бодит мэдээллээр хангах, санал хүсэлт хүлээн авах алба байгуулах, ажил үйлчилгээний чанар, аюулогүй байдлыг хангахыг аж ахуйн нэгжүүдэд зөвлөлөө.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.